
“Cancel culture”-ийг хамгийн сайн үйлддэг өмнөд солонгосчуудын ээлжит шүүмжлэлийн бай нь “Starbucks Korea” боллоо.
Өнгөрсөн сарын 18-нд “Tank Day” нэртэй шинэ аягануудаа танилцуулах сурталчилгааг цацсан нь БНСУ даяар шүүмжлэл дагуулж, Starbacks нэрийн аягануудаа хагалж хаях, салбаруудаар нь үйлчлүүлэхээс татгалзах, гишүүнчлэлээ цуцлах зэрэг олон хэлбэрээр өрнөж байна.

Гванжугийн ардчиллын хөдөлгөөн буюу Өмнөд Солонгосын түүх, улс төрийн хамгийн эмзэг дурсгалт өдрүүдийн нэгийг сурталчилгаандаа мэдрэмжгүйгээр ашигласан нь магадгүй маркетингийн туйлын бараан жишээ болон түүхэнд бичигдэх бололтой.
1980 оны тавдугаар сарын 18. Чоннам үндэсний их сургуулийн үүдэнд 200 орчим оюутан цугларч цэргийн дэглэмийг халж ардчилсан засаглалд шилжихийг шаардан эсэргүүцлийн жагсаал эхлүүлэв. Тухайн үеийн Ерөнхийлөгч Чун Ду Хваны тушаалаар Агаарын десантын 7 дугаар бригадын 33, 35 дугаар батальоны 686 цэрэг ирж жагсагчид болон хажуугаар өнгөрч буй хүмүүсийг бороохойдон, бууны жадаар жадалж жагсаалыг тараахыг оролдож байв. Иргэд хүчирхийлэлд дургүйцсэн тул жагсагчдын тоо хурдацтай өсөн 1980 оны тавдугаар сарын 20-ны өдөр гэхэд 10 000 хол давжээ. Иргэдийн тоо өсөхтэй зэрэгцэн цэргийнхний харгислал ч нэмэгдэж байлаа. 21-ний өдөр мөргөлдөөн дээд цэгтээ хүрч өдрийн 13:00 минутын орчимд цэргийнхэн Чоннам мужийн захиргааны урд цугларсан 300 000 орчим иргэд рүү гал нээн олон хүний амь эрсэдсэн нь гэрэл зураг, бичлэгээр баримтжин үлджээ. Оройны 17:30 минут. Цагдаа нар хоёр хөнгөн пулемётыг барьж, хотын төв талбайгаас ухарч эхэлсэн босогчдын эсрэг гал нээлээ. Агаарын десантын 3 болон 11 дүгээр бригад, 20 дугаар мотобуудлагын дивиз, 31 дүгээр явган цэргийн дивизийн цэргүүд зэрэг бүх цэргүүд нэмэлт хүч иртэл хотын зах руу ухарчээ. 1980 оны тавдугаар сарын 23-ны өдөр цэргүүд хотоос Живон-дун руу зугтахыг оролдсон автобус руу гал нээн 18 зорчигчоос 15-ыг нь хөнөөж, шархадсан хоёрыг нь цаазлав.

Тавдугаар сарын 22. Вонже усан санд усанд орж байсан эсэргүүцлийн жагсаалтай огтхон ч хамаагүй эгэл хөвгүүд рүү цэргүүд гал нээн нэг хүүгийн аминд хүрчээ. Энэ өдрийнхөө орой цэргүүд бие бие рүүгээ андуурч гал нээн 13 цэрэг амиа алдав.
Цус урсгасан хэлмэгдүүлэлтийн тухай мэдээ тархах тусам ойролцоох бүс нутгуудад Засгийн газрын эсрэг жагсаал өргөжин Хвасун, Нажу, Хаенам, Мокпо, Ёнам, Ганжин, Муан зэрэг бүс нутгуудад ч эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж эхэллээ. Ес хоног үргэлжилсэн аймшигт мөргөлдөөний эцэст 162 энгийн иргэн амь үрэгдэн, 2600 гаруй хүн шархадсан гэдэг ч бодит хохирогчдын тоо үүнээс ч олон гэгддэг. Хохирогчдын дунд буудуулж эсвэл эрүү шүүлтэд өртөн нас барсан хүмүүс олон байлаа. Энэ жагсаал Солонгосын ардчиллын хөдөлгөөний гол өдөөгч хүчин болсон байдаг.
Олон иргэний амь нас, цусаар бичигдсэн бараан өдрийг тохиолдуулан гаргахдаа мэдрэмжгүй хандаж “Tank Day” гэх нэрийг ашигласан нь, сурталчилгаанд англиар ойролцоогоор “Ширээн дээр “так!” гэсэн чимээтэй тавь” гэж орчуулагдах үг хэллэг ашигласан нь, оюутан, идэвхтэн Пак Жончулыг эрүүдэн шүүж аминд нь хүрсэн хэргийг тайлбарлахдаа цагдаа нарын хэрэглэсэн “Бид ширээ цохиход тэр амьсгаа хураасан” гэх өөрсдийгөө өмөөрсөн утгагүй мэдэгдлийг санагдуулсан нь шүүмжлэлийг бүр хурцатгав.
