
The Lancet сэтгүүлд 2022 онд нийтлэгдсэн, 204 улсын 2019 оны мэдээллийг хамарсан томоохон судалгаагаар тухайн онд нянгийн эсрэг эмийн тэсвэржилтийн улмаас дэлхий даяар 1.27 сая хүн шууд нас барсан бол нийт 4.95 сая хүний нас баралт энэ асуудалтай холбоотой гэх дүн гарчээ.
Судалгаанд 23 төрлийн нян, нян болон эмийн 88 хослолын мэдээлэлд дүн шинжилгээ хийсэн байна. Нянгийн эсрэг эм буюу бидний мэдэхээр антибиотикт тэсвэржилтийн улмаас амиа алдсан хүмүүсийн тоо ХДХВ/ДОХ болон хумхаа өвчний улмаас нас барсан хүний тооноос ч өндөр байгаа нь толгойн өвчин болж эхэлсний дохио байлаа.
Үр дүнтэй антибиотик нь орчин үеийн анагаах ухааны олон салбарын үл үзэгдэх суурь болдог. Тухайлбал, хими эмчилгээ, эрхтэн шилжүүлэн суулгах, үе мөч солих мэс засал, эрчимт эмчилгээ зэрэгт антибиотик зайлшгүй шаардлагатай. 2015 оны судалгаагаар АНУ-д мэс засал болон хавдрын эмчилгээнд хэрэглэдэг антибиотикийн үр нөлөө 30 хувиар буурсан тохиолдолд жил бүр ойролцоогоор 120000 орчим нэмэлт халдвар, 6300 нас баралт нэмэгдэх тооцоолол ч хийгдэж.
Александр Флеминг 1945 онд пенициллинийг буруу хэрэглэвэл нянгийн тэсвэржилт үүсэж, эмийн үр нөлөөг үгүй хийнэ хэмээн сануулснаас 80 гаруй жилийн дараа түүний анхааруулсан зүйл дэлхийн бодит аюул болсон нь энэ.
Антибиотикийн олон жорыг таамаглалд үндэслэн бичдэг. Учир нь халдвар нянгаар уу, эсвэл вирусээр үүссэн эсэхийг шуурхай тодорхойлох шинжилгээ хэдэн зуун ам.долларын үнэтэй бөгөөд даатгалын байгууллагууд тэрхүү зардлыг нөхөн төлдөггүй. Тиймээс эмч нар таван ам.долларын эм шаардлагатай эсэхийг тогтоохын тулд хэдэн зуун ам.долларын шинжилгээ хийлгэ гэх шийдвэрийг гаргахаас татгалздаг. Үүний улмаас эмч нар боломжтой мэдээлэлдээ тулгуурлан эмчилгээний шийдвэр гаргахаас өөр аргагүй болдог. Харин үр дүнд нь зөвхөн АНУ-д амбулаторийн нөхцөлд бичиж буй антибиотикийн жорын бараг гуравны нэг нь шаардлагагүй бичигдсэн байдаг аж. Гэхдээ энэ шийдвэр эмч нараас илүүтэй нийгэм, эдийн засаг хийгээд улс төрийн шийдлээс үүдэлтэй.
Антибиотикт тэсвэртэй нянгийн тархалт зөвхөн эрүүл мэндийн салбарын асуудал биш, харин үндэсний аюулгүй байдал, эмийн нийлүүлэлтийн бие даасан байдалтай шууд холбоотой стратегийн эрсдэл болжээ.
Антибиотикт тэсвэртэй нян гэдэг шууд утгаараа амь насанд аюултай эрсдэл төдийгүй, цэргийн салбарын аюулгүй байдалд ч заналхийлдэг. Вирусийн цар тахлын үед хоёрдогч бактерийн халдвар нь нас баралтын гол шалтгаануудын нэг болдог. Сонирхолтой нь эмийн нийлүүлэлтийн сүлжээний дийлэнх хэсэг нь Хятадаар дамждаг. Хятад улс дэлхийн антибиотикийн идэвхтэй найрлагын бараг тал хувийг, амоксициллин болон түүнтэй төстэй эм үйлдвэрлэдэг химийн үндсэн түүхий эдийн 94 орчим хувийг нийлүүлдэг. Энэ нь дэлхийн аль ч улсын хувьд Хятадаас үүдэлтэй геополитикийн хамгийн том сорилтуудын нэг болох магадлалтай.
