
Монгол Улсад улаанбурхан өвчний хамгийн сүүлийн батлагдсан тохиолдол 2026 оны наймдугаар сарын 24-нд бүртгэгджээ. Түүнээс хойш шинэ тохиолдол илрээгүй 84 хоног өнгөрсөн тул Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) болон Эрүүл мэндийн яамнаас улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоосныг өнөөдөр /2026.11.17/ албан ёсоор зарласан байна.
Энэ талаар Эрүүл мэндийн сайд Э.Батшугар "Манай улсад улаан бурхан өвчний шинэ тохиолдол бүртгэгдээгүй 84 хоносон байна. Тандалтын мэдээлэл, лабораторийн шинжилгээ, эрсдэлийн үнэлгээнд үндэслээд дэгдэлтийг таслан зогсоосон гэж үзэх боломжтой. ДЭМБ-ийн зөвлөмжөөр бол хоёр нууц үе буюу 42 хоног давсан бол тухайн улсад дэгдэлтийн тархалт зогссон гэж үздэг. Засгийн газраас өнгөрсөн жил нийт 15 тэрбум төгрөгийн санхүүжилт шийдвэрлэсэн. Энэ хөрөнгөөр эмнэлгийн тусламжийг тасралтгүй үзүүлж, вакцинжуулалт эрчимжүүлж, халдварын тандалт хийн, лабораторийг урвалж, оношлуулаар хангах ажлыг хийсэн" гэв.