
Хүний эрхийн үндэсний комиссоос Сар шинийн баяраар зарим аймагт хурдан морины уралдаан зохион байгуулсантай холбоотой мэдээлэл хийлээ.
ХЭҮК-ын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаяр "Хоёрдугаар сар гараад хөдөө орон нутагт хурдан морины уралдаан, сунгаа зохион байгуулж эхэлсэн. Жил бүрийн 11 дүгээр сараас тавдугаар сарыг хүртэл энэ төрлийн үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглодог байсан. Харин 2025 оны нэгдүгээр сард тус тогтоолд өөрчлөлт оруулж, өвөл, хаврын улиралд 18 хүртэлх насны хүүхдээр хурдан морь унуулахыг хориглосон байдаг. Гэвч хурдан морины үсэргээ, сунгаанд хүүхэд оролцож байгаа тохиолдол тасралтгүй гарсаар байна. Хамгийн сүүлд Хөвсгөл аймгийн Галт суманд хурдан морины ажил хийж байсан унаач хүүхэд амь насаа алдсан харамсалтай тохиолдол гарсан. Мөн Төв аймгийн Сэргэлэн суманд хурдан морины үсэргээний шинжтэй үйл ажиллагаа болсон.
Хориглосон хугацаанд хурдан морины уралдаан, үсэргээ, уралдаан зохион байгуулахгүй байх зөвлөмжийг бүх шатны байгууллагад хүргүүлж ирсэн. Хориглосон хугацаанд нутаг дэвсгэрт нь хурдан морины үсэргээ болсон, Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг орон нутагтаа хангаж ажиллаагүй нэр бүхий зургаан аймгийн 11 сумын Засаг даргад хариуцлага тооцсон. Сүүлийн 10 жилийн хугацаанд 46 хүүхэд хурдан мориноос унаж нас барсан. Хориглосон хугацаанд 22 хүүхэд хурдан морь унаж нас барсан. Мөн 52 хүүхэд мориноос унаж гэмтлийн зэрэг тогтоолгосон" гэв.