
Нэгдүгээр ангийн сурах бичгүүдийг сайд, дарга нарт хамааралтай компаниудаар хийлгэх болсон асуудлыг дэлгэж, Монсудар хэвлэлийн газрын төлөөллүүд мэдээлэл хийлээ.
Хэвлэлийн хурлаар нийтийн боловсролын тогтолцоо хүүхдэдээ үйлчилж байна уу, эсвээс улс төртэй хамаарал бүхий компаниудын бизнесийн зорилгын золиос болсоор байгаа юу гэх асуудлыг хөндсөн юм. Үүнээс гадна шинээр хэвлэгдсэн, сургуулиудад тараагдсан сурах бичгийн зургийн өгүүлэмжийг хиймэл оюунаар зурж, нийтэд хүргэжээ. Зургууд тун их алдаатайгаас гадна хиймэл оюуны үнэлэмжийн эх өгөгдөл, тайлан, хүний эцсийн үнэлгээний хуудас болж чадах уу гэх асуултыг тавив.
Хамгийн гол нь хэвлэлийн газар бус хэвлэх үйлдвэр сурах бичих зохиож, түүнийг нь хүлээн зөвшөөрч байгаа Боловсролын яам, Сангийн яам, Боловсролын ерөнхий газар зэрэг байгууллагууд хууль зөрчсөн явдал гэж үзжээ.
-ГУРАВХАН ХОНОГИЙН ДОТОР AI-ГААР СУРАХ БИЧИГ ХИЙЖ ХҮҮХДҮҮДЭД ТАРААСАН-
Энэ талаар Монсудар хэвлэлийн газрын захирал Р.Энхбат:
“Бид хайрцаглах гэж үгийг мэднэ. Мөн тавилттай тендер гэж ч мэднэ. Эхнээсээ хэнийг, юуг, яаж шалгаруулж, хэдэн төгрөг өгөх вэ гээд бүх ажлаа төлөвлөж, тендер зарладаг. Бид яг ийм хайрцагт ороод гарлаа. Төр өөрийн хийх ёсгүй юмыг хийгээд эхлэхээр хайрцаг томорч, хийх ажил нь их болж байна. Үүнийг нь мөнгө дагалддаг. Мөнгө, эрх мэдэл хоёр дагалдахаар мэргэжлийн хүмүүс хэрэггүй болдог юм байна. Монголд хэвлэлийн газар гэдэг бүртгэлтэй 120 гаруй байгууллага бий. Тэдний дунд зарласан нэгдүгээр ангийн сурах бичиг хэвлэх, зохиох тендерт Монсудар хэвлэлийн газар оролцсон. Мэргэжлийн байгууллага, мэргэжлийн хүмүүс боловсролыг хөгжүүлэх учиртай. Гэтэл хэвлэлийн хоёр үйлдвэр орж ирээд бүх захиалгыг ном ёсныхоо дагуу өөрийн болгож авлаа. УИХ-ын хоёр гишүүн, тэдний нэг нь сайдаар ажилладаг ийм хүмүүсийн компаниудыг тендерт шалгарууллаа. Төр засгийн мөнгө, эрх мэдэл хоёр нэмэгдээд ирэхээр төсөв нэмэгддэг. Одоо бас төсөв хэлэлцэж байгаа. Төсвөөр маш том том ажил явагддаг ч үр дүнг нь хэзээ ч тооцдоггүй” гэв.
Мөн “Бид хүүхдэд сайн сурах бичиг хүргэх, хүүхдийг юм бодуулах, олон улсын чанар стандартад нийцсэн сурах бичиг хийх ёстой. Тийм итгэл дүүрэн байсан. Гэтэл энэ үгүй болсон. Тиймээс л эл хурлыг, асуудал дууссаны дараа ч заавал ярих, үнэнийг хэлэх шаардлагатай болж байгаа юм. Бид хүүхдээ боддоггүй, “Сурах бичиг”-ээр бизнес л хийдэг. Энд би манайхыг шалгаруулаад өгөөч гэж гуйгаагүй. Гуйх ч үгүй. Гол нь энэ нөхцөл байдлыг хүмүүст дэлгэрүүлж ярихгүй бол хэвлэх үйлдвэр, хэвлэлийн газрынхаа ялгааг ч гаргаж чаддаггүй. Өөрөөр хэлбэл хэвлэлийн газар гэдэг нь улс орны оюун санааны ундарга болж байдаг газар. 9 сарын 1-нд сурах бичиг байхгүй байсан. Гуравхан хоногийн дотор хиймэл оюунаар хийгээд тараасан. Ийм байж болохгүй шүү дээ” хэмээв.
