Байгалийн аниргүй, дөлгөөн орчил дунд бид уур амьсгалын өөрчлөлтийг зөвхөн температур нэмэгдэх, мөсөн уулс хайлах, далайн түвшин дээшлэх зэрэг үзэгдлээр төсөөлдөг байв.
Гэвч энэ өөрчлөлт хүний бие махбодид, тэр дундаа бидний амьсгалын зам, дархлааны системд хэрхэн нөлөөлж буйг анзаарах цаг иржээ. Цаг уурын өөрчлөлт, харшлын тархалт хоёр хоорондоо сэтгэл түгшээхүйц хэлхээ холбоотой болохыг шинжлэх ухаан улам бүр нотолсоор.
Хаврын салхи улиасны хөвөн тээж, зуны халуунд шарилжны тоос хөөрч, намар ирэхэд амьсгалахад ч амаргүй болдог болсон нь зүгээр л байгалийн жам гэж эндүүрч болох. Үнэн хэрэгтээ энэ бол уур амьсгалын өөрчлөлт бидний бие махбодийн дархлаанд, уушгинд, тэр ч байтугай сэтгэлд хүрч ирсний бодит нотолгоо юм. Харшлын сүүдэр урьдынх шиг зөвхөн улирлынх байхаа больж, байнгын урилгагүй зочин мэт амьдралд орж ирлээ.
Дэлхийн дулаарал ургамлын тоосонцрын агууламжийг нэмэгдүүлдэг
2016 оны арваннэгдүгээр сард Австралийн Мельбурн хотод орсон шиврээ бороо хэнийг ч түгшээсэнгүй. Гэвч оройдоо гэнэт олон зуун хүн амьсгалын дутагдалд орж, яаралтай түргэн тусламжийн утас ачааллаа дийлэхгүйд хүрэв. Тэр үдэш Мельбурнд 10 хүн харамсалтайгаар амь насаа алдаж, хэдэн мянган хүн багтрааны шинж тэмдгээр хүнд өвдсөн аж. Гэнэтийн өвчлөлийн шалтгаан нь “аадар борооны астма” хэмээн шинжлэх ухаанд цоо шинээр бүртгэгдсэн онцгой үзэгдэл байлаа.
Аадар борооны үед хүчтэй салхи, их хэмжээний чийгшилтэй агаар ургамлын тоосонцрыг буталж, нарийн бичил хэсгүүдэд хуваан агаарт тараадаг. Эдгээр бичил хэсгүүд нь ердийн тоостой харьцуулахад хүний уушгинд илүү гүн нэвтэрч, дархлааны хэт мэдрэг урвал үүсгэдэг байна. Мельбурны тохиолдолд шарилжийн тоос аадар борооны дараа агаар мандалд тархаж, олон мянган хүнийг зэрэг өвчлүүлсэн юм. Улмаар харшил, багтраатай өвчтөнүүдийн амь насанд ноцтой эрсдэл үүсгэжээ. Харамсалтай нь энэ явдал нэг удаагийн тохиолдол байсангүй. Мельбурн хот энэ цагаас хойш долоон удаа аянга цахилгаантай астма өвчний голомт болж байсан бол Их Британийн Бирмингемээс АНУ-ын Атланта хүртэл дэлхий даяар үүнтэй төстэй олон тохиолдол бүртгэгджээ.
Температурын өсөлт, аадар борооны эрчим, давтамжийг нэмэгдүүлснээр тоос үүсгэгч ургамлын амьдралын мөчлөгт шууд нөлөөлж буй үйл явц дэлхийн олон бүс нутагт, тэр дундаа Европ, Хойд Америк, Австрали болон Азийн зарим оронд эрчимтэй явагдаж байна. Энэ жил гэхэд АНУ-ын 39 мужид ургамлын тоосны хэмжээ олон жилийн дунджаас өндөр байх төлөвтэй.
Хүлэмжийн хийн ялгарал нэмэгдэхийн хэрээр ургамал илүү хурдан ургаж, их хэмжээний тоос үйлдвэрлэдэг. Долоо хоногт нэг удаа тоос унагадаг байсан шарилж өдөр тутам тоосоо гөвж биднээс хариугаа авдаг болсноор харшлын улирал ч мөн уртасч буй. 2022 оны нэгэн судалгаагаар энэ зууны эцэс гэхэд цэцгийн улирал одоогийнхоос 40 хүртэл хоногийн өмнө эхэлж, 15 хүртэл хоногийн дараа дуусна гэж тооцоолсон. Тэгэхээр ургамлын харшилтай хүмүүст нэмж хоёр сар зовуурь илрэх нь.
