
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Энхтайвны Зөвлөл Хамас болон Газын зурвас дахь бусад зэвсэгт бүлэглэлүүдийг бүрэн зэвсэггүй болгох тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдэв.
Хамасын өндөр албан тушаалтан BBC-д өгсөн ярилцлагадаа Газын зурваст бүрэн зэвсэг хураах Энхтайвны Зөвлөлийн төлөвлөгөөг зөвшөөрсөн бөгөөд удахгүй албан ёсны мэдэгдэл гаргана гэжээ. Израиль одоогоор тайлбар хийгээгүй байна.
Д.Трампын Truth Social сүлжээндээ бичсэн тайлбараар зэвсэг хураах үйл явц бүрэн дууссаны дараа Израилийн цэрэг Газын зурвасаас гарах юм. Түүнчлэн Олон улсын тогтворжуулах хүчин (ISF) болон Палестины цагдаагийн шинэ алба бүс нутгийн аюулгүй байдлыг ханган ажиллах аж.
Зуучлагч Египет, Катар, Турк улсуудын оролцоотойгоор хийгдсэн тохиролцооны дагуу тун удахгүй Газын зурвасыг мэргэжилтнүүдээс бүрдсэн Палестины шинэ засаг захиргаа удирдана.
Хамас бүлэглэлийн төлөөлөгч болон Египет дэх хэлэлцээнд ойр эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Палестины тал зэвсгээ хураалгах агуулгатай төлөвлөгөөний эцсийн хувилбарыг хүлээн зөвшөөрсөн байна. Харин Израилийн Засгийн газрын талаас уг мэдэгдэлтэй холбогдуулан одоогоор албан ёсны байр суурь илэрхийлээгүй байна.