
Израил болон АНУ өнгөрсөн хоёрдугаар сарын 28-нд Ираны эсрэг цуврал цохилт эхлүүлсэн нь өнөөдөр дэлхий нийтээр эдийн засгийн хямралд өртөх үндсэн шалтгаан болоод байна.
АНУ-ын мэдэгдлээр энэ ажиллагааны зорилго нь Иранд дэглэмийн өөрчлөлт бий болгох, цөмийн болон баллистик пуужингийн хөтөлбөрийг нь онилох явдал байжээ. Гэвч Америк хүссэндээ хүрч чадаагүй, нэмээд дэлхийн дийлэнх улс орныг нефтийн хамааралтай эдийн засгийн хямралд оруулж, алдаагаа засахыг хичээсэн ч амжилт ололгүй явсаар хэдийнэ хоёр сарыг ардаа үдэв. Энэ дайныг Ираны дэглэмийн эсрэг гэхээс илүү цөмийн зэвсэгтэй болох вий гэсэн Трампын айдас эхлүүлсэн гэх нь ч бий.
Ерөнхийлөгч Трамп гуравдугаар сарын 6-нд зөвхөн “болзолгүй бууж өгөх”-ийг хүлээн зөвшөөрнө гэж мэдэгдэж, тохиролцоонд хүрэхгүй бол Ираны эрчим хүчний дэд бүтэц болон гүүрнүүдийг онилно гэж анхааруулсан. Тэрээр мөн тухайн сарын 21, дараа нь 23, тэгээд дөрөвдүгээр сарын 7 гэсэн хугацаанууд тогтоосон. Гэвч эдгээр цохилт хойшлогдож, өнгөрсөн сарын 8-нд Пакистан зуучлан нөхцөлт хоёр долоо хоногийн гал зогсоох хэлэлцээр байгуулсан ч дараа нь сунгасан.
Энхийн хэлэлцээр өнөөг хүртэл эцэслэгдээгүйн гол шалтгаан нь Ираны уран. АНУ-ын талаас энхийн хэлэлцээртээ тавьж буй гол шаардлагуудын нэг нь Иран ураны баяжуулалтыг бүрэн зогсоох явдал юм. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ирантай хэлэлцэж буй шинэ цөмийн хэлэлцээр нь 2015 оны Цогц хамтын ажиллагааны төлөвлөгөөнөөс “илүү сайн” байх болно гэж мэдэгдсэн. Гэхдээ АНУ 2018 онд уг хэлэлцээрээс гарсан.
Ормузын хоолой Ираны гол хөзөр мэт харагдаж, мэдрэгдэвч уран баяжуулалтын асуудал жинхэнэ зэвсэг нь юм.
Иран цөмийн хөтөлбөрөө цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх зэрэг иргэний зориулалттай гэж мэдэгдэж ирсэн бөгөөд ийм зориулалтад ураныг 3-5 хувь хүртэл баяжуулдаг. Харин цөмийн зэвсэг үйлдвэрлэхэд ураныг ойролцоогоор 90 хувь хүртэл баяжуулах шаардлагатай байдаг ажээ.
Уран бол цөмийн реактор, цөмийн зэвсэгт ашиглагддаг нягт металл юм. Уран байгаль дээр цацраг идэвхтэй бөгөөд чулуулаг, хөрс, бүр далайн усанд ч бага хэмжээгээр агуулагддаг. Дэлхийн ураны ойролцоогоор 90 хувь нь Казахстан, Канад, Намиби, Австрали, Узбекистан гэсэн таван улсад олборлогддог. Бусад оронд ч ураны нөөц илэрсэн.
Ураныг газар доороос ухаж гаргах, эсвэл химийн уусгалтын аргаар чулуулгаас ялган авах зэргээр гаргаж авдаг. Цөмийн энерги гаргахын тулд U-235-ийг ялгах шаардлагатай бөгөөд үүнийг ураны баяжуулалт гэдэг. Баяжуулалт хийхдээ ураны гексафторид хийг маш өндөр хурдтай эргэдэг центрифугт оруулна. Энэ нь секундэд 1000-аас дээш эргэлт хийдэг. Үр дүнд нь хүнд U-238 хананд шахагдаж, хөнгөн U-235 төвдөө үлдэнэ. Ингэж хийхэд нэг центрифуг хангалтгүй тул олон центрифугийг дараалан холбосон “каскад” систем ашигладаг.