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён ч тус компанийн энэхүү сурталчилгааг шүүмжилж “Хохирогчид болон цуст тэмцлийг доромжилсон хэрэг. Тэр өдөр хэчнээн хүн амиа алдаж, манай улсын шударга ёс, түүхэнд ямар их хор хөнөөл учруулсныг мэдсээр байж яагаад ингэв” хэмээн цахим хуудастаа бухимдлаа илэрхийлжээ.
“Starbucks Korea”-ийн гүйцэтгэх захирлыг ажлаас нь халж, “Shinsegae Group”-ийн тэргүүн олон нийтээс биечлэн уучлал гуйсан ч ганцхан долоо хоногт 26.3% борлуулалтын уналт, 5.3–5.8 сая ам.долларын алдагдал, брэндийн нэр хүндийг навс унагасан явдлыг засаж чадсангүй.
Энэ мэт гунигтай, жигшүүртэй маркетингийн түүх олон.

2018 он. Хар арьст хүүхдэд “Coolest Monkey in the Jungle” гэсэн хүүдий өмсүүлэн сурталчилгаа хийсэн нь H&M брэндийг колоничлол, арьс өнгөөр ялгаварласан гэх шүүмжлэл дагалдав. Өмнөд Африк зэрэг оронд байх тус брэндийн дэлгүүрүүдэд халдаж, зарим салбараа хаахад хүрсэн юм. The Weeknd, G-Eazy зэрэг алдартнууд H&M-тэй хамтран ажиллахаа албан ёсоор цуцалсан. Энэ хэрэг нь загварын салбарт олон талт байдал, соёлын мэдрэмж дутагдаж байгааг харуулсан томоохон жишээ болжээ. Ашиг олох ёстой байсан сурталчилгаа нь эсрэгээрээ эргэснээр 2018 оны эхний улиралд тус компанийн үйл ажиллагааны ашиг 62 хувиар унаж, зарагдаагүй үлдсэн барааны хуримтлалын дүн 4.3 тэрбум ам.долларт хүрчээ.
2018 он. Колоничлол, барууны соёлын дээрэнгүй хандлагыг илэрхийлсэн уг сурталчилгаанд хятад эмэгтэй Италийн хоол болох пиццаг савхаар идэж буйгаар дүрсэлжээ. Ингэснээрээ хятадын соёлыг “хоцрогдсон, инээдтэй” мэт харуулаад зогсохгүй бүхэл бүтэн тивийн хооллох соёлыг доромжилсон юм.
Үр дүнд нь Хятадад “D&G”-г эсэргүүцсэн бойкот өрнөв. Шанхай хотод зохион байгуулагдахаар төлөвлөгдсөн “The Great Show” нь цуцлагдав. Хятад, Хонгконгийн алдартнууд эсэргүүцэж буйгаа илэрхийлцгээв. Брэндийг үүсгэн байгуулагчид болох Стефано Габбана, Доменико Долче нар мэдэгдэл хийн Хятадын соёлд хайртай, хүндэтгэлтэй ханддагаа илэрхийлэн мандарин хэлээр “Уучлаарай” хэмээн хэлсэн ч алдаагаа засаж чадсангүй.
Асуудал үүгээр дууссангүй агаад Хятадын Алибаба группийн Tmall, JD.com, Secoo, Net-a-Porter, VIPshop зэрэг онлайн худалдааны платформууд D&G брэндийн барааг устгаж, борлуулалтаасаа хассан.
Зөвхөн Хятад, Хонгконг дотор эсэргүүцэл өрнөөд зогсохгүй хятад жуулчид Милан дахь төв “D&G”-ийн дэлгүүрээр үйлчлүүлэхгүй байх хөдөлгөөн өрнүүлсэн нь том цохилт болжээ. Дэлхийн тансаг эдлэлийн зах зээлийн гуравны нэг нь Хятад улсад ноогддог тул италичууд ийнхүү буулт хийхээс аргагүйд хүрсэн юм. Гэвч “D&G” Хятадын зах зээлд эзлэх байр суурь нь 2018 ондоо төдийгүй 2019 онд ч үргэлжлэв. Тус брэндийн зүгээс Хятадын зах зээлээс хэдий хэмжээний алдагдал хүлээснээ зарлаагүй ч эдийн засгийн шинжээчид алдагдлыг 400 орчим сая еврод хүрнэ гэж тооцоолсон байдаг.
“Weibo”, “Instagram”, “TikTok”-т бойкот явагдаж алдаа нь бүс нутаг, тивээс халин дэлхийн хэмжээний хямрал болсон. “D&G”-ийн зүгээс Ази-Номхон далайн бүсийн эзлэх хувь 25-аас 22 хувь болж буурсан, цаашид ч буурах байх гэж болгоомжилж буйгаа мэдэгджээ.
