Долоо хоног тутмын "Үндэстний ТОЙМ" сэтгүүлийн 639 дэх дугаар хэвлэгдлээ. Энэ удаагийн дугаарт багтсан нийтлэлүүдийг танилцуулъя.
Нэг. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ирээдүйд хэн болохыг өнөөдөр шийднэ
Улс төрд анх орж ирэхдээ улсаа Азийн хүлэг улс болгох хүсэлтэй гэж мэдэгдэж байсан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүлэг нь улдаж, уралдааны замаас гарахдаа тулаад байна. УИХ өнөөдөр түүний ирээдүйд хэн болохыг шийднэ. Итгэл хүлээлгэвэл тэр Ерөнхий сайдаараа үлдэж, эс бөгөөс сул гишүүн болж хувирна. Ямар боловч энэ бүхнээс өмнө тодорхой болсон зүйл бол нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх байдлаа тэр алдлаа. Шударга ёс шаардсаар өнөөдрийн энэ суудалдаа очсон түүнээс шударга ёс нэхэх иргэдийн тоо өдөр ирэх тусам нэмэгдэж байна.
2024 оны УИХ-ын сонгуулиар Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд хэмээх учиртай гурван толгой МАН-аас хэн хэнийг нэр дэвшүүлэхийг шууд шийдвэрлэсэн гэхэд буруудахгүй. Тухайн үед УИХ-ын дарга Д.Амарбаясгалан МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга байлаа. Тэд өөрсдийнхөө талд хэдэн кноп байгааг тооцоолон суугаа. Мөн сөрөг хүчин болно гэдгээ мэдэгдсэн ч сайд нарынхаа өргөдлийг өгүүлж зүрхлээгүй АН аль талд зогсохоос их зүйл шалтгаална. Ямартай ч энэ долоо хоногт “Учиртай гурван толгой” хэрхэн ажиллахаас улс төрийн нөхцөл байдал шалтгаалахаар байна. Юу болох нь тун удахгүй тодорхой болно.
С.Шийлэгтөмөрийн "Учиртай гурван толгой" нийтлэлээс
Хоёр. Бүтцээ танах шаардлага
Өнөөдөр УИХ Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх эсэх асуудлыг хэлэлцэнэ. Шийдвэрээс шалтгаалж, Засгийн газар газар найман сайдаа солиод цааш үргэлжлүүлэн ажиллах, эсвэл шинэ Ерөнхий сайд томилж, түүний бүрдүүлсэн танхимд гүйцэтгэх засаглалын эрх мэдлийг атгуулах эсэх яригдана. Аль нь боловч гол хөзөр МАН-д байгаа.
МАН-ын улс төрийн дараагийн нүүдэл юу байх бол. АН-ыг Засгийн газраас гаргасны дараа УИХ-д суудалтай гурван нам, эвслээс сонгож хамтрах, эсвэл дангаар Засгийн газраа бүрдүүлэх үү. Хэн удирдах вэ гэсэн олон асуулт байна. Гэхдээ МАН аль ч хувилбарыг сонгосон иргэдийн хүлээлтэд хүрсэн том шийдвэр гаргахгүй бол дараагийн Засгийн газрынх нь нас богино байх болно. Олон удаа засгаа сольвол нам доторх хагарал ч гүнзгийрнэ. Тиймээс юуны өмнө дараагийн Засгийн газар данхар бүтцээ цомхотгож, төсөвт зай гарган татвар, нийгмийн даатгалын өөрчлөлтөө хийх шаардлага тулгарахаар байна.