2022 оны эхээр хүүхдэд өргөн хэрэглэдэг шингэн амоксициллиний жорын дагуу эм олгох нийлүүлэлт тасалдахад Америкийн эцэг эхчүүд эмийн сангаас эмийн сан руу явж, эм хайж байв. Энэ бол зах зээлд үүссэн донсолгоо байлаа. Тэгвэл геополитикийн хямрал үүнээс ч дор үр дагаварт хүргэж болзошгүй. Тийм ч учраас энэ асуудал дэлхийн эрүүл мэндийн бодлогыг анхааралтай ажигладаг хүн бүрийн хувьд анхаарах асуудал мөнөөсөө мөн.
Антибиотикт тэсвэржилт гэдэг нь нян антибиотикийн үйлчлэлд дасан зохицож, тухайн эмээр устахаа болих үзэгдэл юм. Үүний улмаас энгийн антибиотикоор эмчилдэг байсан халдвар хүндэрч, эмчилгээний сонголт хумигддаг.
Гэхдээ эмийн компаниуд яагаад шинэ антибиотик бүтээхээ больсон бэ гэх асуудал эндээс төрнө. Хариулт нь маш энгийн. Эмийн зах зээлийн эдийн засгийн тогтолцооны доголдол. Тодруулбал, шинэ антибиотик бүтээхэд урт хугацаа, асар их хөрөнгө шаарддаг. Нөгөө талд шинэ антибиотикийг тэсвэржилтээс хамгаалахын тулд аль болох цөөн хэрэглэх ёстой. Тэгэхээр бизнесийн ашиггүй хувилбар буюу борлуулалтын хэмжээ багассанаар компаниуд судалгаа, хөгжүүлэлтийн зардлаа нөхөж чадахгүйд хүрдэг. Тиймдээ ч томоохон эмийн компаниуд антибиотикийн судалгаанаас гарч эхэлжээ. Дэлхийд танигдсан Novartis, AstraZeneca, Allergan, Sanofi зэрэг компаниуд 2016- 2018 оны үеэс антибиотикийн судалгаагаа зогсоожээ. Мөн АНУ-ын Калифорнид төвтэй Achaogen стартап 2018 онд шинэ антибиотик бүтээж, зөвшөөрөл авсан боловч ердөө нэг жилийн дараа дампуурсан жишээ ч бий. Энэ нь шинэ антибиотик бүтээхэд шинжлэх ухааны ололт хангалтгүй, эдийн засгийн тогтвортой хөшүүрэг шаардлагатайг харуулж байна. Мөнгө санхүүгээс илүү улс төрийн зоригтой шийдвэр, улс орнуудын хамтын ажиллагаагаар үүсээд буй эрсдэлийг шийдэж чадна. Яг л Ковид19 цар тахлын үед дэлхий нийтээрээ цар тахалтай амжилттай тэмцсэн шиг.
Нянгийн эсрэг эмийн тэсвэржилт (AMR) гэдэг нь бактери, вирус, мөөгөнцөр, шимэгч хорхой зэрэг бичил биетнүүд нянгийн эсрэг эмийн үйлчлэлд хариу үзүүлэхээ болих үзэгдэл юм. Үүний улмаас халдварт өвчнийг эмчлэхэд хүндрэлтэй болох, эсвэл эмчлэх боломжгүй болж, өвчин тархах, хүндээр өвчлөх, хөдөлмөрийн чадвараа алдах, нас барах эрсдэл нэмэгддэг.
Нянгийн эсрэг эмийг буруу, бас хэтрүүлэн хэрэглэх нь эмэнд тэсвэртэй эмгэг төрүүлэгч бичил биетнүүд үүсэх, тархах гол шалтгаан болж байна.
