
Францын нэрт найруулагч Жан Пьер Жёне энэ өдөр төржээ. Түүний кинонд амьдрал хэзээд харагдаж байгаа тэр хэвээрээ үлддэггүй. Жёнэ бодит ахуйд жаахан зүүд, солиорол, гуниг нэмээд л өөрийнхөө ертөнц болгож орхидог.
AMÉLIE
Найруулагчийнхаа нэрийг дэлхийн кино урлагт баттай сийлж өгсөн бүтээл бол “Amélie”. Парисын Монмартрт амьдардаг ичимхий, мөрөөдөмтгий зөөгч бүсгүй Амели Пулен бусдын амьдралд үл анзаарагдам жижигхэн аз жаргалуудыг нууцаар бэлэглэнэ. Тэр өөрөө хайр, ганцаардал, хүсэл мөрөөдлийнхөө дунд төөрч явдаг атлаа бусдын амьдралыг засаж залруулахдаа гарамгай нэгэн.
Жёнегийн хувьд хайр дурлал гэдэг сүржин үг, үйл явдлаас илүү кофены аяганы ёроолд үлдсэн жижигхэн баяр хөөр, гудамжны салхинд хийсэх гэрэл, хүний сэтгэлд нуугдсан өчүүхэн хүсэл юм. Мөн киноны гайхамшиг нь үйл явдлаасаа илүүтэй түүний бүтээсэн ертөнцөд оршдог. Өнгө, гэрэл, хөгжим, камерын хөдөлгөөн, хачин содон дүрүүд бүгд нийлж бодит Парисыг үлгэрийн хот болгон хувиргана.
-660x0.jpeg)
DELICATESSEN
Жёнегийн кино ертөнцийн эх үндсийг ойлгох түлхүүр бол эл бүтээл. Тэрээр зураач, найруулагч Марк Каротой хамтран бүтээсэн бараан хошигнол, постапокалиптик кинонд хүн төрөлхтөн сүйрлийн дараах ертөнцөд амьд үлдэхийн тулд хүн чанараа худалдахад хүрдэг.
Хуучирч муудсан орон сууцны байшинд махны худалдаачин, түүний этгээд хөршүүд, залуу эрэгтэй Луисон нарын амьдрал огтлолцоно. Гэвч энэ бүхний цаана өлсгөлөн, айдас, хайр, амьд үлдэх хүсэл гэсэн маш энгийн боловч хүний харгис үнэн бий. Харанхуй, бохир, бараг зүүдний ертөнц шиг орчинд инээдмийн хэмнэл, гажууд дүрүүд, механик хөдөлгөөн, этгээд дуу чимээ нийлж өвөрмөц кино хэлийг бий болгожээ.
MICMACS
“Micmacs” галзуу, хөгжилтэй, хүүхдийн үлгэр шиг, сюрреалист шинжийг дахин нэгтгэсэн кино. Дайны үеийн зэвсгээс үүдсэн золгүй явдлын улмаас амьдрал нь эрс өөрчлөгдсөн Базил хоёр зэвсгийн үйлдвэрийн эзнийг үзэн ядах болж, нийгмийн захад амьдардаг этгээд хүмүүсийн бүлэгтэй нийлж тэдний эсрэг нарийн төлөвлөгөө зохионо.
Гэхдээ Жёнегийн сонирхол зэвсгийн үйлдвэрийг хэрхэн сүйтгэх тухай адал явдалд бус, жижиг хүмүүс том системийг өөрсдийн арга ухаан, инээдэм, төсөөллөөр хэрхэн эсэргүүцэж болох тухайд оршино.
THE CITY OF LOST CHILDREN
“The City of Lost Children” бол найруулагчийн төсөөллийн ертөнцийн оргил бүтээлийн нэг. Марк Каротой хамтран бүтээсэн уг кинонд хөгширч буй эрдэмтэн хүүхдүүдийн зүүдийг хулгайлж өөрийн амьдралыг уртасгахыг оролддог. Түүний эсрэг циркийн хүчтэн болон бяцхан Мьетт нар зогсоно.
Хүүхдийн зүүдийг хулгайлах тухай эл санааг Жёнэ, Каро хоёр механик төхөөрөмж, усан доорх ертөнц, гажууд архитектур, хар дарсан зүүд шиг дүрслэлээр дамжуулан тайлагдашгүй үлгэр болгон хувиргажээ. Тус кино 1995 оны Каннын кино наадамд өрсөлдөж, хожим нь культ бүтээлийн хэмжээнд үнэлэгдэх болсон.

A VERY LONG ENGAGEMENT
Найруулагчийн гунигтай дурсамжийн ертөнц дэлгэцнээ амилна. Дэлхийн нэгдүгээр дайны үед сүйт залуу нь фронтод амь үрэгдсэн гэх мэдээ авсан Матильд түүний үхсэн гэдэгт итгэхээс татгалзаж, үнэн мөнийг олохын тулд мөрдлөг эхлүүлнэ.
Ингээд хайр дурлалын түүхээр эхэлсэн кино дайн хүний амьдрал, ой санамж, хувь заяаг хэрхэн сүйтгэдгийг харуулсан драм болон хувирна. Одри Тоту дахин Жёнегийн бүтээлд тоглож, энэ удаа Амелигийн хүүхдэрхүү мөрөөдөмтгий байдлын эсрэг бууж өгдөггүй, хайртай хүнээ олохын төлөө дайны худал хуурмагийн дундуур алхах эмэгтэйн дүрийг бүтээсэн юм.