
Үнийн өсөлт бол “далд татвар”
Идэхээ багасгаж, өмсөж зүүхээ хойш тавьж, хэмнэх боломжтой бүхнийг хэмнэвч олсон хэд нь иргэдийн амьдралд хүрэлцэхгүй байна.
Үнийн өсөлт өрх бүрд дарамт болж, цалин, тэтгэвэр нэмэгдсэн ч нэмэгдсэний ашиг тус нь амьдралд мэдрэгдэхгүй нь. Дөрвөн жилийн циклээр бүхнээ төлөвлөдөг, сонгуулийн л алсын хараатай энэ улсад сонгуулийн жилээр юмны үнийг эргэн харъя. УИХын гишүүд 126-уулаа болсон 2024 оны сонгуулиас хойш хүнсний үнэ хэрхэн өсөв. Бүрэн эрхийн хугацаа нь талаасаа өнгөрсөн 126 гишүүн, хоёр ч удаа Засгийн газраа огцруулсан эрх баригчид бидэнд ямар амьдралыг бүтээж өгөв.
Үндэсний статистикийн хорооны сайтаас нийслэлийн хүнсний гол нэр болон бензин түлшний 7 хоногийн үнийн мэдээг 2024 оны арваннэгдүгээр сарын 4 болоод 2026 оны арваннэгдүгээр сарын 2-ны өдрийн үнэтэй харьцуулав. Ердөө хоёр жилийн хугацаанд нэг литр ургамлын тосны үнэ 6332 төгрөгөөс 12105 төгрөг болж, 91.2 хувиар, нэг килограмм ямааны мах 8278 төгрөгөөр буюу 77.7 хувь, хонины мах 10275 төгрөгөөр буюу 72.9 хувь, үхрийн цул мах 13122 төгрөгөөр буюу 64.2 хувиар тус, тус нэмэгджээ.

Хонон өнжин дугаарлаж авч буй өнөөх АИ-92 автобензин литр тутамдаа 1202 төгрөгөөр буюу 50.3 хувь, дизелийн түлш 2560 төгрөгөөр буюу 81.5 хувиар өсжээ. 92 олдохгүй болохоор аргаа ядахдаа авч буй өнөөх үнэтэй евро-92 бензиний үнийг ҮСХ тоож ч судалдаггүй байв. Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ хоёр жилийн дотор ийнхүү өссөнийг доорх хүснэгтээс дэлгэрэнгүй харж болно.
Дээр дурдсан өргөн хэрэглээний 29 нэр төрлийн бүтээгдэхүүнийг 2024 оны арваннэгдүгээр сард худалдан авахад 159 мянган төгрөг хэрэгтэй байсан бол 2026 оны мөн үед 229 мянган төгрөг хэрэгтэй болж байна. Яг адил бүтээгдэхүүнийг худалдан авах зардал сонгуулийн нэгэн циклийн талд нь буюу хоёр жилд 43.7 хувиар нэмэгджээ.

Монгол Улсын нэг өрхийн сарын дундаж нийт орлого 2026 оны хоёрдугаар улирлын байдлаар 3.5 сая төгрөгт хүрчээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 191.3 мянган төгрөгөөр буюу 5.8 хувиар өссөн үзүүлэлт юм. Гэвч үнийн өсөлтийн нөлөөг тооцож үзвэл өрхийн бодит орлого эсрэгээрээ буурсан байна. Үндэсний статистикийн хорооны “Өрхийн орлого, зарлага” тайлангийн 2026 оны хоёрдугаар улирлын дүнгээр нэг өрхийн сарын дундаж бодит нийт орлого 2.75 сая төгрөг болжээ. Энэ нь 2025 оны мөн үеэс 137.9 мянган төгрөгөөр буюу 4.8 хувиар, өмнөх улирлаас 132.7 мянган төгрөгөөр буюу 4.6 хувиар тус, тус буурсан үзүүлэлт юм. Өөрөөр хэлбэл, өрхийн орлого мөнгөн дүнгээрээ нэмэгдсэн ч бараа, үйлчилгээний үнийн өсөлтийг гүйцэж чадаагүй байна. Энэ нь орлого өссөн мэт харагдавч бодит үнэ цэн нь багассаныг харуулж буй хэрэг юм.
