
Дэлхийн улс орнууд жил бүрийн 6-р сарын 1-ний өдрийг “Дэлхийн сүүний өдөр” (World Milk Day) болгон тэмдэглэдэг уламжлалтай. Сүү, сүүн бүтээгдэхүүн болон сүүний салбарын нийгэм, эдийн засаг, хүн амын эрүүл мэндэд үзүүлэх ач холбогдлыг олон нийтэд таниулах зорилгоор НҮБ-ын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллага (FAO) энэхүү өдрийг 2001 онд санаачлан эхлүүлсэн билээ.
Уг өдрийн хүрээнд үндэсний тэргүүлэгч сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид “Milk Festival-2026” арга хэмжээг ХХААХҮЯ, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO), нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулж байна. Үндэсний Цэцэрлэгт хүрээлэнгийн баруун талд Баганат хөшөөтэй талбайд зохион байгуулагдаж буй “Milk Festival-2026”-ийн үеэр үндэсний үйлдвэрлэгчид СҮҮН ӨРТӨӨ байгуулж, бүтээгдэхүүний амталгаа, танилцуулга хийхээс гадна иргэдэд зориулсан олон төрлийн сонирхолтой энтертэйнмент үйл ажиллагааг зохион байгуулна.
Сүүний найрлагад ус, тос, чихэр, уураг, төрөл бүрийн амин дэм, эрдэс бодис гэх мэт 300 орчим шимт нэгдэл тодорхой хэмжээгээр агуулагддаг бөгөөд сүү, сүүн бүтээгдэхүүн нь бие махбодын өсөлт хөгжилтөд зайлшгүй шаардлагатай үл орлогдох амин болон тосны хүчил, аминдэм А, Д, В12, рибофлавин, кальци, фосфор, кали, магни, цайр зэрэг чухал шимт бодисын эх үүсвэр болдог.