
Өмнөх нийтлэлээрээ 2025 онд гарсан Монголын утга зохиолын онцлох бүтээлүүдийг танилцуулсан бол энэ удаад монгол хэлнээ дуун хөврүүлэгдсэн номуудыг нэрлэж байна.
Хүүрнэл зохиол
-660x0.png)
Милан Кундера “ИНЭЭД ХИЙГЭЭД МАРТАХУЙН НОМ”
Хэвлэлийн газар | Болорсудар
Орчуулагч | Б.Сувддулам
Улс төрийн уран егөө, хүний аж төрөхүйн дотоод эрх чөлөөг гаргууд хөндсөн Милан Кундерагийн “Инээд хийгээд мартахуйн тухай ном” романыг уншин суухуй. Энэ ном бол улстөрчид болоод дарангуй засаглалын эсрэг ухамсартаа хурц үг, сэтгэлдээ эх оронч үзлийг зэвсэг болгосон эсэргүүцэл бус чимээгүйхнээр егөөдөж, байгаа онож чадсан оюун ухааны цогтой тэмцэл байв.
Романы дүрүүд бүгд ямар нэг байдлаар хэлмэгдэгсэд. Тэд эх орноосоо гадуурхагдаж, хавчигдсан, оршихуйгаасаа зугтсан, татгалзсан. Эцэст нь эх орноо санагалзаж, зарим нь урвагч гэж цоллуулсан, тэгээд бүхнийг мартсан. Тэгэхээс ч өөр аргагүй. Дурсамж нь амьд боловч түүх тэднийг санахгүй. Эрх баригчид тэднийг хэдийнэ бүх иргэдийн ухамсраас арчиж хаясан.
Салман Рушди “ШӨНӨ ДУНДЫН ХҮҮХДҮҮД”
Хэвлэлийн газар | CHIMEE паблишинг
Орчуулагч | Г.Сугиррагчаа
Өнөө цагийн дэлхийн уран зохиолд гарцаагүй жин дарах зохиолчдын тоонд Салман Рушди багтана. Түүний намтар ч мөн адил зохиол бүтээлийнхээ баатруудын хувь заяатай зарим талаараа ижил. Нэрийг нь дэлхийн уншигчдад анхлан таниулсан Салем Синайгийн түүх буюу “Шөнө дундын хүүхдүүд” роман монгол хэлнээ хөрвүүлэгдсэн нь манай орны утга зохиолын ертөнцөд гарсан онцлох үйл явдлын нэг байв.
Салем Синай бол өгүүлэн буй түүхийнхээ зөвхөн гэрч төдий бус харин тод тодорхой илрэл нь болдог дүр. Түүний гэмтэл, эдгэрэл, хоёрдмол байдал, өвлөсөн шид, дотоод дахь зөрчил зэрэг нь тусгаар тогтносон боловч цаашид ч сөргөлдөөн үл тасрах шинэ улсын хувь заяаны бэлгэдэл мэт... Түүнтэй хамт төрсөн ер бусын чадвартай хүүхдүүд бол үндэстний найдвар, сайхан ирээдүй хийгээд гажуудал, доройтлын зөгнөл байдаг. Салемийн бусдыг сонсож, далдыг мэдрэх увидас нь нийт үндэстний зөв совин. Эдгээр хүүхдүүд үндэстнээ аврах баатрууд биш. Харин ч тэдгээрийн бие эрхтэнд ямар нэгэн өөрчлөлт гарах бүрд нийгмийн гажуудал болж, төрийн тогтолцоо задран унаж, хилийн сөргөлдөөн үүсдэг. Тэгээд ч эдгээр хүүхдүүд хоорондоо эв нэгдэлтэй оршдоггүй нь амбиц, эрх мэдэл, гарал үүсэл, шашин шүтлэгээс болж хэрхэн эх орон минь улам улмаа доройтож түүндээ цаг хугацаа өнгөрөх тусам шигдэж байна вэ гэх Рушдигийн эмзэглийн илрэл болно.