Ардчилсан намын Бодлогын ерөнхий зөвлөлийн дарга Д.Амарбаясгалан
Инфляц бол зүгээр нэг статистик үзүүлэлт биш. Энэ бол иргэдийн хөдөлмөрөөрөө олсон мөнгө, хуримтлалын бодит үнэ цэнийг өдөр бүр бууруулдаг үзэгдэл. Үнийн өсөлт бол “далд татвар”. Цалин, тэтгэвэр хэдэн төгрөгөөр нэмэгдсэн нь бус тэр мөнгөөр хэдий хэмжээний бараа, үйлчилгээ авч чадаж байгаа нь иргэдийн амьдралын бодит хэмжүүр юм.
Монгол Улсын нэг өрхийн сарын дундаж нийт зарлага 2026 оны хоёрдугаар улирлын байдлаар 3.27 сая төгрөгт хүрчээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 178.8 мянган төгрөгөөр буюу 5.8 хувиар өссөн үзүүлэлт юм.
Гэвч үнийн өсөлтийн нөлөөг хасаж тооцвол өрхийн бодит зарлага өмнөх оны мөн үеэс 4.8 хувиар буурсан байна. Үндэсний статистикийн хорооны “Өрхийн орлого, зарлага” тайлангаас үзэхэд нэг өрх сард дунджаар 873.7 мянган төгрөгийн хүнсний бүтээгдэхүүн хэрэглэж байна. Хүнсний хэрэглээний зардлыг ангилж үзвэл хамгийн их мөнгө мах, махан бүтээгдэхүүнд зарцуулагддаг аж. Тодруулбал, нэг өрх сард дунджаар 383.3 мянган төгрөгийн мах, махан бүтээгдэхүүн хэрэглэж байгаа нь нийт хүнсний хэрэглээний зардлын 43.9 хувийг эзэлж байна. Үүний дараа үр тариа, гурил, гурилан бүтээгдэхүүнд 139.8 мянган төгрөг буюу 16 хувь, сүү, сүүн бүтээгдэхүүн, өндгөнд 109.1 мянган төгрөг буюу 12.5 хувь, хүнсний ногоонд 56.2 мянган төгрөг буюу 6.4 хувийг зарцуулж байна. Эдгээр дөрвөн төрлийн хүнс нийт хүнсний хэрэглээний зардлын 78.8 хувийг бүрдүүлж байгаа юм. Харин жимс, самарт сард 37.1 мянган төгрөг, элсэн чихэр, амттанд 29.2 мянган төгрөг, төрөл бүрийн өөх, тосонд 25.8 мянган төгрөг, цэвэр ус, ундаа, жимсний шүүсэнд 23.7 мянган төгрөг, цай, кофенд 14.3 мянган төгрөгийн зардал ногдож байна. Хүнснээс гадна өрхүүд сард дунджаар 254.8 мянган төгрөгийг тээврийн хэрэгслийн шатахуун, засвар үйлчилгээнд, 240.8 мянган төгрөгийг хувцас, гуталд, 237.4 мянган төгрөгийг үйлчилгээний зардалд зарцуулдаг аж. Түүнчлэн боловсролд 167.4 мянган төгрөг, эм, эмнэлгийн хэрэгсэл, үйлчилгээнд 155.2 мянган төгрөг зарцуулж байна.
Дээр дурдсан зардлаас хоёрхон тоогоор жишээ авъя. Сардаа жимс, самарт зарцуулж буй нь 37.1 мянган төгрөг гэжээ. Энэ мөнгөөр зөвхөн нэг удаа жимс авахад торны тал хүрэхгүй. Цай кофенд сард зарцуулж буй 14.3 мянган төгрөгөөр дундаж үнэтэй кофе шопт хоёр аяга кофе ч авч хүрэхгүй нь. Монголчуудын амьдралын төрх нэг иймэрхүү л байна. Эдгээр зардлаас гадна өрхүүдэд зээлийн дарамт нэмэгдэнэ. Өрхүүдийн зээл улам нэмэгдсээр буй бөгөөд 2026 оны хоёрдугаар улирлын байдлаар нэг өрхийн сарын дундаж зээлийн эргэн төлөлт 723.8 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 92.5 мянган төгрөгөөр буюу 14.7 хувиар өсжээ.
