
УИХ дахь АН-ын бүлэг чуулганы хуралдааныг орхин гарч бүлгээ хуралдуулсан. Бүлгийн хурлаар хэлэлцсэн асуудлуудын талаар тус бүлгийн дэд дарга Х.Тэмүүжин мэдээлэл хийлээ.
Тэрээр "Эрх баригч намын даргын сонгуультай холбоотойгоор нийгмээр маш олон мэдээлэл задарч байна. Маш хариуцлагатай албан тушаалтнуудын амаар, МАН-ын өөрсдийнх нь үгээр тодорхой хэмжээний буруутгал нийгэмд болохгүй бүтэхгүйн уг үндэс хаанаас эхтэйг өөрсөд рүүгээ зааж ярьж байгаа. Ийм асуудлууд хөндөгдөж байгаатай холбоотойгоор, нөгөөтэйгүүр УИХ-ын даргатай холбоотой асуудал хөндөгдөж байгаа учраас хууль тогтоогчдын хувьд энэ асуудлыг шийдвэрлэтэл парламентийг намын дарга болж байгаа хүн удирдах нь зохимжгүй байна. Сонирхлын зөрчил үүсч байна. Д.Амарбаясгалан гэдэг хүн индэр дээрээс даргынхаа сонгууль болон хэл амтай асуудлыг өөрийнхөө талд ашиглах гэж оролдвол сонирхлын зөрчил үүсэх учраас АН-ын Улс төрийн зөвлөл энэ хүнээр парламентыг удирдуулахгүй байх чиглэлийг бүлэгт өгсөн. Бүлэг хэлэлцээд үүнийг дэмжлээ. Ямар ч тохиолдолд эргэлзээ байгаа бол эргэлзээг нүдээ аниад өнгөрөөж болохгүй. Энэ асуудлыг сонирхлын зөрчилгүй шийдэхийн тулд намын даргатай холбоотой асуудлаа эцэслэж дуустал, олон нийт итгэхүйц тайлбар мэдүүлгүүдээ өгөх хүртэл Д.Амарбаясгалан УИХ-ын даргын индэр дээр суух нь зохимжгүй.
Төр засаг эзгүйрчихлээ. Төрийн яам ажил хийхгүй хүлээлтийн байдалд орчихлоо. Төсөв эзэнгүй байна. Сайдууд нь ч итгэл үнэмшилгүй байна. Тиймээс бид эзэнгүй төсвөө буцааж татах асуудал ярьж байна. АН ямагт төр засгийн ажлыг гацаахгүйгээр явуулна. Парламент асуудлаа тасалдахгүй явуулахын тулд дэд даргатай байдаг. АН чуулганы хуралдаандаа ороод явна. Сонирхлын зөрчилтэй байгаа Г.Занданшатар, Д.Амарбаясгалан хоёр итгэл даахгүй байна. Намын даргынхаа сунгаанаас болоод ажилдаа хариуцлагагүй байгаа хүмүүсийг яах юм бэ. Хариуцлага хүлээх эзэнгүй болчихлоо. Ажлаа хийнэ гээд хариуцлага үүрээд албан тушаал дээр очсон хүмүүс намынхаа дотоод асуудлаас болоод төрийн ажлыг зогсоож байгаа нь зарчимгүй асуудал.
Монгол Улсын өнгөрсөн 30 жилийн түүхэнд нэг том алдаа байгаа. Бид сэтгэл хөдлөл, хов жив, өөрийнөө хувийн таамгаар ажил хийх гэж оролдоод Монгол Улсыг энэ түвшинд авааччихлаа. Хэн ямар хариуцлага хүлээсэн тэр ажлаа хий гэх шаардлага тавьж байгаа. Ардчилалд ямагт гарц, хариуцлага байдаг. Өнөөдрийн будлиантай байдлаа тогоон дотроо шийдэж чадахгүй бол Үндсэн хуулиар шийдэж болно" гэв.