
АНУ, Их Британи, БНХАУ, БНСУ зэрэг дэлхийн 50 гаруй орны 30 мянга орчим сурагч хамрагддаг “World scholar’s cup” олон улсын тэмцээн манай улсад зохион байгуулагдаж байна. Тус арга хэмжээг “Улаанбаатар Элит” олон улсын дунд сургууль уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд энэ жилийн тэмцээнд 1000 орчим сурагч хамрагдаж байна.
Ирээдүйн сэтгэгч, манлайлагчид нэг дор чуулж, мэдлэг чадвар, ур дүйгээ сорихын сацуу бие биеэсээ суралцаж, нөхөрлөх боломж бүрдүүлж байгаа нь тус тэмцээний гол онцлог юм. Мөн хүүхдүүдийн илтгэх, мэдээлэл боловсруулах, харилцах, багаар ажиллах, бичих, логиктой сэтгэх зэрэг чухал чадваруудыг хөгжүүлж, төлөвшүүлдэг байна. Ийн хүүхдүүдийн суурь чадварыг нээж, хөгжүүлээд зогсохгүй “World scholar’s cup” тэмцээнд амжилттай оролцсон сурагчид тус тэмцээний шигээ шатанд оролцох эрхтэй болох юм. Түүнчлэн “World scholar’s cup” тэмцээний албан ёсны сертификат олгодог байна.
“World scholar’s cup” олон улсын тэмцээний үүсгэн байгуулагч Даниэл Бэрдикевски
“World scholar’s cup” дэлхийн олон оронд болдог. Монголд зохиогдож буй академик олимпиадын ялгарах гол онцлог нь хүүхдүүдэд олон тэмцээнд хөгжилтэйгөөр оролцож, өөрсдийгөө нээж илрүүлэх боломж олгодог. Энэ нь сурагчдад зөвхөн академик ур чадвар биш технологийн хөгжил, түүх, уран зохиол зэрэг маш олон сэдвийг сонирхож, түүнийгээ гүнзгийрүүлэн судлах хүсэл, эрмэлзлэл төрүүлдэг байгаа. Ингэснээр хүүхдийн хувь хүний хөгжил, академик хөгжилд нь эерэг нөлөөтэй. Энэ жилийн тэмцээний тухайд “Are we there yet” нэрийн дор зохион байгуулагдаж байна. Тэмцээнд оролцож байгаа монголын төдийгүй олон улсын хүүхдүүд ирээдүйн эх дэлхийг бүтээнэ. Тиймээс бидний хүрэх сайхан ирээдүйд энэ хүүхдүүд аваачина гэх агуулгаар тус нэрийн дор зохион байгуулагдаж байна.
“World scholar’s cup” тэмцээнд оролцож буй багш, сурагчдын сэтгэгдлийг хүргэе.
“Улаанбаатар Элит” сургуулийн сурагч Уянга
Би “Улаанбаатар Элит” сургуулийн 12б ангид суралцдаг. “World scholar’s cup” тэмцээн манай улсад найм дахь жилдээ зохиогдож байгаа. Энэ жил 25 гаруй сургуулийн 1000 орчим хүүхэд оролцож байна. World scholar’s cup” тэмцээн нь дөрвөн төрлөөс бүрддэг. Ингэснээр академик чадвараас гадна логик сэтгэлгээ, харилцааны чадвар, өрсөлдөгчийнхөө сэтгэл зүйг унших гэхчлэн олон ур дүй шалгадаг. Мөн хоёр өдрийн хугацаанд шинэ найзуудтай болж, олон хүүхдүүдтэй танилцаж чаддаг. Анх би наймдугаар ангидаа энэ тэмцээнд орж байсан. Одоо дөрөв дэх жилдээ ажиллаж байна.
2007 оноос хойш зохион байгуулагдаж буй “World scholar’s cup” тэмцээнд оролцож буй сурагчид гурав, гурваараа нэг баг болдог бөгөөд түүх, нийгэм судлал, урлаг, уран зохиол, шинжлэх ухаан зэрэг олон сэдвийн хүрээнд мэтгэлцэж, илтгэл тавьж, эсээ бичих зэргээр өрсөлддөг аж.
“Улаанбаатар Элит” сургуулийн сурагч Д.Буд
World scholar’s cup” тэмцээнийг хүүхдүүд зохион байгуулдгаараа онцлог. Ингэснээр зохион байгуулалтын багийн хүүхдүүд бие дааж, цаг барьж, хариуцлагатай байж, багаар ажиллаж суралцдаг. Мөн том хүмүүс зохион байгуулснаас хүүхдүүд зохион байгуулах нь оролцогч хүүхдүүдэд ч давуу талтай. Би энэ тэмцээний зохион байгуулалтын багт хоёр дахь жилдээ ажиллаж байна.
World scholar’s cup” нь олон улсын тэмцээнд оролцох сонирхолтой бүх хүүхдэд нээлттэй.