
Өнөө цагийн хамгийн дуулиантай зохиолч, адармаат амьдралыг туулахын хэрээр тэр чинээгээр алдартай болж өөр лүү нь цусан туяа татуулан чиглэсэн ирт хутгыг эр зоригтой тосож аваад эдүгээ утга, уран зохиолд үзэл бодлоо илэрхийлэх, үг хэлэх эрх чөлөөний архитеп дүр (зохиолынхоо зүдэргээт хувь тавилантай баатрууд шиг) болтлоо яригдах болсон Энэтхэг гаралтай Английн зохиолч Салман Рушди энэ өдөр төржээ.
Тэр бол энэ цаг үеийн хүчирхэг хүүрнэлчийн нэгээс гадна ухамсрын гэрэл гэгээний эх булгийг хадгалагч нэгэн билээ. Ингээд түүний онцлох таван номыг танилцуулъя.
ФЛОРЕНЦИЙН ШИДЭТ ГҮНЖ
Нэг хүний дотор бүхэл бүтэн түүх, ард түмэн, байгаль, домог түүх, үлгэрийн цадиг цөм багтана. Тэр хүн нь магад Салман Рушди шиг хүчирхэг нэгэн, “Флоренцийн шидэт гүнж” романых нь Акбарын дүр шиг төсөөллийн уудам орон зайд ухамсраа ширгээлгүй оршиж чаддаг аялагч байх ёстой.
Уг роман бол түүх, домог, уран сэтгэмжийг гайхалтайгаар сүлж чадсан бүтээлүүдийн нэг. Зохиолын үйл явдал XVI зууны үед өрнөж, Энэтхэгийн Моголын эзэн хаан Акбар болон Сэргэн мандалтын үеийн Флоренц хотыг үл үзэгдэх нэгэн утсаар холбодог. Өөрийгөө хааны алс төрлийн хамаатан хэмээн зарласан нууцлаг аялагчийн хүүрнэлээр дамжин эрх мэдэл, хүсэл мөрөөдөл, дурсамж, домгийн хил хязгаарыг нэгтгэнэ. Рушди энэхүү романдаа Дорнод ба Өрнөдийн соёл иргэншлийн уулзвар, түүхэн үнэний харьцангуй чанар, хүний төсөөллийн хүчийг яруу найргийн өнгө аястай өгүүлсэн байдаг. Тиймээс “Флоренцийн шидэт гүнж” нь зөвхөн түүхэн роман бус харин соёл хоорондын харилцаа болон хүүрнэхүйн ид шидийн тухай гүн ухааны эргэцүүлэл болсон бүтээл юм.
ШӨНӨ ДУНДЫН ХҮҮХДҮҮД
Түүний хамгийн чухаг бүтээлүүдийн нэг бол Бүүкерийн шагналт бүх романуудын шилдгээр хоёр ч удаа нэрлэгдсэн “Шөнө дундын хүүхдүүд”. Энэтхэг улс Британийн колоничлолоос гарсан шөнө Египедийн цаг хонх цохихтой уралдан хийгээд удаалж төрсөн 1001 хүүхэд, тэдний дундаас онцгой шид өвлөсөн боловч ямар нэгэн байдлаар бие эрхтний согогтой мэндэлсэн Салем Синайгийн өгүүлэн буй түүхээр дамжуулан өөрийн эх орны тусгаар тогтнолын үеийн улс төрийн түүхийг Рушди уран зохиолын ертөнцөд шинээр бүтээдэг. Учир нь Салемийн хувь тавилан, энэ бие махбод нь улс эх орныхоо хувь тавилантай салшгүй холбоотой.
Хүүхдүүдийн ид шид өвлөсөн хийгээд биеийн зарим эрхтнээсээ ичгүүр мэдрэх тэрхүү бодит ахуйн дүрслэлүүдийн уран зөгнөлийг шидэт реализмын түүчээгээр үргэлжлүүлэхдээ Энэтхэг улсын тухайн үеийн нийгмийн хүмүүсийн сэтгэл зүй, улс төрийн эргэлт, хүлээснээс ангижирсан шинэ төрийн онцлогийг гүнзгий хөндөн гаргадаг.
ХУТГА
Энэ бол ямар нэг гэмт хэргийн тухай зохиол биш. 2022 оны 8 сарын 12-ны өдрийн бага үдэд Нью-Йорк мужийн Шатокуагийн үзвэрийн ордонд зохиолч Салман Рушдид тохиолдсон эмгэнэлт явдлын үрээс үүдсэн эр зоригийн тухай түүх. Харин хэвлэн нийтлэгчдийн зүгээс тус намтарчилсан бүтээлийг үзэн ядалтыг ялан дийлсэн үнэн хайрын түүх гэж тодорхойлсон байдаг.
