УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Ерөнхий сайд Г.Занданшатар танхимаа бүрдүүлэхдээ Үндэсний хороодыг ахалж байсан яамгүй сайд нарыг томилохгүй байхаар шийдвэрлэсэн юм. Үүний дагуу өмнөх Засгийн газарт яамгүй сайд нарын хариуцаж байсан ажлыг дараах байдлаар сайд нарт хариуцуулахаар төлөвлөжээ.Тэрээр энэ талаар танилцуулахдаа
"Баялгийн сангийн асуудал, төрийн үйл ажиллагааны нэгдсэн байдлыг хангах бодлого, төрийн бүтээмж, нээлттэй засаглалын түншлэлийн асуудал, хөгжлийн бодлого төлөвлөлтийн баримт бичиг, Засгийн газрын үйл ажиллагааны хэрэгжилтэд хяналт тавих ажлыг Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайдад,
Хууль, тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн биелэлтэд хяналт тавих асуудлыг ЗГХЭГ-ын даргад,
Хилийн бүс дэх тээвэр, логистикийн нэгдсэн сүлжээг хөгжүүлэх, хилийн боомтын хөгжлийн бодлого төлөвлөлт, хилийн боомт болон стратегийн ордуудыг холбосон дэд бүтцийн бүтээн байгуулалтыг Сангийн сайдад,
Хотын хэт төвлөрлийг сааруулж нийгмийн үйлчилгээг 20 минутын дотор авах хүнд ээлтэй шинэ орчин нөхцөлийг бүрдүүлэх бодлого зохицуулалт, авто замын түгжрэлийг бууруулах асуудлыг Хот байгуулалт, барилга, оронсууцжуулалтын сайдад хамааруулахаар хуулийн төсөлд тусгалаа" гэв.