
МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр өглөө хуралдсан. Тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар Удирдах зөвлөлийн хурлаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл өгөхдөө "Намын дарга УИХ-ын даргад хэрхэн нэр дэвшүүлснээ танилцуулсан. Олон улсад туршлагатай гишүүнээ спикерээр сонгодог. Үүний дагуу олон удаа сонгогдсон туршлагатай хүмүүстэйгээ намын дарга уулзаж ярилцсан гэдгээ хэллээ. УИХ-ын даргад С.Амарсайхан, С.Бямбацогт нарыг нэр дэвшүүлсэн. С.Амарсайхан гишүүн Удирдах зөвлөлийн хурал эхлэхийн өмнө нэрээ татаж байгаагаа мэдэгдсэн. С.Бямбацогтыг Удирдах зөвлөлийн гишүүдийн 100 хувийн саналаар УИХ-ын даргад нэр дэвшүүллээ" гэсэн юм. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Амарсайхан сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Тэрээр "МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга хариуцлагагүй зүйл ярьж болохгүй. Би нэр дэвшээгүй байж ямар юмныхаа нэрийг татах юм бэ. "Нэр дэвших үү" гэж асуусан. Би нэр дэвшихгүй гэдгээ хэлсэн" гэв.