Ураныг
баяжуулалтын түвшингээр нь
3-5%цөмийн цахилгаан станцын түлш,
5-19.9%дэвшилтэт реактор,
20-85%
судалгааны зориулалтаар,
90% нь
цөмийн зэвсэгт,
93-97% бол шумбагч онгоц, нисэх онгоц тээвэрлэгчийн реакторт
ашигладаг.
Олон улсын атомын энергийн агентлагийн тооцооллоор Иран ойролцоогоор 440 кг 60 хувийн баяжуулалт бүхий урантай аж. Ираны уран 60 хувийн баяжуулалтад хүрсэн бол цөмийн зэвсэг үйлдвэрлэх техникийн хаалт бараг арилсан гэсэн үг. Гэхдээ энэ нь тэд бэлэн цөмийн зэвсэгтэй гэсэн үг биш. Харин түүнийг бүтээх ажлынхаа ихэнхийг нь нугалчихсан гэсэн утгатай. Үүнээс үзэхэд Иран тус зэвсгийг турших шаардлагагүйгээр ашиглана гэвэл тэдэнд цөмийн зэвсэг бүтээхэд ганцхан сар л хангалттай.
Уран баяжуулах процессийг SWU (Separative Work Unit)-аар хэмждэг. Энэ нь ураны изотопуудыг (U-235 ба U-238) салгахад шаардагдах “ажлын хэмжүүр” юм. Гэхдээ цахилгаан эрчим хүч шиг нэгж биш харин салгах процессын хүндрэлийг хэмждэг нэгж гэсэн үг. Их байх тусам илүү их центрифуг буюу төхөөрөмж, илүү их хугацаа, энерги хэрэгтэй болдог ажээ. Тэгэхээр 60 хувь хүртэл баяжуулахад 5 жилийн хугацаа, 5000 SWU шаардагдах бол 90 хувь хүртэл баяжуулахад 500 SWU шаардлагатай.
0-60 хувь хүртэл баяжуулахад ялгах зүйл их учраас асар хэцүү байдаг. Тиймээс 0.7 хувиас 3-5 хувь, дараа нь 20, эцэст нь 60 хувьд хүргэх шаталсан байдлаар байгалийн бохирдлоос ялгана. Харин 90 хувь хүрэхэд хурдан байдаг нь өмнөх шатны цэвэрлэгээ “бараг цэвэр U-235” болгосон байдагтай холбоотой. Ураны баяжуулалтыг 33 хувь болгоход 7 минут шаардагдах бол 50 хувьд хүргэхэд 8 минут, 90 хувьтай болгоход ердөө 1 минут зарцуулагдана.

1968 онд байгуулагдсан Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх гэрээ нь цөмийн зэвсэг тархахаас сэргийлэх, цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглахыг дэмжих зорилготой. Энэ гэрээг байгуулахад Иран нэгдсэн. Мөн 2015 онд (Обамагийн засаг захиргааны үед) Иран бусад оронтой JCPOA хэлэлцээр байгуулан ураны баяжуулалтаа 3.67 хувь хүртэл хязгаарлах үүрэг хүлээсэн. Энэ үедээ тэд гэрээг дагаж, ямар ч асуудал үүсгээгүй юм.
Харин 2018 онд Дональд Трамп хэлэлцээрээс гарч, Иранд дахин хориг тавьсан. Үүний дараа Иран “Fordow” байгууламж дахь ураны баяжуулалтаа дахин эхлүүлсэн байдаг. Улмаар 2020 онд Касем Сулейманигийн амийг хөнөөсний дараа Иран ураны хязгаарлалтаа бүрмөсөн зогсоосон.
