
Үндсэн хуулийн цэц өнөөдөр Их суудлаа хуралдуулж Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36.7 дахь заалт нь Үндсэн хуулийн 51.2 дахь хэсгийг зөрчсөн эсэх маргааныг хэлэлцлээ.
Үндсэн хуулийн цэц 2016 оны арвахоёрдугаар сарын 2-ны 12 дугаар дүгнэлтээрээ Монгол Улсын шүүхийн тухай “Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүх санал болгосноос хойш Ерөнхийлөгч 14 хоногийн дотор зургаан жилийн хугацаагаар, зөвхөн нэг удаа томилно.” гэсэн заалтын “… зөвхөн нэг удаа …” гэдэг нь Үндсэн хууль зөрчиж байна гэж үзэн уг заалтыг хүчингүй болгожээ. Гэвч УИХ 2021 оны нэгдүгээр сарын 15-нд Монгол Улсын шүүхийн тухай хуулийг батлахдаа уг хуулийн 36.7-д дээрх заалтыг агуулгаар нь дахин сэргээж баталсан байна. Энэ нь Үндсэн хуулийн 51.2 дахь хэсгийг зөрчсөн байна гэж үзэн иргэн Г.Нацагдорж Цэцэд мэдээлэл гаргажээ.
Цэцийн Их суудлын хуралдаанд УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Дам.Цогтбаатар гишүүн оролцлоо.
Цэц дээрх маргааныг хэлэлцээд "Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36.7-д "Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүх санал болгосноос хойш Ерөнхийлөгч 14 хоногийн дотор зургаан жилийн хугацаагаар, зөвхөн нэг удаа томилно" гэж заасны зөвхөн нэг удаа гэдэг нь Үндсэн хууль зөрчиж байна" гэж дүгнэлээ. Өөрөөр хэлбэл, Цэц 2016 онд гаргасан шийдвэрээ хэвээр хадгалж "Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36.7-дахь заалтын "зөвхөн нэг удаа" гэсэн хэсгийг хүчингүй болгов. Ингэснээр ирэх зургаадугаар сарын 2-нд бүрэн эрхийн хугацаа нь дуусах Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригийг хууль зүйн хувьд улираан томилох боломжтой боллоо.