
Баянзүрх дүүргийн МАН-ын хорооны гишүүд, хорооны хэсгийн байцаагч болон иргэд нийлсэн 500 гаруй хүн хотын дарга Х.Нямбаатарт шаардлага хүргүүлнэ хэмээн цугласан. Энэ үеэр тэд Нийслэлийн төр захиргааны байр руу нэвтэрч орох шаардлага тавин, хамгаалалтын ажилчидтай зөрчил үүсгэв. Тухайн иргэд энэ оны Нийслэлийн төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах хүрээнд дүүргийн төсвөөс нийслэлийн төсөвт төвлөрүүлэх шилжүүлгийг 27.2 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, 214 тэрбум төгрөг байхаар зааж баталсан нь шударга бус хэмээн үзсэн юм.
Үүний хариуд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар "Э.Бат-Амгалан сайд дүүргийн төсвөөс өөрийн хүмүүстээ тус бүр 30 саяыг тарааж, хадам дүүгийнхээ хаус худалдан авахад нь урьдчилгаа болгосон. Төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулж, дүүгийнхээ бизнест хөрөнгө оруулж байгаа нь үнэн. Эздийнхээ хулгай луйврыг энэ хүмүүс захиалгаар хаацайлж байна” хэмээн мэдэгдсэн.
Баянзүрх дүүргийн 24 төрийн албан хаагчид нийгмийн баталгаа болон буцалтгүй тусламж гэж нийт 720 саяыг өгсөн байна. Түүнчлэн тус дүүргийн удирдлагууд төсвийн хөрөнгөөс 2023-2025 онд төрийн алба хаагч гэх 45 хүнд 1.3 тэрбум төгрөгийг нийгмийн баталгаа, буцалтгүй тусламж нэрээр олгож байжээ. Харин өнгөрсөн сард 24 төрийн алба хаагчид тус бүр 30 сая төгрөг буюу нийт 720 сая төгрөгийг олгосон аж.
Ийнхүү үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор Баянзүрх дүүргийн Засаг дарга Г.Жаргалсайхан мэдээлэл өглөө.
“Тамгын газрын зүгээс нэг ч компани руу нэг ч төгрөг, төсвийн мөнгөнөөс шилжүүлээгүй. Тэр “Опту” компани руу мөнгө шилжүүлсэн үйлдэл огт байхгүй. Бидний зүгээс ажилтан, албан хаагчиддаа нийгмийн баталгаа, тогтвор сууршильтай ажиллах хөтөлбөрийн хүрээнд энэхүү нэг удаагийн тэтгэмж олгосон. Эдгээр ажилтан, албан хаагчид маань өөрсдийн зүгээс боломжийн үнэтэй, хямд орон сууцыг санал болгож бид судалж ажилласан. Тийнхүү тухайн байрыг нь ашиглалтад түргэн шуурхай оруулах талаас нь ч анхаарсан. Дээрх тусламж авсан иргэдийн зарим нь эхнээсээ байрандаа орчихсон байгаа. Тус орон сууцыг нь “Мөнх арвин булаг” нэртэй компани барьсан. Тус барилга нь БЗД 37 дугаар хороонд бий. Уг байрыг өнгөрсөн оны 8 сард улсын комисс хүлээж авсан. Ажилтнууд маань нэг мкв тус бүр нь 1.880.000 төгрөгөөр үнэтэй байранд эхнээсээ орсон. Харин “Опту” гээд байгаа компанийн барилга нь замынхаа хойно, өөр газарт байгаа. Надад зураг, баримт бүх юм нь байна.
Эцэст нь баасан гарагт болсон жагсаалын үйл ажиллагаанд БЗД-ийн Тамгын газраас огтоос оролцоогүй. Жагсаалын асуудал бол өнгөрсөн 3 сарын 2-ны өдөр Нийслэлийн ИТХ-аар 2026 оны төсвийн тодотгосонтой холбоотой. Тухайн үед зөвхөн БЗД дээр 27.2 тэрбумыг нэмж тавьсан. Өөр ямар ч дүүрэгт нэмж төсөв олгоогүй. Үүнийг шударга бус гэж ДИТХ-ын төлөөлөгчид үзэж шаардлага хүргүүлсэн юм билээ. Бид тэгж л үзэж байгаа. Хотын дарга Х.Нямбаатар БЗД энэ жил 189 тэрбумыг нийслэлд төвлөрүүлж өгнө, тиймээс буцаагаад 180 орчим тэрбумын хөрөнгө оруулалтын төсвийг тогтоож өгсөн гэсэн. Энэ бол бодитой, үнэн мэдээлэл биш. Яагаад гэвэл энэ тодотголоор 27 тэрбум төгрөг нэмэгдэж, нийт 214 тэрбумыг нийслэлд төвлөрүүлэхээр ярьж байгаа. Шинээр хийгдэж байгаа хөрөнгө оруулалтын тухайд замын сангийн ажлуудыг оролцуулаад 51 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт байгаа.
Тэгэхлээр төрийн албан хаагчдын нэг удаагийн нийгмийн баталгаа, орон сууцны урамшууллын асуудал бол зөвхөн БЗД-ийн асуудал биш. Монголд 220 орчим мянган төрийн алба хаагчид бий. Өрхийн дунджаар 3.6 хүн амтай гэж тооцвол 800 мянга болно. Бүхий л байгууллага, төрийн алба хаагчид гэлтгүй иргэд, аж ахуйн нэгжээ дэмжих төсөл, хөтөлбөрийг бүхий л шатандаа, өөрсдийн чадах чинээгээр хэрэгжүүлж ирсэн байдаг” гэлээ.