С.Эрдэнэбаярын "Данхар бүтцээ танахгүй бол дараагийн засгууд ч урт наслахгүй" нийтлэлээс
Гурав. 2026-2030 он Монголын түүхийн тэгш ойн жилүүд
Ирэх 2026 онд Их Монгол Улсаа байгуулсны 820 жилийн ой тохионо. 2027 он Чингис хааны мэндэлсний 865 жилийн ойн жил. 2029 онд Тэмүүжинг Хамаг Монголын хаан ширээнд залж, Чингис хаан цол өргөмжилсний 840 жил, харин 2030 онд “Монголын нууц товчоон”-ы 790 жилийн ойг тэмдэглэнэ. Энэ бол аль нэгэн аймаг, сум, сургуулийн 100 жилийн ойтой зүйрлэх аргагүй, Монгол Улс төдийгүй дэлхийн монгол туургатан, монгол угсаатны хэмжээнд, олон улсын түвшинд тэмдэглэн өнгөрүүлэх ёстой түүх, хэл, бичиг, өв соёл, оюун сэтгэлгээний их баяр хэмээн бодно. Монгол үндэстний ахуй, сэтгэлгээний хэв маяг, мөн чанар, ялгарал, үнэлэмж, бахархлыг бид түүхээсээ олж авч, түүхээсээ дахин “төрнө”. Энэ нь хоосон цээжээ дэлдэн омогших бус үндэстнийхээ түүхийг гүн гүнзгий танин мэдэж, ойлгож ухаарна гэсэн үг. Түүхэн ой тэмдэглэхийн утга учир үүнд оршино.
ОХУ-ын Ерөнхийлөгч Б.Ельцин 1992 оныг Оросын түүхийн жил, Казахстан улсын Ерөнхийлөгч Н.Назарбаев 1993 оныг Казахийн түүхийн жил болгон зарлаж байв. Коммунизмын хана нуран унаж, үзэл санааны мухардал, оюун сэтгэлгээний задралд орсон тэр цаг үед түүхэн ухамсраа сэргээх, үндэстнийхээ сэргэн мандлыг эхлүүлэхэд дээрх удирдагчдын шийдвэр нөлөөлсөн нь лавтай.
Үүнээс санаа авч уриалахад Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, ирэх 2026 оныг Монголын түүхийн жил болгон зарлаасай гэж хүснэ. Засгийн газраас Монголд зочлох жилүүдийг 2023-2028 он хүртэл таван жилийн хугацаанд зарласан шиг Монгол төрийн тэргүүн Монголын түүхийн жилүүдийг 2026-2030 он хүртэл буюу Их Монгол улсаа байгуулсны 820 жилээс “Монголын нууц товчоон”-ы 790 жилийн ой хүртэлх хугацаанд зарлаж яагаад болохгүй гэж.
Г.Сонинбаярын "2026 оныг Монголын түүхийн жил болгое" нийтлэлээс
Дөрөв. Ерөнхий сайдын гал хамгаалагч
Ерөнхий сайдын хүүгийн орлогоос давсан тансаглалын асуудал сөхөгдөхөд ХҮН намын дарга Т.Доржханд “Би Засгийн газрын тэргүүнийг худал хэлж, хулгай хийх хүн биш гэж бодож байна” хэмээн өмгөөлсөн. Шударга ёс шаардан “Огцрох амархан” жагсаал зохион байгуулж буй залуусыг ХҮН намын тойргоос сонгогдсон гишүүн болох Ж.Золжаргал дэмжиж, гарын үсгээ зурсан билээ. Гэтэл намын дарга Т.Доржханд нь “Бодлогын эсрэг шийдвэр гаргасан учраас энэ гишүүнд хариуцлага тооцно” гэж хэлээд олон нийтийн дургүйцлийг улам дэврээв. Ингэж “долоож” байж тэд хамтарсан Засгийн газарт үлдэхээр болж байна. Харин гишүүд нь энэ намаас явж эхэллээ.
