Төрийн ордонд зохион байгуулагдсан Оюутолгойн сонсголын үеэр сэтгүүлчийн нүүр рүү нулимсан иргэн Ц.О-г 100 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.
Шүүхийн шийдвэрт,
Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэл оногдуулах саналтай тус шүүхэд ирүүлсэн зөрчилд холбогдогч Ц.О-д холбогдох 2509003337 дугаартай хэргийг 2025 оны 12 сарын 18-ны өдөр хянан хэлэлцлээ.
Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “Олон нийтийн газарт хэрүүл маргаан үүсгэж”, 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж зодсон” гэж заасан.
Зөрчлийн хэргийн материалаас үзвэл 2025 оны 12 сарын 10-ны өдөр зөрчилд холбогдогч Ц.О нь Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд байрлах Төрийн ордон дотор сэтгүүлчийн нүүр лүү нулимж, биед нь халдсан үйл баримт болсон байна.
Энэ үйл баримт нь livie-Төдэй нэртэй фэйсбүүкт хайлт хийж үзлэг хийсэн тэмдэглэл, сидинд үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч, холбогдогч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хариуцлага тооцох үндэслэлтэй гэж дүгнэж Ц.О-д Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 100.000 төгрөгөөр шийтгэл оногдуулж шийдвэрлэлээ гэжээ.