
Гар утсандаа ирсэн линк дээр дарж нэвтрэн банкны мэдээллээ оруулснаар 22.500.000 төгрөгөө алджээ
Сүүлийн үед иргэдийн гар утсанд “Та азтан болоо”, “Танд илгээмж ирлээ”, “Хямдралтай худалдан авалт хийгээрэй” зэрэг хуурамч линк болон сайтын холбоос явуулах болжээ. Нэвтэрч орсон даруй банкны мэдээллийг нь авч, хүмүүсийн данснаас мөнгө залилан, иргэд хохирох тохиолдол бүртгэгдсээр байна.
Тухайлбал энэ оны хоёрдугаар сарын 23-ны өдөр “Миний данснаас мөнгө шилжүүлсэн байна” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт оршин суух 59 настай эрэгтэй “Т” гар утсанд нь очсон линк дээр дарж, өөрийн Худалдаа хөгжлийн банкны данснаас 22.500.000 төгрөг алдсан болох нь тогтоогдсон байна.
Иймд иргэд Та бүхэн ямар ч банк, аж ахуйн нэгж, байгууллага таны банкны нууц үгийг асуухгүй гэдгийг анхаарч хуурамч сайт, холбоосоор нэвтрэхгүй байж, дансны мэдээллийн аюулгүй байдлаа хангахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.