
Олон улсын шатрын холбооноос зохион байгуулж буй дэлхийн олимпиад өнөөдөр Узбекистаны Самарканд хотод эхэллээ. 46 дахь дэлхийн шатрын олимпиадад нээлттэй болон эмэгтэй ангилалд 188 орны 400 орчим үндэсний шигшээ баг оролцож байна. Олиипиад нь шатрын спортын хамгийн том багийн тэмцээн гэдгээрээ алдартай бөгөөд “оюуны спортын олимп” гэж нэрлэдэг. Иймээс жил бүр оролцогчдын орны тоо нэмэгдэж, нээлттэй болон эмэгтэй багийн төрөлд том өрсөлдөөн өрнөдөг. 46 дахь олимпиадад Монголын эрэгтэй багийг ФИДЕ мастер Б.Ану, эмэгтэйчүүдийг Ц.Батсайхан нар дасгалжуулсан. Мөн шигшээ багийн бэлтгэлд их мастер Игорь Лысый дасгалжуулагчийн хувиар оролцжээ.
Өчигдөр нээлтээ хийсэн 46 дахь удаагийн олимпиадын нэгдүгээр өргийн тоглолт өнөөдөр болно. Монгол Улсын эмэгтэй баг эхний өрөгт 109-д эрэмбэтэй Палестиний багтай оноолт таарлаа. Багийн бүрэлдэхүүнд олон улсын мастер Б.Мөнгөнзул, их мастер Т.Мөнхзул, кандитат мастер Х.Баясгалан, их мастер, гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул, нөөц тоглогчоор олон улсын мастер Б.Баярмаа нар багтсан.
Нээлттэй ангилалд Монгол Улсын эрэгтэй баг эхний тоглолтоо Нидерланд улсын бүрэлдэхүүнд багтдаг Аруба арлын багтай тоглоно. Багийн бүрэлдэхүүнд их мастер С.Билгүүн, олон улсын мастер М.Амилал, Г.Амартүвшин, Х.Итгэлт, нөөц тоглогчоор Ү.Агьбилэг нар багтсан.
Ташрамд дуулгахад, Дэлхийн шатрын олимпиадад Монголын эрэгтэйчүүд 1970 онд 16-р байрт, эмэгтэйчүүд 1990 онд 12-р байрт эрэмбэлэгдсэн нь хамгийн дээд амжилт юм.