ХҮН намын Хариуцлагын ерөнхий хорооны дарга А.Дөлгөөн хэмээх бүсгүй энэ эхлэлийг тавьсан юм. Тэрээр 10 жил тус намын гишүүн байсан ч “Улс орныг үзэл санаатай, зарчимтай, үнэт зүйлсээ хамгаалдаг, чигч, тулхтай, хоёр нүүргүй лидерүүд удирдсан цагт өөдөлнө гэдэгт би хатуу итгэдэг. Ийм шинж чанартай лидерүүдийг төрүүлэх хөрс ХҮН намд байхгүй, байлгах ч үгүй гэдгийг эцэст нь ойлголоо. Учир нь, нэг хүний компани шиг нам хэзээ ч дотоод ардчилалтай байж, мерит зарчимтай институц болж ажиллах боломжгүй юм байна. Энэ намын удирдлагын өнөөгийн байр суурь, хандлага, ажиллаж буй арга барил, гаргаж буй шийдвэрүүдийг цаашид хүлээн зөвшөөрөх боломжгүй тул миний бие ХҮН намаас гарч байна” гэжээ. Намын даргад хэтэрхий их эрх мэдэл төвлөрүүлж, нэг хүний дарангуйлал тогтсон, шүүмжлэл хэлсэн гишүүдээ хавчдаг хэмээн тэрээр мэдэгдсэн байна. Мөн “Намын дарга нь хамтарсан засагт заавал орох ёстой хэмээн амь тэмцэн улайрах нь нийт гишүүн, дэмжигчдээ эвгүй байдалд оруулж буйг харах ичгүүртэй байна” гэжээ.
С.Туулын "Хүнээ алдсан хүн" нийтлэлээс
Тав. Хэзээ хариуцлагатай, өгөөжтэй аяладаг болох вэ?
Монгол Улсад 1950-иад оны дунд үеэс аялал жуулчлалын салбарын хөрс бэхлэгдэж, жуулчдад үйлчлэх анхны буудал, ресторанууд үүд хаалгаа нээж байсныг түүхэн эх сурвалжид тэмдэглэн үлдээжээ. 70-аас илүү жилийн настай энэ салбар өдгөө улсынхаа эдийн засгийг солонгоруулж, олон тулгууртай, тогтвортой байдалд хөтлөх нэг гол багана, эх орноо олон улсад сурталчлах нэгэн том гүүр болтлоо өргөжиж, хөгжсөн байна. Өргөн уудам газар нутаг, өв соёл, өвөрмөц нандин байгалийн тогтоцоороо дамжуулан валют олборлоход бид өнгөрсөн хугацаанд чамлахааргүй анхаарч, жуулчид татах хүслийнхээ үзүүрт хүрч чадсаны илрэл энэ. Гэхдээ Монголын аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх асуудал, агуулгын гадна үлдэж, энэ салбарын алсын хараа, ойрын төлөвлөгөөнөөс ангид хоцордог нэн чухал хэсэг бол дотоодын аялагчид буюу монголчууд өөрсдөө юм. Шулуухан хэлэхэд, бодлого тодорхойлогчдоос эхлээд энэ салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниуд, аялал жуулчлалын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж буй их сургуулиуд, салбарынхан гээд цөм гаднын жуулчдад л зориулж бүтээгдэхүүнээ хөгжүүлж, тэдэнд чиглэсэн бодлого, үйл ажиллагаа боловсруулсаар иржээ. Үүний үр дүнд монголчууд Монголдоо хариуцлагатай, өгөөжтэй аялаж дасаагүй, дадаагүй байна. Наадмын амралтын өдрүүдэд голын зах барааддаг, хүн, хөлөөс зайдуу газар майхан зоогоод, махаа шараад идчихдэг, отоглосон газраа хогоо үлдээгээд, бохироо орхиод буцдаг байдлаа бид аялах, зугаалах гэж нэрийдсээр ирлээ.
О.Даваасүрэнгийн "Монгол аялагчдыг жуулчид болгох хэрэгцээ" нийтлэлээс
Зургаа. УИХ-аа үл тоосон засаг
Даварсаар даварсаар Дагвын оронд гэдэг шиг Засгийн газрын мэдэл жилээс жилд данхайсаар байна. Уг нь Үндсэн хуульд зааснаар Засгийн газар төрийн хуулийг биелүүлж, аж ахуй, нийгэм, соёлын байгуулалтыг удирдах нийтлэг чиг үүргийн дагуу бүрэн эрхийг хэрэгжүүлэх үүрэгтэй. Гэвч төрийн эрх барих дээд байгууллага УИХ-ын эрхэд халдсан жишээ сүүлийн жилүүдэд гарах боллоо. Парламентын хяналт сул болж, Засгийн газрын мэдэл давамгайлж байгаа талаар олон нийт, судлаачид, иргэний нийгмийн байгууллагууд олонтоо анхааруулж ирсэн ч байдал хэвээр л байна.
