
Зэвсэгт бүлэглэлүүд болон дээрэмчдийн барьцаалан мөнгө нэхдэг хүн хулгайлах гэмт хэрэг Нигер улсын хэмжээнд томоохон хямрал болоод байна.
Нигерийн засгийн газар тус улсын өөр өөр бүс нутагт хулгайлагдсан 300 гаруй иргэнийг тагнуулын мэдээлэлд тулгуурласан аюулгүй байдлын ажиллагааны хүрээнд суллаж чадсан тухай мэдэгдлээ.
Ерөнхийлөгч Бола Ахмед Тинубугийн тусгай зөвлөх Баио Онануга мэдэгдэлдээ "Ерөнхийлөгч Бола Ахмед Тинубу Нигер болон Квара мужид болсон тус тусын халдлагын үеэр хулгайлагдсан Нигерийн 308 иргэнийг амжилттай аварч суллалаа" гэжээ.
Мэдэгдэлд дурдсанаар:
Мөн тэднийг Нигер мужийн Нью Бусса нутгийн захиргааны нэгжид байрлах Кайнжи нуурын үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ойгоос "уялдаа холбоотой, тагнуулын мэдээлэлд тулгуурласан ажиллагаа"-ны үр дүнд аварсан гэж мэдэгджээ.
Энэхүү ажиллагааг Нигерийн Үндэсний терроризмтой тэмцэх төв удирдан, зэвсэгт хүчин, цагдаа болон улсын аюулгүй байдлын албаны хамтарсан баг хэрэгжүүлсэн байна. Засгийн газрын мэдээлснээр энэ нь Нигерийн хамтарсан аюулгүй байдлын хүчний нэг өдөрт хэрэгжүүлсэн хамгийн том хэмжээний аврах ажиллагаа болжээ.
Бенинтэй хил залгаа Квара мужийн захиргаа олон нийтийн сүлжээгээр дамжуулан аврах ажиллагааг сайшаасан талаар орон нутгийн Arise News мэдээлсэн байна.
Квара мужийн захиргаа мэдэгдэлдээ "Ерөнхийлөгч Бола Ахмед Тинубу, аюулгүй байдлын хүчнийхэн болон энэхүү томоохон амжилтад хувь нэмэр оруулсан бүх хүнд талархал илэрхийлье. Бид үнэхээр баяртай байна" хэмээн дурджээ.
Тэдгээр иргэдийг хоёрдугаар сарын 3-нд Кайама орчмын суурингууд руу хийсэн халдлагын үеэр хулгайлсан юм.
Нигерийн Punch сонины мэдээлснээр, Боко Харамтай холбоотой гэж сэжиглэгдсэн зэвсэгт этгээдүүд хэдэн цаг үргэлжилсэн зохион байгуулалттай халдлага үйлдэж, уг халдлагын үеэр дор хаяж 200 хүн амиа алдсан байна.
Нигерт гэмт бүлэглэлүүд, Боко Харамтай холбоотой зэвсэгт этгээдүүд болон "бандит" гэж нэрлэгддэг дээрэмчдийн барьцаалан мөнгө нэхэх зорилготой хүн хулгайлах хэрэг ноцтой асуудал болоод байгаа юм. Төрийн хяналт сул хөдөө орон нутаг, ялангуяа сургууль, сүм хийд зэрэг хамгаалалт багатай газрууд хамгийн их эрсдэлд өртдөг.
Нэгдүгээр сарын 18-нд Кадуна мужийн Курмин Вали тосгоны гурван сүмээс 177 хүнийг хулгайлсан хэрэг гарсан. Өнгөрсөн сард мөн өмнөд Оё мужид тавдугаар сард барьцаалагдсан дор хаяж 40 сурагч, багшийг аюулгүй байдлын алба сулласан юм.
Зургаадугаар сард Ерөнхийлөгч Тинубу сүүлийн нэг жилийн хугацаанд цэргийнхэн 13 мянга гаруй "террорист"-ыг устгасан гэж мэдэгдсэн. Мөн армийн мэдээлснээр, Борно мужаас эхлэлтэйгээр үйл ажиллагаагаа тэлсэн Боко Харам бүлэглэлд барьцаалагдсан 360 хүнийг аварч сулласан байна.
Ерөнхийлөгч Тинубу хамгийн сүүлд гаргасан мэдэгдэлдээ "Тагнуулын мэдээлэлд тулгуурласан энэхүү ажиллагаа амжилттай хэрэгжсэн нь манай аюулгүй байдлын байгууллагуудын үр ашиг, хамтын ажиллагаа улам сайжирсныг харууллаа. Нигерийн иргэдийн амь насыг хамгаалахын төлөө эр зориг, тууштай байдлаар үүргээ биелүүлж буй дүрэмт хувцастай эрэгтэй, эмэгтэй алба хаагчдадаа талархал илэрхийлье" гэжээ.