Инфляц бүх өрхийн түрийвчийг нимгэлдэг ч өрх бүрд ижил дарамт учруулдаггүй. Г.Рагчаасүрэн, Б.Цолмон нарын 2015 оны “Өрхүүдэд учрах инфляцын дарамт” судалгаанд дурдсанаар хүнсний зардал өндөртэй, орлого нь үнийн өсөлтийг гүйцэхгүй байгаа өрхүүдэд инфляц илүү эмзэг тусдаг байна. Учир нь орлого багатай иргэдийн хувьд үнийн өсөлт тансаг хэрэглээнээсээ татгалзах тухай бус өдөр тутмын хоол хүнсээ хүргэх тухай асуудал болж хувирдаг. Үүнийг Үндэсний статистикийн хорооны 2026 оны хоёрдугаар улирлын тайлангийн тоон мэдээлэл ч харуулж байна. Хамгийн бага орлоготой 20 хувийн өрхийн хүнс худалдан авах зардал нийт мөнгөн зардлынх нь 28.8 хувийг эзэлж байгаа бол хамгийн өндөр орлоготой 20 хувийн өрхийнх 17.3 хувь байна. Ийм нөхцөлд хүнсний үнэ өсөхөд чинээлэг өрхүүд бусад хэрэглээгээ танах боломжтой бол бага орлоготой өрхүүдэд хэмнэх зүйл байхгүй. Инфляцын хувь хүн бүрд ижил сонсогдож болох ч түүний төлөөс ядуу өрхүүдэд ийнхүү хүнд тусаж байна. Үнийн өсөлт цаашид өндөр хэвээр байвал 30 жил тогтвортой байсан ядуурал улам тогтвортой өсөн нэмэгдэх нь. Харамсалтай нь эдийн засагч нар оны төгсгөлд инфляц улам нэмэгдэхийг анхаарууллаа.

Өнгөрсөн долоо хоногт ҮСХноос инфляц 13.4 хувьд хүрснийг танилцуулсан. Монголбанкны зорилтот түвшнээс 5.4 нэгж хувиар давлаа. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2026 оны 10 дугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 13.4 хувиар, өмнөх сараас 1.1 хувиар тус, тус өсөв. Хүнсний бүлгийн үнэ бүр 19.8 хувьд хүрлээ. Задлаад харвал, барааны бүлгийн үнэ 14.3 хувь, үйлчилгээний бүлгийн үнэ 11.1 хувь, хүнсний бүлгийн үнэ 19.8 хувь, хүнсний бус бүлгийн үнэ 11.0 хувиар тус, тус өсжээ. Юунаас болж инфляц өсөв гэхээр өнөөх л хүнс жин дарж байна.
Инфляцад бараа, үйлчилгээний бүлгүүдийн үнийн өсөлтийн оролцоо
Хүнсний бараа, ундаа, ус 5.4%
Согтууруулах ундаа, тамхи 0.2%
Хувцас, бөс бараа, гутал 1.1%
Орон
сууц, ус, цахилгаан, түлш 0.6%
Гэр
ахуйн тавилга, бараа 0.4%
Эм, тариа, эмнэлгийн үйлчилгээ 0.5%
Тээвэр 2.8%
Холбооны хэрэгсэл, шуудангийн үйлчилгээ 0.1%
Амралт, чөлөөт цаг, соёлын бараа, үйлчилгээ 0.1%
Боловсролын үйлчилгээ 1.2%
Зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээ 0.5%
Даатгал, санхүүгийн үйлчилгээ 0.1%
Бусад бараа, үйлчилгээ 0.6%
Үнийн өсөлт улам бүр галзуурч хил гааль хаалттай байсан цар тахлын үед дүйж очсоныг эдийн засагчид сануулж эхэллээ. Мөн оны эцэст бүр ч өсөн нэмэгдэхийг санууллаа.