Тэр ийнхүү постмодерн романы цогц шинжийг бүтээхдээ түүхийг хүний биеэр дамжуулан бичжээ. Салем Синай бол түүхийн алдаа, төрийн системийн гажуудлын нотолгоо хийгээд бусад хүүхдүүд шашин шүтлэг, үндэстний хоорондын хагарлыг илтгэнэ. Салемийн яриа юмс хэрхэн үнэнээс холуур гуйвсан болохыг илчилж, хэн бүхэн энэ талаар дуугарч, үгээ хэлэх боломжтой гэдгийг сануулдаг.
Хан Ган “ГРЕК ХИЧЭЭЛ”
Хэвлэлийн газар | Монсудар
Орчуулагч | Б.Энхзул
Өөрийн бие, эрхтний сул дорой байдлаас хязгааргүй үргэлжлэх, цаг мөч бүрд эмтрэн унаж буй оршихуйн чимээгээ сонсвол хүн хэрэх вэ? Улам чимээгүй, улам аниргүй. Хан Ганы “Грек хичээл” бол тун ч эмзэг агаад хүлцэн тэвчиж, хэчнээн бэрх хэцүүг ч жирийн өдрүүдийнхээ хэмнэлээр туучдаг дүрүүдтэй зохиол. Гол дүрүүдийн харилцаа, нам гүмхэн өрнөх зөрчлүүдийн яг зааг дээр нь зохиол цааш үргэлжлэх үйл явдлын гол агуулгыг нууцалдаг.
Ийнхүү дуу хоолойноосоо хагацсан эмэгтэй ба өдөр ирэх тусам гэрэлт ертөнцөөс алсран холдож буй, хараа нь муудсаар байгаа залуугийн учрал, эгэл жирийн хоёр хүний битүүхэн ганцаардал, далд шаналлаар холбогдсон харилцаа, орчин цагийн хүмүүсийн амьдралд тулгардаг оршихуйн хямрал, экзистенциализмын асуудлыг өргөнөөр хөндсөн, гүн ухааны утга санаагаар баялаг бүтээл гэвэл энэ номыг хэлнэ.
Андрей Курков “СААРАЛ ЗӨГИЙНҮҮД”
Хэвлэлийн газар | Тагтаа
паблишинг
Орчуулагч | Б.Дэлгэрмаа, Т.Осормаа
“Саарал зөгийнүүд” бол эдүгээ дэлхийн улс төрийн зөрчил мөргөлдөөний хамгийн эмзэг цэг болоод буй Орос, Украйны зөрчлийг халуун шугамаас нь уудлан бичсэн, чингэхдээ уран сэтгэмж, бараан хошигнол, гашуун егөө сэлтээр мөнхүү зөрчлийн наад цаадхыг ухахдаа ухаж, эерүүлэхдээ эерүүлж чадсан тун онцгой бүтээл юм. Андрей Курков өөрөө Орост төрсөн, орос хэлээр бичдэг, украйн зохиолч мөний хувьд асуудлыг аваа өгөөтэй, тэнцвэртэйгээр бичжээ.
Урьд нь хөдөлмөрийн аюулгүй байдлын байцаагч байгаад эдүгээ зөгийчин болсон Сергей Сергеич бол хэдэн зөгийдөө тоос цуглуулах тайван бэлчээр олж өгөхөөс илүүг үл хүсэх, жирийн номхон иргэн. Гэхдээ Сергеич байнгын суртал ухуулга, түрэмгийллийн халуун гал дунд хуйхлагдан буй Украинд амьдардаг хүн. Зөгийнүүддээ цэцгийн тоос цуглуулах бэлчээр олж өгөх гэсэн энгийн хэрэгцээ нь түүнийг бүс нутгийн улс төрийн мөргөлдөөний хамгийн халуун цэг рүү хөтөлж, хилийн хоёр талаас бие бие рүүгээ давшлан буй салан тусгаарлагчид, Оросын булаан эзлэгчид болоод Крымийн татааруудын дунд хутгалдахаас аргагүйд хүргэнэ.