2022 он. Balenciaga Gift Shop кампанит ажлын сурталчилгааны зурагт секс боолчлолын агуулга бүхий өмсгөлтэй бамбаруушин цүнх барьсан хүүхдүүдийг харуулжээ. Эротик агуулгатай, “BDSM”-ийг сурталчилсан хэмээн бухимдсан хэрэглэгчид Balenciaga брэндийн бүтээгдэхүүнүүдээ хайчилж, шатааж, хог дээр хаяж тус брэндээс татгалзаж буйгаа сошиал сүлжээгээр цацаж эсэргүүцэв. Twitter, TikTok, Reddit зэрэг сошиал платформуудаар #cancelBalenciaga, #BalenciagaGate гэсэн хаштаг бүхий эсэргүүцлийн хөдөлгөөн хүчтэй өрнөлөө.
Компанийн зүгээс уучлалт гуйж бүх платформоос сурталчилгааг даруй устгасан ч байдал намжсангүй. Балэнсиагааг тойрсон балаг дуусах нь бүү хэл газар авч эхэллээ. Хоёр хэсэгтэй кампанит ажлын нөгөөх нь болох Холливүүдийн оддын оролцсон “Office” хэв маягтай зураг авалт гал дээр тос нэмжээ. 2008 онд хэлэлцэгдэж байсан “United States v. Williams” буюу хүүхдийн садар самуун сурталчлах нь үг хэлэх эрх чөлөөгөөр хамгаалагдсан эсэхийг хянан үзсэн АНУ-ын Дээд шүүхийн шийдвэртэй холбоотой бичиг баримтыг зураг авалтдаа багтаасныг гярхай хэрэглэгчид тогтоолоо. Balenciaga хүүхдийн бэлгийн хүчирхийллийг өөгшүүлж, аюулгүй байдалд нь халдаж байгаа гэсэн шүүмжлэл “эсэргүүцлийн хэрэг”-т нэмэгдэв. Жүжигчин Изабель Хуппертын оролцсон зураг авалтын ширээн дээр бельги зураач Майкл Борремансын ном багтчихжээ. Майкл Борреманс тайган, эсвэл гаргүй, хөлгүй хүүхдүүдийг өөрийн бүтээлүүдэд ихээхэн багтаадаг төдийгүй 2017 онд гаргаж байсан “Fire from the Sun” хэмээх цувралд нь цусанд будагдсан нүцгэн хүүхдүүд хүний тасарсан үе мөчөөр тоглож буйгаар дүрсэлсэн байдгийг ч “эргэн санав”. TikTok контент бүтээгч @ marcbaigent хүүхэд оролцсон сурталчилгааны зураг дээрээс Сатаныг тахин шүтэх үзлийг дэлгэрүүлэх баримтууд нэмж олов. Зурагт багтсан шар туузан дээр Balenciaga брэндийн нэрийг Baalenciaga хэмээн бичжээ. Санамсаргүй, санаатай аль алдаа нь тодорхойгүй ч Баал гэдэг нь харгис шүтээн бөгөөд түүнийг шүтэгчид эрт үед хүүхдээр тахил өргөдөг байсан гэнэ.
Гай газар дороос гэгчээр ахин нэг баримт дэлгэгдлээ. Balenciaga тэргүүтэй тансаг брэндүүдийг эзэмшигч Kering корпорацын гүйцэтгэх захирал, тэрбумтан ФрансуаАнри Пиногийн Christie’s дуудлага худалдааны мутацид орсон биетэй нүцгэн хүүхдүүдийн нүүрэн дээр эрэгтэй, эмэгтэй бэлэг эрхтнийг дүрсэлсэн манекенийг өндөр үнээр зардаг нь илчлэгдэв. “Balenciaga”-гийн ганц сурталчилгаа дэлхий даяар тансаг зэрэглэлийн брэндүүдийг үгүйсгэх, эсэргүүцэх байдлыг нэмэгдүүлсэн хүчтэй хөдөлгөөн болсон юм.
Balenciaga брэнд “Lyst Index”- ийн “хамгийн эрэлттэй тансаг зэрэглэл”-ийн топ 10-аас анх удаа гарч, алдартнууд, инфлюнсерийн гэрээнүүдээ ч алдаж, хамтран ажиллах “од”-гүй болж байв. Алдагдал нь 25-100 сая ам.доллар болсон гэж шинжээчид тооцдог ч бодит тооцоо нь тэрбумаар хэмжигдэхүйц гэж үздэг эдийн засагчид ч бий.
Kering 2022 оны IV улиралд Balenciaga орсон бүлгийн орлого 4 хувиар буурсан гэж мэдэгдсэн нь нэг бүдэрвэл долоо бүдэрнэ гэгчийн том жишээ, анхааруулга болсон юм.