...Амьдралын минь сүүлийн гэнэн цайлган өдөр болох наймдугаар сарын 11-ний тэр үдэш би жуулчны байрны гадаа ганцаар, нуурын мандалд тэргэлтэх сарыг ширтэн хэсэг зогсож билээ. Ганцаараа, шөнөд өлгийдүүлж, сартай ханьсаад л... Тэгэхэд би сарны баруун нүдийг шархдуулан газардсан сансрын хөлгийн дүр төрхийг л санаж байснаас маргааш өглөө нь баруун нүдэндээ шарх авах юм чинээ төсөөлөө ч үгүй билээ...
ДОРНО, ӨРНӨ
Аргентины суут зохиолч Хорхе Луис Борхес домог түүх, аман зохиолын дүрслэлүүдийг шидэт реализмын аргаар хүүрнэх бичлэгийн хэлбэрийг анхлан туршиж, ололтод хүрсэн билээ. Домог зүй, түүх, тэдгээрийн доторх дүрүүдийн үйл хөдлөлийг бэлгэдлийн аргаар өгүүлэмж рүү хөтлөн авчирч босгохдоо шидэт реализмын аргаар цоо шинэ хэв загварыг бий болгож байв. Тэр ийнхүү хооронд нь нэгтгэснээс бус аргачлал нь харин аль өмнөх зуунуудаас эхтэй. Үүнийг өдгөө уран зохиолд уламжлан хөгжүүлж буй хүн бол Салман Рушди.
Түүний “Дорно, Өрнө” өгүүллэгийн түүвэр нь номынхоо хоёр нэрд хуваагдсан тус бүр гурав гурван өгүүллэгтэй. Харин төгсгөлд нь эл хоёрыг нэгтгэсэн дахин гурван өгүүллэгээс бүрдэнэ. Өгүүллэг бүр нь газарзүйн байшрлаас хамааран орших үндэстнүүдийн сэтгэл зүйн эсрэгцэл гэхээс илүүтэй ухамсрын хуваагдал, мөн чанар, соёлын заагийг илэрхийлдэг. Өгүүллэг бүр тодорхой дэвшүүлсэн асуудлыг ард түмэн хийгээд хаан, энгийн аж төрөхүй болон эх орон, дурсамж, түүх ба уран сайхан зэргийг ганцхан экватор дээр зэрэгцүүлэн тавьдаг. Учир нь түүний хувьд өрнө, дорно бие биеэсээ үргэлж хамааралтайгаар хувьсан өөрчлөгдөг байж аж.
ШУЛМЫН ЯРУУ НАЙРАГ
Энэтхэгээс Английг зорин нисэж явсан Бостан хэмээх онгоц сүйрч түүнээс хоёрхон хүн амьд үлддэг. Нэг нь энэтхэг гаралтай жүжигчин Гибрийл Фаришта, нөгөө нь зохиолч Саладин Чамча. Тэд золгүй ослоос амьд үлдэх боловч унах явцдаа Фариштай тэнгэрийн сахиусан болж, Чамча харин чөтгөр болон хувирдаг. Гэвч нь энэ оюун санаа болоод бие махбодын эн тэнцүү хувирал байсан агаад тэдний хувьд бодит ба зэргэлдээ ертөнцийн хоорондох зааг үгүй болно. Романд тус метафизик дүрүүд болон Махоундын уран төсөөлөл, сэтгэлгээний өөрчлөлтүүд буюу ухамсарт зүүдээр чиглүүлсэн хоёр соёлын дунд хавчигдсан хэн бүхний сэтгэлзүйг төнхөж эхэлнэ. Шашин, эрх мэдлийн дэнс, бодит хийгээд далд ухамсарт өрнөх зүүдэн ертөнцийн зөрчилдөөнүүдээр дүүрэн ертөнцөд гол дүрүүд нь өөрсдийн шинэ хувилбартайгаа тэмцэхийн зэрэгцээ сүсэг бишрэл, итгэл үнэмшлийн гүн гүнзгий хямралыг туулдаг.
Үнэн гэж юу вэ? Хэн нэгний бусдад тулгасан итгэл үнэмшил үү, эсвээс түүх домог уу? Рушидигийн “Шөнө дундын хүүхдүүд”, “Ичгүүр”, “Шулмын яруу найраг” зэрэг романуудад үргэлж тавигддаг, мөнхүү “түүх бол эрх мэдэлтэй нэгний өөрийн оюун бодол, үзэл суртлаар бий болгосон аюултай зэвсэг учраас зохиомол зүйл” гэх санаа цухалздаг. Энэ нь түүхийг ор үндсээр нь үгүйсгэж байгаа хэрэг биш. Харин тэдгээрийн дотор үнэнээс хэт алс, эрх мэдэлтнүүд үзэл суртлын аймшигт зэвсгийг нууцалсан байдаг болохыг Рушди сануулж байгаа хэрэг.