
Олимпын алтан медальт АНУ-ын эмэгтэй хоккейн шигшээ баг ерөнхийлөгчийнхөө Конгресст хэлдэг “State of the Union” илтгэлд оролцох урилгаас цагийн хуваарь таараагүй гэх шалтгаанаар татгалзжээ.
Тус урилга нь Трамп ням гарагт эрэгтэй шигшээ багтай утсаар холбогдож, түүхэн ялалтыг нь тэмдэглэн баяр хүргэсний дараа ирсэн байна. Тэрбээр тус багийг Вашингтон руу цэргийн онгоцоор авчрах санал ч тавьжээ.
“Мягмар гаргийн орой бид State of the Union илтгэлээ тавина. Хэрвээ хүсвэл би цэргийн онгоц явуулж болно. Энэ бол хамгийн гайхалтай шөнө, хамгийн том илтгэл байх болно” хэмээн Холбооны мөрдөх товчооны захирал Каш Пателын барьсан чанга яригчаар дамжуулан багийн өрөөнд ярьжээ. Трамп энэ үед “Бид эмэгтэй багийг ч урих ёстой шүү” хэмээгээд, хэрвээ урихгүй бол “намайг огцруулах байх” гэж хошигнон хэлсэн байна.
Энэ мөч болон тоглогчдын хариу сошиал сүлжээнд нэлээд шүүмжлэл дагуулжээ.
Эрэгтэй, эмэгтэй хоёр баг хоёулаа мягмар гаргийн илтгэлд албан ёсоор уригдсан ч эмэгтэй баг урилгыг хүлээн аваагүй. Эрэгтэй баг оролцох эсэх нь тодорхойгүй хэвээр байна.
Багийн төлөөлөгч мэдэгдэлдээ “Манай алтан медальт АНУ-ын эмэгтэй хоккейн багт урилга илгээсэнд бид чин сэтгэлээсээ талархаж байна. Тэдний онцгой амжилтыг үнэлсэнд гүнээ баяртай байна. Гэвч Олимпын дараах академик болон төлөвлөсөн үүрэг амлалтуудын улмаас тамирчид оролцох боломжгүй” гэжээ.

АНУ-ын эрэгтэй, эмэгтэй багууд хоёулаа Канадын эсрэг ширүүн тоглолтоор Олимпын алт хүртсэн. Эмэгтэйчүүд нэмэлт цагт 2:1-ээр, эрэгтэйчүүд мөн 2:1-ээр ялсан. Эрэгтэй багийн ялалтын гоолыг оруулсан Жэк Хьюз “хамгийн түрүүнд санаанд орсон хүн бол эмэгтэй багийн од Меган Келлер” гэж ярьжээ. Тэрээр “Би түүнтэй Олимпын хотхоны хоолны газарт таараад, тэдний багаар ямар их бахархаж байгаагаа хэлсэн. Миний хамгийн эхний бодол тэр байсан” гэж хэлсэн байна.
Эмэгтэйчүүдийн мэргэжлийн лиг Professional Women’s Hockey League өнөөдрөөс улирлын тоглолтоо үргэлжлүүлэх бол National Hockey League лхагва гарагаас тоглолтоо сэргээсэн.
Эмэгтэй баг Трампын анхны бүрэн эрхийн үед 2018 онд Пёнчанийн Олимпод алт хүртэж, Цагаан ордонд уригдаж байв. Харин эрэгтэй багийн ялалт нь 1980 оны “Мөсөн дээрх гайхамшиг”-аас хойших анхны алт байлаа.