
Калифорни муж хүүхдийн гэрлэлтийг албан ёсоор хориглолоо. Мужийн захирагч Гэвин Ньюсом хүүхдийн гэрлэлтийг зогсоох тухай хуульд гарын үсэг зурсан бөгөөд энэ нь АНУ-ын 32 мужид одоо ч хуулиар зөвшөөрөгдсөн зүйл юм.
Шинэ хууль нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх аж. Уг хуулинд зааснаар Калифорни мужид гэрлэхийн тулд хүн 18 нас хүрсэн байх ёстой гэж заажээ.
Ньюсом уг хуулийг “залуу калифорничууд болон насанд хүрээгүй хүүхдүүдийг хамгаалах ёстой, аль хэдийн хэрэгжих ёстой байсан арга хэмжээ” хэмээн тодорхойлсон байна.
Хүүхэд байхдаа гэрлэсэн бусад хүмүүс ч шинэ хуулийг сайшаажээ.
“Калифорни өнөөдөр дэлхий нийтэд тодорхой мессеж илгээлээ” гэж хүүхэд байхдаа гэрлэсэн Бриттани Би BBC-д ярьжээ. Тэрээр “Бүх хүүхэд системийн хүчирхийллээс ангид байж, өөрсдийн замыг сонгох боломжтой гэсэн найдварын мессеж” гэж бодож буйгаа илэрхийлжээ.
Би 17 настайдаа хүчирхийлэлтэй гэр бүлийн орчноос зугтахын тулд гэрлэсэн ч улмаар насанд хүрсэн нөхөр нь өөрийг нь хүчирхийлсэн гэж мэдэгдсэн байна.
“Надад нэг шоронгоос нөгөө шорон руу л шилжсэн юм шиг санагдсан” гэж тэр тайлбарлажээ.
Би болон хүүхэд байхдаа гэрлэсэн бусад хүмүүс Калифорни болон АНУ даяар хүүхдийн гэрлэлтийг хориглуулахын төлөө олон жил тэмцэж иржээ.
Ойролцоогоор арван жилийн өмнө АНУ-ын бүх мужид хүүхдийн гэрлэлтийг зөвшөөрдөг байсан ч мужууд хууль тогтоомжоо аажмаар өөрчилж эхэлсэн юм. Калифорни нь 2018 оноос хойш хүүхдийн гэрлэлтийг хориглосон 18 дахь муж болжээ.
Өмнө нь Калифорнид гэрлэх хууль ёсны доод нас гэж байгаагүй. Тиймээс эцэг эх нь зөвшөөрч, шүүгч гэрлэлтийг баталгаажуулсан тохиолдолд хүүхдүүд гэрлэх боломжтой байв.
Мөн 18 нас хүрээгүй хүмүүс гэрлэлтээ цуцлуулах боломжийг хангах хууль эрх зүйн механизм байгаагүй учир охид хүчирхийлэл, мөлжлөгийн шинжтэй харилцаанаас гарч чадахгүйд хүрдэг.
АНУ даяар хүүхдийн гэрлэлтийг зогсоохын төлөө ажилладаг Unchained At Last байгууллагын мэдээлснээр Калифорнид жил бүр ойролцоогоор 9000 охин гэрлэдэг аж. Харамсалтай нь хүүхдийн гэрлэлтийн бараг бүх тохиолдолд охид насанд хүрсэн эрэгтэйчүүдтэй гэрлэдэг байжээ.