Шинэ болон одоо ашиглаж буй вакцин, оношилгооны арга, эмийн зохистой хүртээмж хангалтгүй байгаа нь энэ хямралыг улам даамжруулж байгаа аж. 2023 онд дэлхий даяар лабораторийн шинжилгээгээр батлагдсан бактерийн халдварын ойролцоогоор зургаан тохиолдол тутмын нэг нь антибиотикт тэсвэртэй байсныг харуулжээ. ДЭМБ-ын тооцоолсноор антибиотикийн тэсвэржилт хамгийн өндөр байгаа бүсүүд нь Зүүн Өмнөд Ази болон Зүүн Газар дундын тэнгисийн бүс юм. Эдгээр бүсэд бүртгэгдсэн халдварын гурван тохиолдол тутмын нэг нь антибиотикт тэсвэртэй байна. Бактерийн халдварыг оношлох, эмчлэх эрүүл мэндийн тогтолцооны чадавх сул орнуудад эмийн тэсвэржилт илүү түгээмэл бөгөөд улам даамжирч байгаа нь анхаарах өөр нэг өнцөг юм.
Антибиотик тэсвэржилтийг ингэж чухал авч үзэх шалтгаан нь товчхондоо нянгийн тэсвэржилт бидний хяналтаас гарч эхэлж буйтай холбоотой. Энэ бол тоглоом биш. Антибиотик хэрэглэснээр яг тухайн нянд үйлчилнэ гэсэн үг биш. Тэгсэн атлаа бидний биед орших хэвийн бичил биетүүдийг устгах сөрөг нөлөө ч үзүүлдэг. Үүний үр дүнд устаагүй үлдсэн нь тэсвэртэй болж үүнээс антибиотикийн тэсвэржилт үүсдэг.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын (ДЭМБ) 2018 оны арваннэгдүгээр сард нийтэлсэн “Антибиотикийн хэрэглээний тандалт” тайланд дурдсанаар Монгол Улс антибиотикийн хэрэглээгээр дэлхийн 65 улс, бүс нутгаас нэгдүгээрт жагсжээ. ДЭМБ улс орнуудын эмийн хэрэглээний түвшнийг харьцуулахдаа тогтоосон хоногийн тун (Defined Daily Dose – DDD) хэмээх хэмжүүр ашигладаг. Энэ нь тухайн эмийг насанд хүрсэн хүний нэг хоногт хэрэглэхээр тогтоосон дундаж тун юм. Антибиотикийн хэрэглээг 1000 хүнд ногдох хоногийн тунгаар тооцдог. Тэгвэл тайланд дурдсанаар Монгол Улсад 1000 хүнд өдөрт ногдох антибиотикийн хэрэглээ 64 DDD байжээ. Антибиотикийн хэрэглээгээр Монголын дараа Иран улс 1000 хүнд өдөрт ногдох 38.78 DDD үзүүлэлтээр, Турк улс 38.18 DDD үзүүлэлтээр гуравдугаарт жагссан байна. Харин антибиотикийн түүхий эдийг “баздаг” хөрш БНХАУ-д энэ тоо ердөө 3 DDD гэж гарчээ.
Дэлхийн хэмжээнд антибиотикт тэсвэртэй 18 нян тогтоогдсон байдгаас манай улсад 6-8-ыг нь илрүүлдэг. Ингэснээр антибиотикт тэсвэртэй нянтай хүмүүсийг бусдаас тусгаарлаж, тохирсон эмчилгээг хийх боломжтой болдог.
Энэ нь олон эмэнд тэсвэртэй нянтай үйлчлүүлэгч ирвэл түүнийг тусгаарлаж, тусад нь эмчилгээ хийдэг гэсэн үг. Одоогийн байдлаар манай улсад олон эмэнд тэсвэртэй нянгийн 44 тохиолдол бүртгэгдээд байгаа талаар Улсын 2-р төв эмнэлгийн халдвар судлалын их эмч Ц.Уянга дурдсан байдаг.