Эдийн засагч Н.Энхбаяр
2021 онд ковидын улмаас гадаад худалдааны тээвэрлэлт тасалдаж саатсан жил инфляцын түвшин 13.8 хувьд хүрч байсан бол түүнээс хойш 5 жилийн дараа 2026 оны 10-р сарын байдлаар инфляцын түвшин 13.4 хувьд хүрч өслөө. Оны эхний 7 сарын байдлаар хэрэглээний барааны үнийн өсөлт 13 хувьд хүрч байсан бол өнгөрсөн хоёр сарын хугацаанд бензин шатахууны үнийн өсөлтийн улмаас инфляц буурсангүй, оны эхний 10 сарын байдлаар 13.4 хувьд, үүний дотор хүнсний барааны бүлгийн үнийн инфляц 19.8 хувьд хүрээд байна. Одоогийн нөхцөл байдал, бензин шатахууны үнийн цаашдын өсөлтийн хандлагаас үзвэл оны эцэст инфляцын түвшин 14.0-14.5 хувьд ч хүрэх өндөр магадлалтай.
Инфляц ийнхүү галзуурч байхад Оюу толгойгоос олох гурван их наяд төгрөгийг иргэдэд бэлнээр хуваарилах тухай санал яригдаж эхэллээ. Үнийн өсөлтөд нэрвэгдсэн иргэдэд мөнгө өгөх нь дэмжлэг мэт харагдавч зах зээл дэх эрэлтийг нэмэгдүүлж, нийлүүлэлт түүнийг гүйцэхгүй нөхцөлд үнийг улам өсгөх эрсдэлтэй. Эцэст нь иргэдэд өгсөн мөнгөний бодит үнэ цэн буурч, амьжиргаанд үзүүлэх үр нөлөө нь богино настай үлдэнэ.
Сангийн сайд З.Мэндсайхан
Засгийн газар гурван их наяд төгрөгийг оруулаад ирлээ гэхэд, үүнийг иргэдэд бэлэн мөнгө хэлбэрээр тарааж өгвөл инфляц 2-3 хувиар өснө. Эргээд эдийн засаг, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө. Тиймээс миний хувьд бэлэн мөнгө тараахгүй гэдэг байр суурьтай байгаа. Ямартай ч эхлээд гурван их наяд төгрөгөө оруулж ирэх нь чухал.
Иргэдийн амьжиргааг сайжруулах бодлого нэг удаагийн мөнгөн дэмжлэг, цалин, тэтгэврийн нэмэгдлээр үр дүнд хүрэхгүй байгааг бид хангалттай харлаа, мэдэрлээ.
Нэмсэн цалин нь үнийн өсөлтөд идэгдэж, тараасан мөнгө нь хэдхэн өдрийн хэрэглээнд зарцуулагдаад дуусдаг энэ тойргоос гарах цаг болоогүй гэж үү.
Үйлдвэрлэл, нийлүүлэлт нь өсөөгүй зах зээлд мөнгөний нийлүүлэлтийг огцом нэмэгдүүлэх нь эргээд үнийн өсөлтийг өдөөдөг. Үүнийг ойлгоход эдийн засгийн нарийн онол, том судалгаа ч хэрэггүй болтлоо бид хангалттай олон жилийг өнгөрүүллээ.
Үнэ өсөхөөр цалин нэмнэ, цалин нэмэхээр дахиад үнэ өснө. Сонгууль дөхөхөөр мөнгө тараана, сонгууль өнгөрөхөөр иргэд өссөн үнэтэйгээ үлдэнэ. Ийм богино хугацааны шийдвэрүүдээр амьжиргааг дээшлүүлэх гэж оролдсоор уг шалтгааныг шийдэх цаг хугацаа, боломжоо алдсаар байна. Дотоодын үйлдвэрлэлээ дэмжиж, бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлж, импорт болон тээвэр, шатахууны үнийн савлагаанаас хамаарах эмзэг байдлаа бууруулахгүйгээр инфляцтай тэмцэнэ гэдэг хэзээ ч боломжгүй. Үүнд нэг удаагийн шийдвэр бус сонгуулийн дөрвөн жилээс давсан бодлого хэрэгтэй. Угтаа иргэдэд тараах мөнгөний хэмжээгээр бус үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, бий болгосон ажлын байр, нэмэгдсэн бодит орлогоор төрийн бодлогын үр дүнг хэмжих учиртай.