
Францын нэрт зохиолч Альфред Жарри энэ өдөр төржээ. Түүний уран бүтээлийн гол зорилго нь бодит ертөнцийг үнэн зөв дуурайх бус, бодит байдал доторх утгагүй хаос шинж, шог зүй, харгислал, хүсэл тачаалыг ил гаргах байжээ. Тиймээс тэрээр богинохон амьдралынхаа туршид XIX зууны авангард уран зохиолын хаалгыг бусдаас эрт нээсэн, хожмын сюрреализм, абсурд театрт хүчтэй нөлөө үзүүлсэн өвөрмөц зохиолч болон үлдсэн юм.
UBU ROI
Альфред Жарригийн нэрийг дэлхийн утга зохиолын түүхэнд мөнхөлсөн бүтээл бол “Убю хаан”. Анх 1896 онд хэвлэгдсэн энэ жүжигт эрх мэдэлд шунасан, бүдүүлэг, ховдог, аймшигтай атлаа инээдтэй Пэр Убю хаан ширээг булаан авч, засаглалын утга учрыг өөрийн шунал, тэнэглэлээр хэмжинэ. Жарри энд уламжлалт драмын ёс зүй, дүрийн логик, хэл найруулгыг зориуд эвдэж, улс төрийн эрх мэдлийг хүүхдийн тоглоом шиг утгагүй бөгөөд харгис зүйл болгон хувиргасан байдаг.
“Убю хаан”-ы хамгийн радикал чанар нь зөвхөн агуулгадаа бус, хэлнийхээ бүтцэд оршино. Жарри санаатайгаар гажуудуулсан үг хэллэг, бүдүүлэг инээдэм, хэтрүүлэг, утгагүй логикоор дамжуулан театрын тайз дээр урьд өмнө байгаагүй ертөнцийг бий болгожээ. Пэр Убю бол нэг хүний хөрөг төдий бус, эрх мэдэл хүний доторх шунал, айдас, тэнэглэлийг хэрхэн илчилдэг болохыг бэлгэдэлсэн дүр юм.
GESTES ET OPINIONS DU DOCTEUR FAUSTROLL, PATAPHYSICIEN
Жарригийн уран сэтгэмжийн хамгийн ер бусын бүтээл бол “Фаустролл докторын үйлс ба үзэл бодол” билээ. 1898 оноос бичиж эхэлсэн уг зохиол зохиолчийг нас барсны дараа буюу 1911 онд бүрэн эхээрээ хэвлэгджээ. “Шинжлэх ухаанч шинэ роман” хэмээн тодорхойлогддог энэ бүтээлд Доктор Фаустролл ердийн бодит байдлаас татгалзан, шинжлэх ухаан, математик, философи, уран зохиол, хийсвэр сэтгэлгээг нэгэн этгээд ертөнцөд цогцлоодог.
Эндээс Жарригийн хамгийн алдартай ойлголт болох патафизик тодорно. Патафизик нь ертөнцийн тогтсон хууль, учир шалтгааныг шууд үгүйсгэхээс илүүтэй боломжгүй зүйлд хүртэл өөрийн гэсэн “хууль” бий болгож, бодит байдлыг хаос өнцгөөс дахин бүтээдэг. Фаустроллын аялал, хачирхалтай тооцоолол, төсөөллийн шинжлэх ухаан нь XX зууны авангард сэтгэлгээний өмнө тавьсан нэгэн төрлийн утга зохиолын лаборатори болжээ.
LE SURMÂLE
“Супер эр” бол Жарригийн утопи, эротик төсөөлөл, шинжлэх ухааны зөгнөл, хошигнолыг нэг дор нийлүүлсэн хамгийн сонирхолтой романуудын нэг. Зохиолын гол дүр Андре Марсаль хэмээх эр хүний биеийн боломжтой хязгаарыг даван гарахыг эрмэлздэг бөгөөд романы голд асар хурдтай дугуйн уралдаан, бие махбодын тэсвэр, мөнхийн хөдөлгөөн гэх мэт санаанууд гарч ирнэ. Жарри энд “супер хүн” гэх ойлголтыг баатарлаг, төгс хүний дүрээр бус, бие махбодын хүсэл, технологи, өрсөлдөөн, эр хүний сүр хүчний тухай хэтрүүлсэн элэглэл болгон ашигладаг.
Романы хамгийн сонирхолтой тал нь XX зууны эхэн үеийн техникийн дэвшилд хүмүүс хэрхэн сохроор итгэж байсныг хүний биеийн хүсэлтэй холбон егөөдсөнд оршино. “Хүний хүч чадлыг эцэсгүй өсгөж болох уу?” гэх асуулт энд шинжлэх ухааны асуудлаас илүүтэй гүн ухааны инээдэмтэй туршилт болон хувирдаг.
MESSALINE
“Мессалина” бол эртний Ромын эзэнт гүрний ертөнцөд буцаж очсон мэт боловч түүхэн романы уламжлалт замаар бичигдээгүй бүтээл. Ромын эзэн хаан Клавдийн эхнэр Валерия Мессалинагийн тухай домог, түүхэн төсөөллийг Жарри эротик, декадент, гротеск өнгө аястайгаар дахин бүтээдэг. Түүний сонирхлыг түүхэн үнэнээс илүүтэй хүсэл тачаал, эрх мэдэл, бие махбодын туйлшрал, хүний зөн совин татдаг. Бүтээл анх 1900 онд цувралаар хэвлэгдэж, 1901 онд ном болон гарчээ.
Жарригийн Мессалина бол түүхийн номд үлдсэн завхай хатны дүрээс илүү асар өргөн өгүүлэмжтэй. Тэр бол эрх мэдэл, хүсэл тачаал хоёр хоорондоо салшгүй холбогдсон ертөнцийн бэлгэдэл.
LES JOURS ET LES NUITS
Энд цэргийн амьдрал, сахилга бат, бодит байдал ба хий төсөөлөл хоорондоо холилдон хүний оюун санаа бодит ертөнцөөс хэрхэн тасарч болохыг этгээд, зүүд хэлбэрээр үзүүлдэг. 1897 онд хэвлэгдсэн энэ бүтээл нь “Убю хаан”-ы тайзны гротескээс илүү дотоод, сэтгэл зүйн шинжтэй Жарриг уншигч, үзэгчдэд нээж өгдөг.
Романы үнэ цэн нь Жарригийн “утгагүй” ертөнц зөвхөн инээдэмд тулгуурладаггүйг харуулдагт оршино. Цэргийн сахилга, тушаал, өдөр тутмын бодит байдал нь хүний оюун санаанд дарамт болж, төсөөлөл түүнийг эвдэн өөр ертөнц бий болгоно. Тиймээс “Өдөр шөнүүд”-ийг Жарригийн дараагийн бүтээлүүдэд улам ч ихээр тодрох болсон бодит байдлыг гажуудуулж байж үнэнийг илүү тод харуулах арга барилын чухал эхлэл гэж үздэг.