
Цэргийн ангиудад гарч буй зүй бус асуудлууд олон хүний санааг зовоодог. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн С.Одонтуяа тэргүүтэй гишүүд ХЭҮК-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл өргөн мэдүүллээ.
Хууль санаачлагч УИХ-ын гишүүн С.Одонтуяа "Эрүүдэн шүүхтэй холбогдуулан ХЭҮК-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл боловсруулсан. Энэ хууль батлагдсан тохиолдолд цэргийн ангиудад гарч байгаа гэмт хэрэг, нас баралт байхгүй болно гэж харж байгаа. Цэргийн ангиуд ХЭҮК-ын тухай хуульд эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаа явуулдаг газруудын жагсаалтад байдаггүй учраас ийм хэргүүд гарч байна. Тиймээс ХЭҮК-оос урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаа явуулдаг газруудын жагсаалтад цэргийн ангиудыг оруулахаар хуулийн төслөө боловсруулсан" гэв.
ХЭҮК-ын тухай хуульд заасны дагуу тус комисс дараах газруудад эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх ажиллагаа явуулдаг байна.
-Хорих байгууллага,
-Цагдан хорих анги,
-Түр болон албадан саатуулах газар,
-Сэтгэцийн эрүүл мэндийн төв,
-Хүүхдийн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн болон ахмадын асрамжийн газар,
-Сургуулийн дотуур байр,
-Албадан эмчилгээний байр,
-Дүрвэгсдийн байр,
-Цэргийн сахилгын байр,
-Хилийн шалган нэвтрүүлэх боомт дахь түр саатуулах болон хамгаалах байр.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа нарын гишүүдийн боловсруулсан хуулийн төсөл батлагдвал ХЭҮК дээрх газруудаас гадна цэргийн ангиудад эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх ажиллагаа явуулдаг болох нь.