
Испанийн өмнөд хэсгийн Ла Линеа де ла Консепсьон хотын захирагч Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын шигшээ багийн оролцох ДАШТ-ий өмнөх нөхөрсөг тоглолтыг хориглолоо. Ингэж хориглосон шалтгаан нь тус улсад гарсан Эболагийн дэгдэлттэй холбоотой эрүүл мэндийн болгоомжлолын улмаас хэмээн тайлбарласан байна.
“Зургадугаар сарын 9-нд болохоор төлөвлөгдсөн Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс болон Чилийн шигшээ багийн тоглолтыг хориглох тогтоолд гарын үсэг зурсан” гэж Испанийн өмнөд хэсгийн Ла Линеа де ла Консепсьон хотын захирагч Хуан Франко мэдэгдэв.
Франко уг шийдвэрээ “урьдчилан сэргийлэх арга хэмжээ” хэмээн тайлбарлаад Андалузийн Эрүүл мэндийн үйлчилгээний зөвлөмжийг дагаж мөрдөж байгаа гэжээ.
65 мянган хүн амтай, Гибралтарын хил орчимд байрладаг Ла Линеа хотын захирагч, хотын эрүүл мэндийн албаны дарга ч тоглолтыг зохион байгуулахгүй байхыг зөвлөсөн гэж нэмж хэлжээ.
“Ла Линеа хотын захиргааны эрүүл мэндийн албаны даргын гаргасан тайланд эрүүл мэндийн эрсдэл үүсч болзошгүй тул энэхүү тоглолтыг зохион байгуулахыг эрс эсэргүүцсэн” гэж тэр хэлэв.
1974 оны ДАШТ-д тухайн үеийн нэр болох Заир улсын нэрээр оролцсоноос хойш анх удаа ДАШТ-д шалгарсан БНАКУ-ын шигшээ баг лхагва гарагт Бельгийн Льеж хотод Данийн шигшээ багтай нөхөрсөг тоглолт хийхээр төлөвлөжээ.
Өнгөрсөн сард тус улсад Эболагийн дэгдэлт гарсны дараа баг ДАШТ-ий өмнөх бэлтгэлийн цугларалтаа эх орондоо хийх төлөвлөгөөгөө цуцалж, тоглогчид оронд нь Бельгид байрлаж байгаа юм. Африкийн улсын хөлбөмбөгийн холбоо шигшээ баг нь ДАШТ-ийг зохион байгуулагч орнуудын тогтоосон бүх протоколыг мөрдөж байгаа гэж мэдэгдсэн байна.

Цусархаг халууралтын өндөр халдвартай өвчин болох Эболагийн дэгдэлтийг өнгөрсөн тавдугаар сарын дундуур БНАКУ-ын зүүн хэсэгт албан ёсоор зарласан юм.
АНУ-ын эрх баригчид тавдугаар сарын 22-нд Конго улсын шигшээ багийнхан АНУ-д болох ДАШТ-д оролцохын өмнө 21 хоног тусгаарлагдах шаардлагатай гэж мэдэгдсэн. ДАШТ зургадугаар сарын 11-нээс долоодугаар сарын 19-ний хооронд болж, АНУ, Канад, Мексик улсууд хамтран зохион байгуулах юм.
БНАКУ-ын шигшээ баг тэмцээний үеэр АНУ-ын Техас мужийн Хьюстон хотод байрлаж, зургаадугаар сарын 17-нд К хэсгийн эхний тоглолтоо Португалын эсрэг хийхээр төлөвлөжээ.
Үүний дараа баг зургаадугаар сарын 24-нд Колумбын шигшээтэй тоглохын тулд Мексикийн Гуадалажара хотыг зорино. Харин дараа нь АНУ-д эргэн ирж, зургаадугаар сарын 28-нд Жоржиа мужийн Атланта хотод Узбекистаны шигшээтэй тоглоно.