
Meta нийт ажилтнуудынхаа ойролцоогоор 10 хувь буюу 8000 орчим хүнийг ажлаас чөлөөлөх төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдлээ. Энэ нь хиймэл оюун ухаантай холбоотойгоор технологийн салбарт гарч буй цомхотголын сүүлийн жишээ болж байна.
Компанийн хүний нөөцийн захирал Жанелл Гейл Bloomberg-т нийтэлсэн мэдэгдэлдээ 6000 орчим нээлттэй ажлын байрыг мөн хаахаар болсон гэж дурджээ. Цомхотгол тавдугаар сарын 20-ноос хэрэгжиж эхэлнэ.
“Бид компанийг илүү үр ашигтай ажиллуулах, мөн хийж буй бусад хөрөнгө оруулалтыг тэнцвэржүүлэх зорилгоор ийм шийдвэр гаргаж байна” гэж Гейл мэдэгдсэн байна.
Meta 2025 онд дата төв болон AI дэд бүтцэд 72.2 тэрбум ам.доллар зарцуулсан бөгөөд 2026 онд энэ зардал дор хаяж 115 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй.
Тус компани мөн супер-оюун ухааны лабораторидоо хөрөнгө оруулж, Moltbook, Manus зэрэг AI стартапуудыг худалдан авсан.
META-гийн хувьцаа пүрэв гарагт 2 хувиар унасан байна.
Сүүлийн нэг жилд олон компани AI нь үр ашгийг нэмэгдүүлж байна гэж үзэн ажилтнуудаа цомхотгож байна. Amazon нэгдүгээр сард 16 000 ажилтнаа цомхотгоно гэж мэдэгдсэн бол Block 40 хувийн бууралт хийхээ зарласан.
Марк Зукербер энэ оны эхээр AI нь ажлын хэлбэрийг эрс өөрчилнө гэж анхааруулсан. “Өмнө нь том баг шаарддаг байсан ажлыг одоо ганц чадварлаг хүн гүйцэтгэж чаддаг болж байна” гэж тэр хэлжээ.
Meta цомхотголд өртсөн АНУ-ын ажилтнуудад 16 долоо хоногийн үндсэн цалин болон ажилласан жил тутамд нэмэлт хоёр долоо хоногийн тэтгэмж олгоно гэдгээ мөн мэдэгдсэн.