Тагтаа паблишинг
Херман Хэссэ “ДЕМИАН”
Хэвлэлийн газар | RITM
паблишинг
Орчуулагч | Н.Өнөржаргал
Германы суут зохиолч Хермэн Хэссэгийн гар хүрсэн бүхэн дэлхийн уран зохиолд жинтэй хувь нэмэр оруулна. Түүний бичсэн туурвил бүхнээс амьдралын гүн ухаан, тухайн нийгмээс олж харсан жир бус мэдрэмжүүд уншигчийн дотор нэгэн зэрэг мэдрэгддэг. “Демиан” бол Эмил Синклэйрийн залуу насны түүх юм. 1919 онд анх хэвлэгдсэн уг ном нь зохиолын түүхийг өгүүлэгчийн нэрээр хэвлэгдсэн боловч хожим Хэссэгийн бүтээл болох нь илэрч арав дахь хэвлэл дээр албан ёсоор зохиолчийн нэрийг тавьж байжээ.
XX зууны үгийн урлагийн мастеруудын нэг, Герман болоод дэлхийн нөлөө бүхий зохиолчийн уг тууж бол амьдралын утга учир, уран бүтээлчийн оюун санааны эрэлхийлэл, хайр, биднийг хүрээлэн буй хүмүүсийн мөн чанар зэрэг бодитоор оршихуйгаа мэдэрч, амьгүй юмсын оршихуйг ч мэдрэхүйгээрээ бий болгож чаддаг бүхний дотрыг уудлан нээж, дотооддоо уусгах шидтэй бүтээл. Ерөөс Хэссэгийн бүтээлүүд хүний оюун санааг механик хөдөлгүүр хэмээн зүйрлэвэл эрэг боолт нь дутаагүй, зэвэнд идэгддэггүй, үргэлжид мөнхийн хөдөлгөөнтэй тэрхүү аварга механизмийн бүрэн гүйцэд ажиллагааны үр дүнд төрдөг шиг санагдана.
Хүлио Кортасар “ЧАРТАА”
Хэвлэлийн газар | Болорсудар
Орчуулагч | Б.Алтангэрэл
Бас л онцгой сайхан чимээнүүдийн нэг. Гэхдээ Кортасарын эл романыг ойлгоно, түүний гүнд буй гялалзсан эрдэнүүдийг түүнэ гэдэг жинхэнэ оюуны хөдөлмөр сорьсон ажил агаад Рушди болоод Борхесийн эх адаггүй хүүрнэлүүдийн дунд бэдчихээс илүүтэй толгой эргүүлнэ. Ном ч өөрөө урьд, хожид байгаагүй туйлын онцгой зохиомжтой хийгээд хоёрдугаар дэвтрийг нь яг л рубик шоо шиг эвлүүлж унших ёстой. Үгүй аваас нэгдүгээр дэвтрийн адил ямар нэгэн бүрэн гүйцэд хүүрнэлийн цогц утга санаа бий болохгүй.
Зохиолч Г.Аюурзана монгол хэл дээрх орчуулгын өмнөтгөлд “Урлагт ч бай, амьдралд ч бай, адармаатай зүйл гайхамшигтай байх нь ерөнхийдөө ховор. Кортасарын энэ зохиол бол харин мөнхүү ховор зохицлын онцгой биелэл гэмээр бүтээл” хэмээн дурджээ. Зарим талаар тус романд буй урт өгүүлбэрүүд Борхесийн орооцолдсон, мэдлэгээр “зодож” урласан бичлэгийн хэлбэрийг санагдуулна.
