
Грек улс 15-аас доош насны хүүхдүүдийн сошиал сүлжээ ашиглалтыг хязгаарлах шинэ бодлого хэрэгжүүлэхээр болжээ. Тус улсын Ерөнхий сайд Кириакос Мицотакис энэ арга хэмжээг өсвөр үеийнхний сэтгэлзүйн эрүүл мэнд, нойрны асуудлыг бууруулах зорилготой гэж мэдэгдсэн байна.
Түүний хэлснээр уг хязгаарлалт ирэх оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхлэх бөгөөд хэрэгжилтийн нарийвчилсан журамд нас баталгаажуулах систем нэвтрүүлэх, хэрэглэгчийн насыг зургаан сар тутам дахин шалгах зэрэг зохицуулалт багтах аж. Мөн тэрээр Европын Холбооны түвшинд ижил төстэй нэгдсэн зохицуулалт хэрэгжүүлэхийг уриалж, Европын Комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Ляйенд илгээсэн захидалдаа насанд хүрээгүй хэрэглэгчдийг хамгаалах нийтлэг бодлого боловсруулах санал дэвшүүлжээ.
Сүүлийн үед хүүхэд, өсвөр үеийнхний сошиал сүлжээний хэрэглээний сөрөг нөлөөний талаарх маргаан эрчимжиж байна. Энэ хүрээнд АНУ-д болсон нэгэн шүүх хурлаар Meta Мета болон Google компаниудыг хэрэглэгчийг удаан хугацаанд платформ дээр байлгах зорилготой донтуулах шинжтэй систем хөгжүүлсэн гэж үзсэн шийдвэр гарсан. Гэсэн ч эдгээр компаниуд уг шийдвэртэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлж, давж заалдахаа мэдэгдсэн юм.