Улаанбаатар хотын 250 эмийн сангаар үйлчлүүлсэн 619 хүнийг 2006 оны арванхоёрдугаар сард судалж, эмийн сангийн ажилтнуудаас мөн мэдээлэл авахад судалгаанд оролцогчдын 48 хувь нь дор хаяж нэг төрлийн нянгийн эсрэг эм худалдан авсны 42 хувь нь эмчийн жортой байжээ.
Эмийн сангийн ажилтнуудын 67 хувь нь эмийн тун, хэрэглэх цагийн талаар мэдээлэл өгсөн гэж үйлчлүүлэгчид хариулсан. Харин гаж нөлөөний талаар мэдээлэл авсан хүн ердөө 9 хувь байсныг “Antimicrobial use in a country with insufficient enforcement of pharmaceutical regulations: A survey of consumption and retail sales in Ulaanbaatar, Mongolia” хэмээх энэ судалгааны нийтлэлд дурджээ.
Тэгэхээр бид өөрсдөө антибиотикт тэсвэртэй бактериудын эринийг урагшлахад хувь нэмрээ оруулж байна гэсэн үг.
The Lancet сэтгүүлд 2020 онд нийтлэгдсэн бага, дунд орлоготой найман орны тав хүртэлх насны хүүхдийн антибиотикийн хэрэглээг судалгааны дүнд хүүхэд төрснөөсөө таван нас хүртэл хугацаанд дунджаар 24.5 удаа антибиотик бичүүлсэн гэсэн тоо гарчээ.
Амьсгалын замын өвчтэй гэж оношлогдсон хүүхдүүдийн 80.5 хувьд, суулгалттай хүүхдүүдийн 50.1 хувьд, хумхаа өвчтэй хүүхдүүдийн 28.3 хувьд антибиотик бичсэн байжээ. Харамсалтай нь хүүхдийн ханиад, халууралт, суулгалт зэрэг түгээмэл шинж тэмдгийн үед антибиотик бичиж өгөх нь цор ганц сонголт, эмчилгээ байдаггүй. Ялангуяа вирусийн гаралтай өвчний үед антибиотик хэрэглэх нь үр дүнгүй төдийгүй харин ч эсрэгээрээ тэсвэржилтийн эрсдэлийг нэмэгдүүлдэг. Антибиотикийн зохисгүй хэрэглээ гэдгийг зөвхөн эмийг хэт олон удаа уух төдийхнөөр ойлгож болохгүй. Эмчийн жоргүй хэрэглэх, вирусийн халдварт антибиотик уух, буруу төрлийн антибиотик сонгох, тун болон эмчилгээний хугацааг буруу мөрдөх, шаардлагагүй үед эмч антибиотик бичих зэрэг олон хэлбэртэй.
“Олон улсын хэмжээнд олон нийтийн эмийн сангуудаар антибиотикийг эмчийн жоргүй олгож буй байдал болон түүнд нөлөөлж буй хүчин зүйлс” (Worldwide dispensing of non-prescription antibiotics in community pharmacies and associated factors: a mixed-methods systematic review”) судалгааны дүн маш сонирхолтой. 2023 онд нийтлэгдсэн уг судалгаанаас эш татвал, 52 орны 162 судалгааг нэгтгэн шинжлэхэд эмийн сангуудаас антибиотикийг жоргүй олгосон тохиолдлын нэгтгэсэн хувь 63.4 хувь гарсан байна. Антибиотикийг жоргүй олгох явдал бага орлоготой орнуудад өндөр орлоготой орнуудаас илүү түгээмэл байж. Харамсалтай нь сүүлийн хорин жилд энэ асуудал мэдэгдэхүйц сайжраагүй гэх дүгнэлт гарсан явдал нь антибиотикт тэсвэртэй нянгуудын тархалт нь ирээдүйн цар тахалтай дүйцэх хэмжээний аюул болж байгааг ахин сануулав.