Садэх Хядаяат “СОХОР ШАР ШУВУУ”
Хэвлэлийн газар | AUM паблишинг
Орчуулагч | Б.Минжбадамгарав
Зохиолын сюрреалист өнгө аяс, хар бараан метафизик бүхэлдээ давамгайлсан өгүүлэмжийн гүнд юу нуугдаж, хар тамхинд мансуурсан зураач залуу өдөр хоногийг хэрхэн амиа тэвчихээс өөр аргагүйд шаналан зүдэж, харанхуйд тэмтрэн буйд чухам уншигчдын өөрсдийнх нь төсөөлөл хамгийн сайн хариултыг өгөх болов уу. Ямартаа ч тус зохиолын уншигчдыг хамгийн их эргэлзээнд хөтөлдөг зүйл бол бичлэгийн этгээд өнгө аяс, хүүрнэлийн цоо шинэ арга барилыг хослуулсан өгүүлэмж нь юм. Гол дүрийн залуу үнэхээр амиа хорлохын өмнө эл бүгдийг дурсан, сэтгэлээ түр ч атугай амраахын тулд наманчилж байна уу, эсвээс тэр нэгэнтээ өөрийгөө бүрэлгэчихээд бүгчим, харанхуй авсан дотор эхнэрийнхээ цогцсыг ажин хэвтэх сүнс нь эдгээрийн өгүүлэв үү гэдэгт оршино.
1937 онд хэвлэгдсэн уг бүтээл эх орондоо болон дэлхийн зарим улс оронд зургаан жилийн турш “хориотой ном”-ын жагсаалтад байсан билээ. Мөнхүү франц, англи, герман зэрэг дэлхийн 32 хэлээр орчуулагджээ. Үүгээрээ Ираны гадаад хэл дээр хамгийн олон удаа хэвлэгдсэн номын жагсаалтыг тэргүүлдэг байна. Садэх Хедаяат арав гаруй тууж, роман, хэд хэдэн жүжгийн зохиол бичсэнээс гадна Франц Кафкагийн “Хувирал”, “Цайз”, Жан Поль Сартрын “Хана”, Чехов болон Ги Де Мопассаны өгүүллэгүүд, Райнер Мария Рилькэ, Эдгар Погийн яруу найргаас эх хэл рүүгээ орчуулжээ.
Хуан Рулфо “ПЕДРО ПАРАМО”
Хэвлэлийн газар | Монсудар
Орчуулагч | Б.Пүрэвсүрэн
Рулфогийн “Педро Парамо” орчуулагдсан нь үнэхээр “гайхалтай” явдал шүү. Үүнээс өөр онцгой тохиолдолд эл үгийг ашиглаж үнэ цэнгүйдүүлэхгүй сэн билээ. Гэвч энэ удаад бол яг тохирно. Анх уг номыг англи хэл дээрх орчуулгаар нь уншихад л бичлэгийн онцгой хэлбэр, уран дүрслэлүүд нь сэтгэл татаж билээ. Рулфогийн эх орон болох Мексикийн тухай бодуут бүхий л ард түмний төсөөлдөгчлөн морь унасан кобвой эрс, модон лангуун дээрх текилла, үхэгсдийн баярын өдөр, Майягийн эртний соёл санаанд бууна. Рулфо тэдгээрээс үхэгсдийн баяр, кобвой эрсийн морин дэл дээр салхи залгилан хийсэх эрх чөлөөг чухалчлан үздэг байсан нь илт. Тийнхүү тэр Комала тосгон буюу үхэгсдийн хотыг бүтээжээ. Комала бол яг л Макандо шиг бодитоор оршдоггүй газар. Гэхдээ бидний ухамсар гээч нь бодитоос илүү бодит зүйл мөн бол эдгээр тосгод ч үүнтэй ижил гэх сэтгэлээр зохиолд хандахад буруудах зүйлгүй.
Харамсалтай нь Комала бол хот биш гэж хэлмээр байгааг минь хүлцэнэ үү. Тэр газар бол хүний сэтгэлийн цөхрөл, уналт, шаналалын туйл дахь орон зайн биелэл билээ. Газрын хөрс нь хуурайшиж, халуу шатсан газарт дусал чийг нэвчих нь зөвхөн нүгэлтний нүднээс унасан нулимс байх болно. “Педро Парамо” бол үхэл дунд өрнөсөн амьдралын тухай роман. Эцгээ олохоор Комала руу очих гол дүрийн аялалаас эхлээд л ямар нэгэн жигтэй ертөнц рүү алхаж буйгаа мэдэрнэ. Тэнд амьд, үхсэн хоёрын зааг ялгаа үгүй агаад зүүд, бодит ахуй нэгэн шугамд давхацсан хөрст газар та хөл тавина.
