
XX зууны хамгийн нэр нөлөө бүхий зохиолч болох Аргентин хэлтний уран зохиолын сод туурвилч Хорхе Луис Борхес энэ өдөр мэндэлжээ. Түүний уран бүтээлийн хамгийн чухаг таван номыг нэрлэж байна.
HISTORIA UNIVERSAL DE LA INFAMIA
Борхес 1935 онд уран зохиолын анхны ном болох "Даян дэлхийн жигшүүрт түүх"-ээ бичжээ. Энэ түүвэрт багтсан өгүүллэгүүдээ Борхес өмнө нь “Шүүмж” хэмээх сэтгүүлийн уран зохиолын тусгай дугааруудад нийтлүүлсэн байв. Борхес эдгээр өгүүллэгээ “хүүрнэл дасгалууд” гэж тун даруухнаар нэрийдсэн нь энэ түүврийн нэлээд егөөтэй, бардам нэрээс эрс ялгарна.
Борхес ертөнцийн бүхий л жигшүүрт хэргийн тухай өгүүлэх гэж буй мэтээр тун эрдсэн гарчгаар түүврээ нэрлэсэн ажээ. АНУ, Хятад, Япон, Туркестан, Аргентин, Андалус, Египет, Судан: түүвэрт багтсан 14 өгүүллэг дэлхий ертөнцийн эдгээр газар нутгуудад өрнөнө. Et cetera өгүүллэгийн хоёр дэд хэсэгт яавч жигшүүрт явдал өрнөж таарахгүй гэж бодохуйц газар буюу христийн шашны диваажинд өрнөдөг нь тун гайхмаар хэрэг.
FICCIONES
Хэрэв Борхесийн уран зохиолыг нэг л номоор төлөөлүүлэх шаардлагатай гарвал тэр нь "Ficciones" юм. 1944 онд хэвлэгдсэн уг бүтээлд Борхесийн хамгийн алдартай өгүүллэгүүд багтдаг. Тухайлбал “Бабелийн номын сан”, “Вавилоны сугалаа”, “Салаа замуудын цэцэрлэг”, “Тлён, Укбар, Орбис Тертиус” зэрэг өгүүллэгүүд нь түүний ертөнцийг үзэх үзлийн үндсэн санаануудыг агуулдаг.
Энэ номын гол санаа нь хязгааргүй байдал ба лабиринт юм. Борхесийн хувьд номын сан бол зүгээр нэг ном хадгалдаг газар биш, харин орчлон ертөнцийн загвар байж болно. “Бабелийн номын сан”-д боломжтой бүх ном оршин байдаг бол “Салаа замуудын цэцэрлэг”-т цаг хугацаа ганцхан шулуун бус салаалж буй хязгааргүй олон боломж болж дүрслэгдэнэ. Ингэснээр Борхес уламжлалт үйл явдалд суурилсан өгүүллэгээс илүү санаа, парадокс, философийн таамаглалыг өгүүллэгийн гол хөдөлгүүр болгосон билээ.
EL ALEPH
Номын нэр болсон “Алеф” өгүүллэг нь орчлон ертөнцийн бүх цэгийг нэгэн зэрэг харж болох ганц цэг гэх санаан дээр тулгуурладаг. Уг бүтээл мөн л түүний хамгийн алдартай өгүүллэгийн чуулбарын нэг. Борхес ерөөс томоохон, нүсэр хэмжээний бүтээл туурвиж байсангүй. Угтаа тэр бичиж чадаагүй дээ бус романыг үл тоосон билээ. Түүнийгээ Борхэс “Дэлгэрэнгүй том ном бичих нь их ажил үрсэн, хүч чадал шавхсан илүү зан. Хэдхэн минутанд ярьж болох зүйлийг 500 хуудас болгож дэлгэрүүлнэ гээд бод доо! Ийм тохиолдолд энэ ном аль хэдийнээ бичигдсэн , та зүгээр л тайлбар эсвэл дүгнэлтж бичиж байгаа гэж төсөөл” хэмээн тайлбарласан байдаг.
Түүврийн олон өгүүллэгт цаг хугацаа, давталт, үхэл, ой санамж, хувь тавилан ахин дахин ургадаг. Борхесийн баатрууд заримдаа өөрийнхөө өөр хувилбартай уулзах, өнгөрсөн ба ирээдүй давхцах, эсвэл нэгэн жижиг зүйл бүхэл бүтэн орчлонг төлөөлөх зэрэг өгүүлэмжүүд бий. Түүний хувьд ертөнц бол ойлгомжтой, нэг мөр тайлбарлагдах зүйл биш; харин олон утга, олон боломж зэрэгцэн оршдог нууцлаг бүтэцтэй.
EL INFORME DE BRODIE
Эл бүтээлээр Борхес хүний ёс суртахууны ойлголт харьцангуй шинжтэй байж болохыг харуулдаг. Хууль, хүчирхийлэл, нэр төр, шударга ёс гэх ойлголтууд өөр өөр нийгэмд салаалсан утгатай байж болно. Гэхдээ Борхес үүнийг энгийн улс төрийн шүүмжлэл болгон хувиргахгүй. Харин домог, антропологи, адал явдалт өгүүллэг, философийн эргэцүүллийг нэгтгэн хүүрнэдэг.
“Бродигийн тайлан” бол түүний харьцангуй хожуу үеийн бүтээл бөгөөд 1970 онд хэвлэгджээ. Броди хэмээх дүр өөрийн харсан нэгэн овог, нийгмийн тухай тайлагнадаг бөгөөд ингэхдээ “соёл иргэншил” гэж юу вэ? гэх асуултыг уншигчийн өмнө талбина. Өөрийнхөө нийгмийг соёл иргэншлийн оргил гэж үздэг хүн өөр нийгмийг “зэрлэг” хэмээн тодорхойлох нь хэр үндэслэлтэй вэ гэх асуултыг тэр дэвшүүлдэг.
EL LIBRO DE ARENA
"Элсний ном” бол Борхесийн хамгийн чухаu өгүүллэгийн түүвэр. Анхны испани хэвлэлд нь 13 өгүүллэг багтсан бөгөөд “Нөгөөх”, “Ульрика”, “Конгресс”, “Толин тусгал ба баг”, “Алжаасан хүний утопи”, “Элсний ном” зэрэг өгүүллэгүүд голчилдог.
Уг түүврийн гол санааг хязгааргүй байдал, цаг хугацаа, өөрийн “би”-гийн хоёрдмол байдал гэсэн гурван ойлголтоор тайлбарлаж болно. Номын нэр болсон “Элсний ном”-д эхлэл ч, төгсгөл ч байхгүй мэт санагдана. Номын хуудсыг эргүүлэх тусам шинэ хуудас гарч ирж, буцаад өмнөх хуудсаа олох боломжгүй болно. Ингэснээр Борхес хүний оюун ухаан хязгааргүй зүйлийг эзэмших гэж оролдох үед юу болох вэ? гэх асуултыг үлдээдэг.
Ялангуяа “Элсний ном” өгүүллэгт ном өөрөө айдас төрүүлэх объект болж хувирдаг. Уламжлалт ном мэдлэгийг эмхэлж, хадгалж, уншигчдад ойлголт өгдөг бол Борхесийн ном эсрэгээрээ мэдлэгийг хязгааргүй болгож, хүнийг төөрөгдүүлнэ.