Засгийн газар УИХ-ыг “үл тоосон” хамгийн сүүлийн нэгэн жишээг дурдъя. Энэ нь Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл.
2025 оны тавдугаар сарын 16-ны УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг дэмжилгүй Засгийн газарт буцаасан. Гэвч 2025 оны тавдугаар сарын 21-ний Засгийн газрын хуралдаанаар “Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг хүчингүйд тооцох тухай” хуулийн төслийг яаралтай горимоор УИХ-д дахин өргөн мэдүүлэхээр тогтсон.
О.Эрдэнэчимэгийн "Мэдэл нь хальсан гүйцэтгэх засаглал" нийтлэлээс
Долоо. Судлагдахуун болж буй подкаст
Энэ эринд амьдарч, аж төрж буй хүмүүсийн хэмнэлийг “хурд” гэх ганц үгээр тодорхойлж болмоор санагдана. Цөм цаг үргэлж хаа нэг тийш яарч, богино хугацаанд их зүйл амжуулахыг мэрийнэ. Хором бүхэнд шинийг эрэлхийлж, суралцаж, хөгжихгүй л бол бусдаас, нийгмээсээ хоцорчих мэт сандчина. Энэ хэмнэл, тэр эрчийг дагаад бүх зүйл өөрчлөгдөж буй. Богино хугацаанд мэдрэмж хөгөлж, эргэцүүлэл хөвөрдөх уран бүтээлүүд төрж, бага цагт бэлтгэгдэх хоол, хүнсний эрэлт нэмэгдэн амьдралын бүхий л хэрэглэгдэхүүн илүү хялбаршиж, цаг хугацаа хэмнэх нь хамгийн чухал үзүүлэлтэд тооцогдох боллоо. Ийн цагийг үрж ч, зарж ч чадахаа больсон хүмүүс алхахдаа, автобусаар зорчихдоо ч мэдээлэл, мэдлэгээ тэлэхийг мэрийж байна. Энэ хэрэгцээнд тулгуурлан бий болж, өдрөөс өдөрт хүрээгээ тэлсээр байгаа нэг шинэ хэрэглэгдэхүүн бол подкаст юм.
Дүрс болон бичгэн хэлбэрээр бус дуу, авиагаар дамжуулан хүмүүст мэдээ, мэдээлэл хүргэдэг орчин үеийн үелзлийг подкаст гэж нэрийддэг. Бүтцийн хувьд радио нэвтрүүлэгтэй төстэй ч сонсогч хүссэн үедээ, хүссэн газраасаа, хүссэн агуулгаараа мэдээлэл авах боломжтойгоороо онцлог. Түүнчлэн сүүлийн үед зөвхөн дуу хоолойгоор буюу аудио хэлбэрээр бус видео хэлбэрээр ч сонсогчдод хүрдэг болсон. Үүний улмаас “үздэг радио” гэж нэрийдэх нь ч бий. Подкаст гэх нэршлийн тухайд, “Apple” компанийн зөөврийн хөгжим тоглуулагч болох ipod болон радио, телевизийн нэвтрүүлэг дамжуулах гэсэн утгатай broadcast гэх үгийн нийлмэл товчлол аж. Гэхдээ хэдийгээр телевизийн нэвтрүүлэг дамжуулах гэсэн утгатай broadcast гэх үг орсон ч уг үзэгдлийг хэвлэл мэдээллийн хэрэглэгдэхүүнд саяхныг хүртэл тооцдоггүй байв. Харин сүүлийн жилүүдэд хэвлэлийн салбарынхны анхаарлыг татаж, судлагдахууны хэмжээнд яригдах болсон байна.