Уран зохиолын бус ном
-660x0.png)
Карло Ровелли “ЦАГ ХУГАЦАА ОРШДОГГҮЙ”
Орчуулагч | ТОМё БОДё
Бид яагаад ирээдүйг бус өнгөрснийг санадаг вэ? Цаг хугацаа "урсана" гэж юуг ойлгох вэ? Бид цаг хугацаа дотор оршдог уу, эсвэл цаг хугацаа бидний дотор оршдог уу? Италийн физикч, зохиогч Карло Ровелли уг бүтээлээрээ дамжуулан уншигч биднийг цаг хугацааны мөн чанарын тухай асуултуудыг сонирхолтойгоор эргэцүүлэх боломжийг олгожээ.
Түүний товч тодорхой төдийгүй ойлгомжтой хүүрнэсэн өнгө аяс нь харьцангуйн ерөнхий онол, квант механик, сансрын онол, термодинамик зэрэг ээдрээтэй, хэцүү ухагдахууныг хялбархан ойлгоход танд тусална.
Жак Уэтерфорд “ДАЛАЙН ХААН: ХЯТАДЫГ ҮНДЭСЛЭГЧ ХУБИЛАЙ СЭЦЭН”
Орчуулагч | Ш.Номиндарь
Чингис хаан хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн агуу гүрнийг байгуулсан хэдий ч далай тэнгист гараагүй билээ. Харин түүний ач хүү Хубилай хаан Хятадыг нэгтгэж, Юань гүрнийг үүсгэн байгуулж асан 1279 оны үед монголчууд дэлхий дээрх хамгийн хүчирхэг усан флотыг хянаж байсан юм. Далай хаан номд Хятадыг захирч, далайг эрхшээхээр ирсэн нэгэн нүүдэлчний бишрэм аяныг нарийвчлан зураглаж буулгасан болно.
Хубилай Сэцэн хаан бол дэлхийн түүхэн дэх хамгийн гайхамшигтай удирдагчдын нэг. Тэрээр цуут ордондоо Исламын шашинт математикч, инженерүүдийг урин авчирснаар тэд орчин үеийн газрын зураг, анхны байлдааны хөлөг онгоцнуудыг зохион бүтээсэн билээ. Хэдэн удаагийн гашуун ялагдлын дараагаар Хубилай Хаан далайн Торгоны Замыг шинээр үүсгэн байгуулсан нь Зүүн Азийг тэр чигээр нь хувьсгаж, худалдаа арилжаа болон дипломат харилцааны алтан үеийг нээж өгсөн ажгуу. Түүний төр улс Хятадыг олонлог шинжит, гадагшаа хандсан төдийгүй цаасан мөнгө, гадаад худалдаа өргөжин дэлгэрсэн эдийн засгийн дэвшилтэт улс болгон хувиргасан юм.
Мураками Харүки “БУЙД ХАРЬ НУТГААР”
Орчуулагч | О.Жаргалсайхан
Мүраками 1990, 2000-аад онд Мексик, Япон, Америк, Хятад, Монгол зэрэг орнуудаар аялсан аяллын тэмдэглэлээ “Буйд, харь нутгаар” нэртэйгээр ном болгон хэвлүүлж байв.
Зохиолч Дорнод аймгийн нутагт, Халхын голын байлдаан болсон газарт очсон тухайгаа “Номунханы төмөр оршоох газар” бүлэгтээ өгүүлжээ. “Буйд, харь нутгаар” аян замын тэмдэглэл ном “Нэпко” хэвлэлийн газраас, Мүракамигийн “Торгон цэргийн хороон даргын аллага”, “1Q84”, “Эрэг дээрх Кафка” зэрэг номын орчуулагч О.Жаргалсайханы дуун хөрвүүлгээр уншигчдад хүрчээ.
Карл Саган “КОСМОС”
Орчуулагч | Д.Энхтүвшин, А.Доржпалам
“Космос” бол хүн төрөлхтөн, соёл иргэншил, шинжлэх ухаан хэрхэн харилцан хамааралтай үүссэн бэ гэдгийг хамгийн өргөн хүрээнд тайлбарлахыг зорьсон тун сонирхолтой бүтээл.