-AI ЗУРАГТАЙ СУРАХ БИЧИГ БОЛОВСРОЛЫН ХӨТӨЛБӨРИЙН ШИНЭЧЛЭЛ БИШ-

Харин Монсудар хэвлэлийн газрын “Жангар” редакцын зураач Б.Төрмөнх,
“Сурах бичиг”-ийн зургийн хувьд заавал ярих шаардлага үүсээд байна. Учир нь 6 настай хүүхэд текст уншиж сураагүй байгаа шүү дээ. Тиймээс хамгийн түрүүнд зургаар мэдээлэл, боловсролын анхан шатны зорилгыг олж авах ёстой. Гэтэл өнөөдөр гарсан сурах бичгүүд AI-ээр зургийг нь бүтээчихсэн, тэр нь боловсролын зорилго, хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохирдоггүй. Ерөнхийдөө номын чимэглэл маягийн зургууд. Чимэглэл маягаар үүсгэсэн зураг хүүхдэд боловсролын хөтөлбөрөөр олгох ёстой байсан ямар ч чадварыг эзэмшүүлэхгүй. Түрхэн зуур нүд хуурах л зорилготой.
Ингээд аваад үзвэл Боловсролын яамнаас шалгарсан сурах бичгүүд тэр чигээрээ AI зурагтай байгаа нь боловсролын хөтөлбөрийн шинэчлэлд үр дүн, үүрэг хариуцлагыг нөхөж чадахгүй. Жишээ нь зарим зургууд бүгд адилхан, ихэр юм шиг, бүр гурван хөлтэй охин ч байна. Гэтэл хүүхэд зургийг хараад үнэн гэж боддог, итгэдэг, тэгж ойлгох ёстой. Тэгэхээр зэрэг оролцогч компаниуд ашгийн төлөө болохоос бус хүүхдээ бодож хийгээгүй ажил гэж харж байна. Энэ бол боловсролын шинэчлэл биш, зарим газрууд ийм ахархан сэтгэлгээгээр ашиг олох бизнес болгож, хүүхдүүдийнхээ боловсролыг хорлодоггүй байгаасай гэж хүсэж байна” гэв.
-ТЕНДЕРИЙН ЯВЦ УДААШИРСАН НЬ АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛ ҮҮССЭН БАЙЖ БОЛЗОШГҮЙ-

Мөн хуульч Д.Доржпүрэв дараах мэдээллийг өглөө.
“Уг тендерийг Боловсролын ерөнхий газар зохион байгуулсан. Та бүхний мэдэж байгаагаар тендерийн явц удааширсан нь захиалагч байгууллагын Үнэлгээний хорооны мэдлэг, ур чадвар, мэргэшсэн байдалтай холбоотой байж болзошгүй гэж үзэж байгаа. Энэ асуудлаар Авлигатай тэмцэх газарт гомдол гаргаж, шалгуулж байгаа юм. Ашиг сонирхлын зөрчил үүссэн байж болзошгүй гэж үзэж байгаа гол шалтгаан бол “Соёмбо принт” компанийн хувьд УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан 2000-2007 онд тус компанийн Ерөнхий менежер, захирлаар ажиллаж байсан. Харин “Мөнхийн үсэг” компанийн хувьд Гадаад харилцааны сайд, УИХ-ын гишүүн Б.Батцэцэг 1996-2005 онд тус компанийн Ерөнхий захирлаар ажиллаж байсан. Эдгээр компани шалгарч байгаа нь манай компанийн хувьд гомдолтой асуудал. Төр засаг хүүхдүүдийг бодсонгүй, зөвхөн ашиг хонжоо харлаа гэж үзэж байна. 2024-2025 онд татвар төлөгчдийн 6.7 тэрбум төгрөгөөр боловсруулсан туршилтын сурах бичгийн агуулгыг тендерт оролцож буй компаниуд хэрхэн олж авсан нь эргэлзээтэй” хэмээлээ.
Монсудар компанийн хувьд тус тендерт НДШ-ийн үлдэгдэлтэй, шаардлага хангаагүй гэх үндэслэлээр хасагджээ. Харин тус хэвлэлийн газрын зүгээс ямар нэгэн татварын өргүй, гүйцэтгэгч компани 1.8 сая төгрөгийн үлдэгдэлтэй байсан гэх мэдээллийг өгсөн юм. Мөн уг шаардлагыг бусад бүх оролцогчдод яг ижил тавьсан уу гэх асуултыг хөндөв. Хамгийн чухал нь нийтийн дунд сурах бичгийн агуулга болоод хүрэлцээний асуудал ихээхэн яригддаг. Сүүлийн хоёр жил дарааллан ихэнх хүүхдүүд 9 сарын 1-ийг сурах бичиггүй угтсан. Гэтэл хэдхэн хоног, сарын дотор хиймэл оюунаар захиалга өгч сурах бичиг нэртэй “брошур” тараасан гэдгийг хэвлэлийн хуралд оролцогчид онцлов.