
Израилийн Ерөнхийлөгч Исаак Херцог өнгөрсөн долоо хоногт болсон парламентын сонгуулийн албан ёсны дүнг хүлээн авсны дараа шинэ эвслийн Засгийн газар байгуулах эрхийг хэнд олгох талаар улс төрийн намуудтай зөвлөлдөж эхэлжээ. Сонгуулиар аль ч тал парламентын олонхын суудал авч чадаагүй байна.
Ерөнхий сайд Беньямин Нетаньяхугийн тэргүүлсэн баруун жигүүрийн “Ликуд” нам болон холбоотнууд нь 120 суудалтай Кнессетэд 53 суудал авсан бол түүний өрсөлдөгч Гади Эйзенкотын эвсэл 48 суудал авчээ. Харин Арабын төлөөлөл давамгайлсан хоёр эвсэл нийлээд 19 суудал авсан нь Засгийн газар байгуулахад шийдвэрлэх нөлөө үзүүлэх боломжтой болгожээ. Гэвч еврей намуудын нэгээс бусад нь эдгээр намтай хамтран Засгийн газар байгуулахгүй гэдгээ сонгуулиас өмнө мэдэгдсэн байна.
Херцог улс төрийн намуудын удирдлагуудад хандан, дахин сонгууль явуулахаас зайлсхийхийн тулд амласан бүхнээ биелүүлэх боломжгүй гэдгийг ойлгох хэрэгтэйг анхааруулжээ. Мөн Нетаньяхугийн тал Арабын намууд сонгуулийг “хулгайлсан” гэх үндэслэлгүй мэдэгдэл гаргасан ч сонгуулийн дүнг баталгаажуулахад саад болох шалтгаангүй гэж Сонгуулийн төв хороо мэдэгдсэн байна. Гадаадын оролцоо байсан эсэхийг Израилийн дотоод аюулгүй байдлын Шин Бет алба шалгаж байгаа ч энэ нь сонгуулийн үр дүнд үндсэн өөрчлөлт оруулахгүй гэж Сонгуулийн төв хорооны тэргүүн онцолжээ.
Израилийн Ерөнхийлөгч парламентын гишүүдээс Засгийн газар байгуулах хамгийн өндөр боломжтой гэж үзсэн нэг хүнд эрх олгох бөгөөд тухайн хүн 28 хоногийн дотор Засгийн газраа байгуулах ёстой. Шаардлагатай тохиолдолд хугацааг 14 хоногоор сунгаж болох аж.
М.Мичидмарал