О.Даваасүрэнгийн ""Үздэг радио"-гийн өсөлт" нийтлэлээс
Найм. Өөрийгөө олох тоглоом буюу blind box
Хүүхэд байхдаа тэврээд унтдаг байсан чихмэл тоглоомууд өнөөдөр залуусын дунд огт өөр утга агуулж, шинэ дүр төрхтэй болжээ. Цүнхэндээ зүүсэн жижигхэн, өхөөрдөм атлаа заримдаа бүр гүн мэдрэмж шингээсэн эдгээр чихмэл нь зүгээр нэг гоёл чимэглэл төдийгүй залуусын дотоод ертөнц, мэдрэмжээ илэрхийлэх шинэ хэлбэр болж хувираад байна. Энэхүү шинэ соёлын гол хэсэг нь “нууц хайрцаг” буюу blind box тоглоом юм. Энэ нь Япон, Хятадаас үүсэлтэй бөгөөд дотроо ямар чихмэл байгаа нь нууцлагдсан цуглуулгын бүтээгдэхүүн гэдгээрээ онцлог. Хятадын “Pop Mart” компани энэхүү бизнесийг дэлхий даяар түгээж, хамгийн алдартай бүтээл болох Labubu-г уран бүтээлч Li Yujia-гийн гараар бүтээж, өвөрмөц, гүн утга шингэсэн чихмэлүүдээр хэрэглэгчдийн сонирхлыг татсаар байна. Тэгвэл сүүлийн жилүүдэд TikTok, Instagram зэрэг сошиал платформ дээр “Labubu” гэх нэршил, Pop Mart брэндийн blind box тоглоомууд хүчтэй тархаж, Z үеийн соёлын салшгүй хэсэг болон хувирчээ. Энэ чиг хандлага зөвхөн хэрэглээний соёлд төдийгүй, залуусын загвар, гоёл чимэглэл, цуглуулгын хоббинд хүртэл хүчтэй нөлөөлж байна.
Шинэ мянганыхан гэгддэг Z үеийнхэн уламжлалт нийгмийн хэв маягаас ялгаатай нь илүү нээлттэй, сэтгэл хөдлөлөө хуваалцах дуртай. Өмнө нь тэд зөвхөн үг, зураг, видео ашиглан өөрийгөө илэрхийлдэг байсан бол сүүлийн үед жижигхэн чихмэл тоглоомыг сэтгэл хөдлөл, дотоод бодлоо илэрхийлэх шинэ хэлбэр болгон ашиглаж байна.
И.Сарангоогийн "Z үеийнхний халуурал ба шинэ тренд" нийтлэлээс
Ес. Харшил ховор өвчин биш болно
Байгалийн аниргүй, дөлгөөн орчил дунд бид уур амьсгалын өөрчлөлтийг зөвхөн температур нэмэгдэх, мөсөн уулс хайлах, далайн түвшин дээшлэх зэрэг үзэгдлээр төсөөлдөг байв. Гэвч энэ өөрчлөлт хүний бие махбодид, тэр дундаа бидний амьсгалын зам, дархлааны системд хэрхэн нөлөөлж буйг анзаарах цаг иржээ. Цаг уурын өөрчлөлт, харшлын тархалт хоёр хоорондоо сэтгэл түгшээхүйц хэлхээ холбоотой болохыг шинжлэх ухаан улам бүр нотолсоор.
Хаврын салхи улиасны хөвөн тээж, зуны халуунд шарилжны тоос хөөрч, намар ирэхэд амьсгалахад ч амаргүй болдог болсон нь зүгээр л байгалийн жам гэж эндүүрч болох. Үнэн хэрэгтээ энэ бол уур амьсгалын өөрчлөлт бидний бие махбодийн дархлаанд, уушгинд, тэр ч байтугай сэтгэлд хүрч ирсний бодит нотолгоо юм. Харшлын сүүдэр урьдынх шиг зөвхөн улирлынх байхаа больж, байнгын урилгагүй зочин мэт амьдралд орж ирлээ.