Гараг судлах зорилгоор илгээгдсэн сансрын хөлгүүд, эртний Александриагийн номын санд хийгдэж байсан судалгаанууд, амьдралын үүсэл, нарны мөхөл, галактикийн хувьсал, материйн гарал, одод ба Дэлхийн тухай уг номд өгүүлнэ. Түүнчлэн өөр гараг дээрх амьдралын тухай хамгийн сүүлийн үеийн баримтууд, харийн соёл иргэншилтэй хэрхэн холбоо тогтоож болох вэ гэдэг асуудлыг ч хөнджээ.
Билл Хэйтон “ХЯТАДЫГ ЗОХИОСОН НЬ”
Орчуулагч | О.Гомбожав
Зүүн Азийн түүх Хятадын түүх юм шиг, бусад улс, ард түмэн тэр түүхийн “жижиг хэсэг” маягаар бичигдэх болоод уджээ. Өнгөрснийг үзэх тийм үзлийг засаж залруулахын тулд зохиогч Билл Хэйтон энэхүү номоо бичжээ.XIX зууны сүүл, XX зууны эхэн үеийн тухай судлах тусам Манжуудын толгойлж байсан олон угсаатны Чин улсыг Хятадын националист хөдөлгөөн хэрхэн түлхэн унагасныг улам сайн ойлгосон тэрбээр тэрхүү хөдөлгөөнийг тулж байсан үзэл санаануудын хэчнээн нь Барууны сэтгэгчдээс зээлсэн санаа болохыг олж мэдсэн аж. Иймд бүрэн эрх, түүх, угсаа, үндэстэн гэдэг ойлголтуудыг гаднаас авч, дотоодын дэмжлэгээ босгохдоо хэрэглэж байсан тухай энэ номд өгүүлнэ. Угсаа, үндэстний тухай XIX зууны Европын үеийн үзэл санаа одоо тэндээ үйлчлэхээ больсон. Гэтэл одоо ч харин Хятадын национализмын үндэс суурь болсоор байна.
Түүнчлэн Зүүн Азийн ард түмний хоорондоо найрсаг харилцаатай байхад тулгараад буй сорилтын цөөнгүй нь өнгөрсний талаарх тодорхой үзлүүдээс үүдэлтэй гэж үзэхийн дээр түүхээ, тэр түүхийн цаана буй үзэл санааг сайн ойлгосноор хүмүүс хоорондоо илүү сайн ойлголцож болох билээ.
Хүүхдийн уран зохиол
-660x0.png)
Тина Озиевицзын “МЭДРЭМЖҮҮД ЮУ ХИЙДЭГ ВЭ?”
Таны мэдрэмжүүд чөлөөт цагаараа юу хийдэг вэ? Сонирхолтой асуулт байгаа биз. Та хүүхдүүдээсээ ингэж асуувал тэд хэрхэн хариулах бол. Өөрсдийн зан араншин, мэдрэмжийг биетээр, бодит зүйлээр төсөөлөн бодож, аль мэдрэмж нь хүнд аз жаргалыг хүртээж байдаг тухай тунгаагаад нэг үзье. Энэ тухай таны хүүхдэд хамгийн чухал үйлдэл, бодол сэтгэхүйн талаар мэдлэг олгох Тина Озиевицзын “Мэдрэмжүүд юу хийдэг вэ?” зурагт номыг Монсударын хүүхдийн номын “Жангар” редакцаас албан ёсны эрхтэйгээр орчуулан гаргажээ. Тус номын зургуудыг Александр Заиац зурсан бөгөөд тэрээр үлгэр домгийн дүрүүдийг өөрийнхөө төсөөлөл, уран сайхны өнцгөөр гарамгай илэрхийлдэг уран бүтээлч юм.
