
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Ажил, амралтын цагийн зохицуулалтын тухай Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. Уг тогтоолын төслийн агуулга нь долоодугаар сарын 16, 17-ны өдрийг амралтын өдөр болгох юм.
Үндэсний их баяр наадмаар тав хоног амрахаар хуульчилсан. Энэ жил долоодугаар сарын 11, 12 нь амралтын өдрүүд таарч байгаа учраас ажлын өдөр рүү шилжүүлэх тогтоолын төслийг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Засгийн газрын хуралд оруулж батлууллаа. Ингэснээр долоодугаар сарын 16, 17-ны ажлын өдрийг амралтын өдөрт шилжүүллээ. Энэ талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны төрийн нарийн бичгийн дарга А.Даваажаргал удахгүй мэдээлэл хийх гэж байна.
Засгийн газар ийнхүү ажлын өдрийг амралтын өдөрт шилжүүлэх шийдвэр гаргаснаар энэ жилийн Үндэсний их баяр наадмаар долоодугаар сарын 10-19-ны хооронд амарч, 20-ны даваа гарагт ажил цуглахаар боллоо.