Аж үйлдвэржилт эхэлсэн үеэс хойш агаар мандал дахь нүүрсхүчлийн хий 280 ppm-аас 420 ppm хүртэл огцом өссөн нь ургамлын өсөлтөд таатай орчин болж өгсөн юм. Судлаачид CO2-ийн янз бүрийн түвшинд тодорхой төрлийн өвс ургуулж туршихад 800 ppm нүүрс хүчлийн хий агуулсан орчинд ургасан ургамлууд ердийн орчноос 50 орчим хувиар илүү тоос үүсгэдэг болохыг тогтоосон. Нүүрс хүчлийн хийгээр “тэжээгдсэн” ганцхан шарилж 1 тэрбум ширхэг тоос ялгаруулж, тоос бүрд нь харшил өдөөгч уураг илүү өндөр хэмжээгээр агуулагдах боллоо. Энэ зөвхөн биологийн үзэгдэл биш. Харин химийн урвалын нөлөөгөөр ургамал өөрийгөө хамгаалж буй хариу үйлдэл бөгөөд тэр нь хүний биед довтолгоо болон хувирдаг. Дархлааны систем гэдэг бол бидний биед байгаа “хил хамгаалагч”. Гэвч байгаль орчны нөхцөл огцом өөрчлөгдөхөд энэхүү хил хамгаалагч дайсан, найзаа ялгахаа больж эхэлдэг. Үүнээс үүдэн ургамлын тоос, хоол хүнс, амьтны үс, бүр нарны гэрэл ч хүртэл “дайсан” гэж танигдаж, харшлын урвал өдөөгддөг.
2050 он гэхэд дэлхийн нийт хүн амын талаас илүү нь ямар нэг хэлбэрийн харшилтай болно гэсэн таамаглалыг эрдэмтэд дэвшүүлсэн. Дэлхий дахинд 1970 оны үед 10 хүн тутмын нэг нь л харшил өвчнөөр шаналдаг байсан бол 2000 оны үед 10 хүн тутмын 3 нь харшилтай болжээ. Хотжилт нэмэгдэх хэрээр харшил үүсгэгч ургамлын төрөл зүйлийн бүрдэл өөрчлөгдөж, хүн ам илүү эмзэг болж буйгаас харахад харшил мөдхөн ховор өвчлөл биш, харин нийтлэг амьдралын нэг хэсэг болох эрсдэлтэй. Хэрэв өнөөдөр уур амьсгалын өөрчлөлтөд тууштай арга хэмжээ авахгүй бол ойрын ирээдүйд харшлын улирал жил тойрон үргэлжилж, хүүхдүүд багаасаа эм, багтрааны шахуургатай “найзладаг” болох нь.
С.Лхагвасүрэнгийн "Дархлааны эсрэг чимээгүй довтолгоо" нийтлэлээс
Арав. Г.Аюурзаны яруу найргаас юу мэдрэгддэг вэ?
Зохиолч, соён гэгээрүүлэгч Г.Аюурзана нэгэнтээ “Дэлхийн яруу найргийн охь дээжис” номын өмнөтгөл болгосон нийтлэлээ 1999 онд бичиж, гурван ч янзаар агуулгыг нь гүнзгийрүүлж, үгс сэлгэжээ. Түүн дотор ийм өгүүлбэр бий. “Жинхэнэ яруу найраг харин ч гүнзгий ухаанаас төрсөн, хэр баргийн хүн зориглож дөхөмгүй алсын зүйл юм”. Алсын зүйл учраас хэр баргийн зоригтой хүн ч жинхэнэ яруу найраг цаг үргэлж биччихэж дөнгөдөггүй болов уу.
Яруу найрагч бүхэн л өөрсдийн дуу хоолой, үзэл санаа, философи, мэдрэмжтэй байдаг. Зарим нь цул бүхэллэг чанарыг бий болгосноор таньж мэдэрсэн, урлаж зүйсэн нь бөмбөрийн хэмнэл, төгөлдөр хуурын аялгуу, цөн түрэх нүсэр чимээ, салхины хүнгэсэн дуутай байх нь бий. Г.Аюурзаны яруу найргаас ямагт л зэнгийн хоосон чанарын бясалгал, нар мандаж, жаргах агшны үзэсгэлэн хийгээд байгалийн нам гүм анир ахуй мэдрэгддэг. Үргэлж л тэнгэртээ дэвэх бус дэлхийг анирдахаар газарт буусан шувууны бясалгаж буй төрх, зүүдний хэлэмжийг буулгасан шиг тийм яруу найргийг “Арван зургаан давхрын аглагт” түүврээс нь олзуурхан суулаа.
Б.Алтанхуягийн "Яруу найрагчаараа үлдэнэ" нийтлэлээс