Харшил ховор өвчин биш болно
Аж үйлдвэржилт эхэлсэн үеэс хойш агаар мандал дахь нүүрсхүчлийн хий 280 ppm-аас 420 ppm хүртэл огцом өссөн нь ургамлын өсөлтөд таатай орчин болж өгсөн юм. Судлаачид CO2-ийн янз бүрийн түвшинд тодорхой төрлийн өвс ургуулж туршихад 800 ppm нүүрс хүчлийн хий агуулсан орчинд ургасан ургамлууд ердийн орчноос 50 орчим хувиар илүү тоос үүсгэдэг болохыг тогтоосон. Нүүрс хүчлийн хийгээр “тэжээгдсэн” ганцхан шарилж 1 тэрбум ширхэг тоос ялгаруулж, тоос бүрд нь харшил өдөөгч уураг илүү өндөр хэмжээгээр агуулагдах боллоо. Энэ зөвхөн биологийн үзэгдэл биш. Харин химийн урвалын нөлөөгөөр ургамал өөрийгөө хамгаалж буй хариу үйлдэл бөгөөд тэр нь хүний биед довтолгоо болон хувирдаг. Дархлааны систем гэдэг бол бидний биед байгаа “хил хамгаалагч”. Гэвч байгаль орчны нөхцөл огцом өөрчлөгдөхөд энэхүү хил хамгаалагч дайсан, найзаа ялгахаа больж эхэлдэг. Үүнээс үүдэн ургамлын тоос, хоол хүнс, амьтны үс, бүр нарны гэрэл ч хүртэл “дайсан” гэж танигдаж, харшлын урвал өдөөгддөг.
2050 он гэхэд дэлхийн нийт хүн амын талаас илүү нь ямар нэг хэлбэрийн харшилтай болно гэсэн таамаглалыг эрдэмтэд дэвшүүлсэн.
Дэлхий дахинд 1970 оны үед 10 хүн тутмын нэг нь л харшил өвчнөөр шаналдаг байсан бол 2000 оны үед 10 хүн тутмын 3 нь харшилтай болжээ. Хотжилт нэмэгдэх хэрээр харшил үүсгэгч ургамлын төрөл зүйлийн бүрдэл өөрчлөгдөж, хүн ам илүү эмзэг болж буйгаас харахад харшил мөдхөн ховор өвчлөл биш, харин нийтлэг амьдралын нэг хэсэг болох эрсдэлтэй. Хэрэв өнөөдөр уур амьсгалын өөрчлөлтөд тууштай арга хэмжээ авахгүй бол ойрын ирээдүйд харшлын улирал жил тойрон үргэлжилж, хүүхдүүд багаасаа эм, багтрааны шахуургатай “найзладаг” болох нь.
Монголд харшлын газрын зураг шинэчлэгдэв
Сүүлийн зууны турш дэлхийн дундаж температур 1.2 хэмээр нэмэгдсэн. Хуурай, тэгш өндөрлөгт орших Монгол орны хувьд энэ үзүүлэлт 2.25 хэмд хүрч, дэлхийн дунджаас даруй хоёр дахин нэмэгдсэн нь анзаарахгүй өнгөрч боломгүй аюулын дохио.
Хуурай уур амьсгал, температурын огцом хэлбэлзэл нь экосистемийг тэнцвэргүй болгож, ургамлын тархалтад шинэ боломж нээж буйг судлаачид нэгэнт анхааруулсан. Монгол орны 77 хувь нь цөлжилтөд өртсөн гэх 2023 оны тайлан бол байгаль өөрийн дотоод тэнцвэрийг алдсаны бодит жишээ юм. Энэхүү өөрчлөлтийн нөлөөгөөр улиасны тоосжилт өмнө нь зөвхөн хот орчимд тархдаг байсан бол одоо хөдөө орон нутагт илэрч буй. Аглаг уулын бүсэд ч харшил үүсгэгч ургамал дэлгэрэх болсноор Монголд сүүлийн 10 жилд харшлын шалтгаант өвчний оношилгоо хоёр дахин нэмэгдсэн байна. Улиас, шарилжаас харшилдаг байсан монголчуудын дунд саяхнаас жимс самрын харшилаас эхлээд арьсны экзе, астма багтраа элбэг тохиолдох болсон. Үүнээс шалтгаалан эмнэлгийн ачаалал, эмийн хэрэглээ огцом нэмэгдэн улмаар хүн амын сэтгэлзүйн эрүүл мэнд муудан хөдөлмөрийн бүтээмж буурах зэрэг үр дагавартай нүүр тулах эрсдэлтэй. Шийдлийн хувьд одоохондоо цаг агаарын онцгой нөхцөлтэй уялдуулан иргэдийг урьдчилан сэргийлэх мэдээ мэдээллээр хангах, ургамлын тоосны хэмжээг тогтмол хянах, хот төлөвлөлт, ногоон байгууламжийг харшил үүсгэгч ургамлаас ангид төлөвлөхийг санал болгож буй аж.
Байгаль бидэнтэй ярихдаа цас унагаж, бороо оруулдаг байлаа. Харин одоо хамар чимчигнэх, нүд загатнах, амьсгалахад төвөгтэй болох байдлаар бие махбодиор дамжин дуугарч эхэллээ. Бид байгаль орчинтой харьцах хандлагаа өөрчлөхгүй бол эрүүл мэндийн хямрал шинэ түвшинд хүрч болзошгүй. Тэгэхээр уур амьсгалын өөрчлөлт зөвхөн байгаль хамгааллын асуудал биш, харин дархлаа хамгааллын асуудал гэдгийг ойлгох цаг иржээ.