Бидний дотор байдаг баяр хөөр, аз жаргал, уур, ичгүүр, сониуч зан гээд бүхий л төрлийн мэдрэмжүүд амьтай, өөрсдийн хийх дуртай үйлдэл, төрөлхөөс заяагдсан чадвартай байдаг байна. Тэдгээрийн амь оруулбал хэрхэх байсан бэ? Энэ талаар ямар нэгэн онцгой санаа, ид шидтэй адил төсөөллийн баялаг ертөнцийг зохиолч Тина Озиевицз бий болгосон нь “Мэдрэмжүүд юу хийдэг вэ?” зурагт ном юм.
Марианна Дюбүк “УУЛЫН ОРГИЛ ӨӨД”
Хатагтай Дорго ням гараг бүр Чихрэн оргилд гарах бөгөөд тунчиг энэрэнгүй сэтгэлт нэгэн. Тэрээр уул гарах замдаа оргил өөд гарч үзэх хүсэлтэй бяцхан муур Лүлүтэй танилцан, түүнтэй нөхөрлөнө. Тэд олон ням гарагийн турш хамтдаа ууланд гарч, хатагтай Дорго Лүлүд мэдлэг туршлага, нууцаасаа хуваалцана. Аажимдаа Лүлү хатагтай Доргод тусалдаг нэгэн нь болсон байх бөгөөд нэг л өдөр хатагтай Дорго ууланд гарахаа больдог. Ингээд цаг хугацаа өнгөрөх тусам Чихрэн оргил Лүлүгийх болж хувирна.
Зохиолч, зураач Марианна Дюбүк усан будаг, өнгийн харандааны зөөлөн, энгийн ажиллагаагаараа Лүлүгийн аялалд тохиох зүйл бүрийг нарийн детальтайгаар зохиомжлон тун чадварлаг зураглан харуулжээ.
Э.Б.Уайт "ШАРЛОТТЫН ТОР"
Америкчуудын сэтгэлд хоногшсон хүүхдийн номын нэг. Энэ бол Уилбур нэртэй бяцхан гахайг хайрладаг Ферн гэх бяцхан охин болон Уилбуртай хамт саравчинд амьдардаг, түүний дотнын найз үзэсгэлэнт том саарал аалз Шарлотт А. Каватика нарын тухай түүх юм. Шарлотт гайхалтай ухаалаг төлөвлөгөө болон ямар нэг ашиг хонжоо байхгүй л бол хэний ч төлөө юу ч хийдэггүй Темплетон хархны тусламжтай Уилбурын амийг аврах агаад энэ хугацаанд Уилбур ч өсөж торнин том гахай болно.
Зохиолч Уайтын өгүүлэх түүх ийнхүү эхэлдэг. Энэ бол ферм дээрх хүүхэд насны ид шидийн тухай түүх юм. Хотын баатарлаг бяцхан хулгана Стюарт Литтлийг хайрладаг мянган мянган хүүхдүүд энэ удаад аалз Шарлотт, гахай Уилбур, тэдний хэлийг ойлгож чаддаг бяцхан охин Ферн нартай учран дахин нэг гайхамшигт ертөнцөөр аялна.
Ким Фупс Оакесон “МИНИЙ ӨВӨӨ СҮНС БОЛЧИХЖЭЭ”
Бага насны хүүхдэд үхэл, айдас, хайр, хагацал зэрэг амьдралын чухал өнцгүүдийг уран сайхны хэлбэрээр тайлбарласан хөөрхөн шинэ агуулга бүхий ном. Данийн зохиолч Ким Фупс Окесон, зураач Ева Эриксон нар бүтээжээ.
Энэхүү номд өвөө нь гэнэт нас барсан Эсбен хэмээх бяцхан хүүгийн тухай өгүүлдэг. Ээж нь түүнд өвөөг нь сахиусан тэнгэр, харин аав нь тэр дэлхий болсон гэж тайлбарладаг байв. Гэвч тэд хоёул андуурчээ. Учир нь гэнэт нэг шөнө Есбен өвөөгөө хувцасны шүүгээн дээр гараад суусан байхыг хараад мэл гайхав. Өвөө яг юу болох, яагаад надад харагдаад бусад хүнд харагдахгүй байгааг олж мэдэхийг хүснэ.
Б.Алтанхуяг