Одоогийн энхийн хэлэлцээний хүрээнд Иран өөрийн 60 хувийн баяжуулалттай ураны нөөцийг ойролцоогоор 20 хувь хүртэл бууруулах саналыг өөрсдөө гаргасан. Америкуудын санааг зовоогоод буй асуудлыг шийдэх өөрсдийн саналаа хэлсэн. Тодруулбал, энэ процесс нь баяжуулсан ураныг илүү бага баяжуулалттай урантай холин, нийт агууламж дахь U-235 хувийг бууруулах арга юм. Тэгэхээр Иран ч гэсэн энхтайвныг хүсэж байна, харин америкуудын хүссэн шиг бүх боломжоо хаахгүйгээр хэлэлцээрт хүрэх хүсэлтэй байгаа аж.
Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх гэрээний хяналтын хурал болж байгаа. Гэхдээ тэд цөмийн зэвсэгтэй улсууд гэрээнийхээ дүрмийг зөрчих явдлыг зогсоож чадахгүй байх магадлалтай. Тус гэрээ цөмийн зэвсэг тарахаас сэргийлэх дэлхийн гол механизм хэдий ч АНУ болон Ираны хооронд үүссэн эмзэг гал зогсоох нөхцөл байдлыг зохицуулах эрх мэдэлгүй. Энэ гэрээ, 2015 оны Ираны цөмийн хэлэлцээр ч одоогийн нөхцөл байдал үүсэхээс сэргийлэх зорилготой байсан.
АНУ болон Израил Ираны эсрэг дайнд ашиглаж буй нэг үндэслэл нь Иран цөмийн хөтөлбөрөө үргэлжлүүлэх ёсгүй гэсэн байр суурь. Гэсэн атлаа Израил өөрөө цөмийн зэвсэгтэй боловч “Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх гэрээ”-нд нэгдээгүйг мартаж болохгүй.
Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх гэрээ нь цөмийн зэвсэггүй улсууд зэвсэг авахгүй байх, цөмийн зэвсэгтэй улсууд цаашид зэвсгээ устгах үүрэг хүлээх гэсэн маш энгийн солилцоон дээр тулгуурладаг. Үүнийхээ хариуд гишүүн улсууд нь цөмийн технологийг энхийн зорилгоор ашиглах эрхтэй. Нийт 191 гишүүнтэй хамгийн өргөн хүрээтэй зэвсэг хураах хэлэлцээр хэдий ч АНУ, ОХУ, БНХАУ, Их Британи, Франц гэсэн цөмийн зэвсэгтэй таван улс бүгд өнгөрсөн хугацаанд цөмийн зэвсгээ шинэчилчихсэн.
2015 оны цөмийн хэлэлцээр JCPOA Ираны цөмийн хөтөлбөрийг хязгаарлаад, хариуд нь Иранд тавьсан эдийн засгийн хоригуудыг сулруулах зорилгоо биелүүлсэн. Мөн хамгийн чухал нь олон улсын байцаагчид (IAEA) Иранд өргөн хүрээтэй хяналт хийх эрхтэй болсон. Маш чухал уг хэлэлцээрийг АНУ, ялангуяа Трамп JCPOA-аас гарч, Иранд нэг талын хоригуудыг дахин сэргээсэн нь бүрэн нураасан юм.
АНУ болон Олон улсын атомын энергийн агентлаг (IAEA)-ийн үнэлгээгээр Иран одоогоор цөмийн зэвсэг бүтээж байгаа нотолгоо байхгүй ч өндөр түвшний ураны баяжуулалт (60%), олон улсын шалгалтаас татгалзах болсон явдал, цөмийн зэвсгийн хэлэлцээрүүд задарч эхэлснээр байдал түгшүүртэй болж байгаа аж.
Ираны зарим улстөрч АНУ, Израилийн цохилтын дараа “Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх гэрээ”-нээс гарах, эсвэл цөмийн зэвсэг хөгжүүлэх талаар нээлттэй ярьсан гэж мэдээлдэг. Өөрсдийг нь зогсоох өөр хэн ч байхгүй учраас цөмийн зэвсэгтэй болох хүслийг нь хэн ч, хэзээ ч зогсоож чадахгүй тийм зам руу Ираныг түлхэх үү, түдгэлзүүлэх үү гэдэг Трампын дараагийн алхмаас л шалтгаална.