
Австралийн харьяа Антарктидын бүсийн алслагдсан арлуудад дэгдсэн шувууны томуугийн H5N1 вирусын улмаас өмнөд далайн заан хавын (southern elephant seal) мянга мянган зулзага хорогдсон болохыг шинэ судалгаа тогтоожээ.
Австралиас баруун өмнө зүгт 4000 орчим км-ийн зайд орших Херд болон МакДоналд арал бол сая гаруй далайн шувуу, хавын үржлийн нутаг юм.
Эрдэмтэд өнгөрсөн оны аравдугаар сар болон энэ оны нэгдүгээр сард цуглуулсан мэдээлэлд үндэслэн тооцоолохдоо Херд арал дахь 17000 орчим далайн зааны зулзагын 13000 гаруй нь өнгөрсөн наймдугаар сараас хойш H5N1 вирусын улмаас үхсэн гэж үзжээ. Энэ нь нийт сүргийн 75 гаруй хувьтай тэнцэж байна. Судалгаагаар мөн оцон шувуудын дунд хэвийн хэмжээнээс өндөр хорогдол ажиглагдсан байна.
Одоогоор Австрали тив нь дэлхий даяар шувуудын дунд тархаж, зарим хөхтөн амьтдад халдварласан H5N1 вирус бүртгэгдээгүй цорын ганц тив хэвээр байгаа юм.
Энэхүү судалгаа нь эрдэм шинжилгээний BioRxiv сэтгүүлд нийтлэгдсэн боловч хөндлөнгийн шинжээчдийн үнэлгээ аваагүй байна. Судалгаанд хүрэхэд бэрх арлууд дээр хийсэн дроны ажиглалт, газар дээрх судалгааны үр дүнг ашиглаж, нийт есөн зүйлийн амьтнаас дээж авчээ.
Шинжилгээгээр өмнөд далайн заан хав, Хаан оцон шувуу, Генто оцон шувуу Антарктидын үслэг хав болон Өмнөд Жоржийн шумбагч шувуу зэрэг зургаан зүйлээс H5N1 вирус илэрсэн байна.
Өнгөрсөн оны сүүлээр судалгааны экспедицийн баг хэдэн зуун үхсэн зулзага илрүүлсний дараа шувууны томуу арлуудад нөлөөлсөн байж болзошгүй талаар анхааруулга өгч байжээ. Харин энэ оны нэгдүгээр сард хийсэн нэмэлт судалгаагаар халдварын гол хохирогч нь далайн зааны зулзагууд байсан нь батлагдсан аж. Харин оцон шувуудад харьцангуй бага нөлөөлсөн байна.
Судалгааны тайланд дурдсанаар Херд арал дээрх 17364 зулзагын 13359 нь үхсэнээр зарим бүсэд хорогдлын түвшин 97 хувьд хүрчээ. Судлаачдын үзэж байгаагаар судалгаа дуусах үед ч зулзагууд үхсээр байсан тул бодит хорогдол үүнээс ч өндөр байж болзошгүй гэнэ.
Мөн хэдэн зуун нас бие гүйцсэн хаан оцон шувуу үхсэн нь нийт сүргийн хувьд бага хувь боловч хэвийн түвшнээс давсан үзүүлэлт болсон байна.
Судалгааны ахлах зохиогч, зэрлэг амьтан судлаач доктор Жули МакИннес “Херд болон Макдоналдын арлуудад H5 шувууны томуу илэрсэн нь Австралийн гадаад нутаг дэвсгэрт бүртгэгдсэн анхны тохиолдол. Уг вирус Антарктидын дэд бүс рүү зүүн чиглэлд үргэлжлэн тархаж байгааг харуулж байна” гэжээ.
Тэрээр мөн “Бидний үр дүн Өмнөд Жоржиа зэрэг бусад дэд Антарктидын арлуудын нөхцөлтэй төстэй байна. Тэнд ч далайн заан хав хамгийн их өртсөн” гэдгийг онцолсон байна.
Судалгаагаар альбатрос шувууд болон зөвхөн эдгээр арлуудад байдаг Херд арлын шад загас, хар нүүрт шийтбилл шувууны дунд хэвийн бус хорогдол илрээгүй аж.
Австралийн Байгаль орчны сайд Мюррэй Ватт энэ нөхцөл байдлыг “сэрэмжлүүлэх дохио” хэмээн тодорхойлж, вирус эх газрын Австралид нэвтрэх эрсдэлийг үл тоомсорлож болохгүйг анхааруулжээ.
“Энэ вирус Австралид нэвтрэх магадлал бодитой гэдгийг бид хүлээн зөвшөөрч, түүнд бэлтгэх ёстой” гэж тэр хэлсэн байна.
Эрдэмтдийн үзэж байгаагаар вирусыг Францын харьяа Крозет арлаас нүүдэллэн ирсэн шувууд өнгөрсөн наймдугаар сард эдгээр арлуудад авчирсан байх магадлалтай аж.
Австралийн Засгийн газар болон эрдэм шинжилгээний байгууллагуудын хамтарсан Australian Antarctic Program цаашид өөрийн харьяа нутаг дэвсгэрүүдэд шувууны томуугийн шинж тэмдгийг тогтмол ажиглаж, хяналт тавихаа мэдэгдсэн байна.