“Ноён” доллар зуун жил дэлхийн нөөц бүрдүүлдэг гол валютаар оршин тогтнож ирсэн билээ. Америкийн мөнгөн тэмдэгтийн ханш мөдхөн навс унана гэсэн нэг ч таамаг өнөөг хүртэл биелээгүй. Дэлхийн хаана ч мөнгөө доллар болгон хадгалж, доллароор худалдаа хийж, доллароор зээлж, газрын тос, биткойны үнийг ч ам.доллароор тогтоохыг илүүд үздэг. Гэвч Трампын бүрэн эрхийнхээ эхний 100 хоногт хэрэгжүүлсэн хурц шийдвэрүүд, тарифын бодлого хөрөнгө оруулагчдыг АНУ-аас дүрвэхэд хүргэж, ам.долларын ханш суларч эхэллээ.

Ноён суудал ганхсан нь

Гадаадынхан Америкт мөнгөө хадгалж, долларын ханш унасан ч жил бүр нэгдсэн улсад илүү их хөрөнгө оруулалт хийж ирсэн. Гаднын хөрөнгө оруулалтын хэт урсгал төсвийн алдагдал, үндэсний өрийг нэмэгдүүлдэг ийм үзүүлэлттэй өөр улс бол аль эрт дампуурах байсан биз. Гэхдээ АНУ тийм биш. Бүр санхүүгийн хямрал сүүдрээ тусгасан ч Америк руу мөнгө урсдаг жамтай. Хөрөнгөө аюулгүй газар байрлуулахыг хүссэн хэн бүхэн хямралын үед ч Америкийн компаниудын хувьцааг худалдан авч, Засгийн газрын бондуудыг уралдан цуглуулдаг байв. Харин Дональд Трамп дэлхий даяар худалдааны дайн зарласнаар Америкийн хөрөнгийн зах зээл савлаж, ам.долларын спот индекс он гарсаар 9 хувиар суларсан нь 1973 оноос хойших хамгийн том уналтад тооцогдож буй.

Америкийн мөнгөн тэмдэгтийн ноёрхол өмнө нь Орос, Бразил зэрэг хөгжиж буй орнуудын дургүйцлийг төрүүлдэг байсан бол энэ удаад Америкийг найдвартай түнш, аюулгүй байдлын болзолгүй баталгаа гэж үзэж ирсэн чинээлэг холбоотнуудынх нь дунд асуулт үүсгэв. Учир нь Трамп сонгуулийн амлалтаа биелүүлэхийн тулд бүх талбарт нэгэн зэрэг довтолж, чөлөөт худалдааны гэрээгээ цуцлан Канад, Европын холбоо, Япон, тэр байтугай алс холын Австралийн бараа бүтээгдэхүүнд 10-25 хувийн импортын татвар ногдуулсан юм. Трампын тарифын бодлогыг улмаас дэлхийн худалдаа, эдийн засаг, улс төрд АНУ-ын гүйцэтгэх үүрэг буурч эхэлсэн. Үүнтэй залгаад ам.долларын үүрэг зайлшгүй буурах болно гэдгийг АНУ-ын Сангийн сайд асан Марк Собел, Холбооны нөөцийн сангийн Олон улсын санхүүгийн газрын захирал асан Стивен Камин нар анхааруулав. Дэлхийн II дайны дараах АНУ-ын ноёрхол нь аюулгүй байдлыг нь баталгаажуулах замаар Европ болон дэлхий даяар хөгжил цэцэглэлтийн өсөлтөд хувь нэмэр оруулж, улмаар долларын үүргийг бэхжүүлсний үр дүн. Харин Трамп энэ бүхний эсрэг байгаа тул Америк цөөн холбоотонтой болно гэсэн үг хэмээн хөрөнгө гадагш урсаж буйг тэд тайлбарлалаа.

Өнөөг хүртэл АНУ-ын өсөн нэмэгдэж буй төсөв, худалдааны алдагдлыг гаднын хөрөнгө оруулалтаар санхүүжүүлж ирсэн. Зонхилох хувь нь аж үйлдвэр, үл хөдлөхөд биш харин санхүүгийн зах зээлд оруулсан хөрөнгө. Ерөнхийдөө гадаадын иргэд Америкийн санхүүгийн хөрөнгийн 20 30 хувийг эзэмшдэг гэсэн дүн бий. ОУВС гаднын хөрөнгө оруулалтыг ойролцоогоор 22 их наяд ам.доллар гэж үздэг бол бусад тооцоогоор 20 их наяд зөвхөн хувьцаанд, дахиад таван их наяд нь корпорацын болон банкны бондуудад оруулсан хөрөнгө юм. Мөн манай гаргийн хамгийн алдартай, хөрвөх чадвартай санхүүгийн хэрэгсэл болох АНУ-ын Төрийн сангийн бондыг гадаадынхан бараг 9 их наядаар худалдаж авсан байдаг. Тэгэхээр түүхэн дээд хэмжээ болох 36 их наяд долларт хүрээд буй үндэсний өрийн багасгахад Америкт гаднын хөрөнгө оруулалт зайлшгүй шаардлагатай.

Ногоон дэвсгэртийн ирээдүй

АНУ-ын бонд эзэмшигчид ам.доллар зээлдэг учраас хүү төлдөг. Гэхдээ Америкт хүүгүй зээл олгодог гадаадын хэдэн сая иргэн бий. Өөрөөр хэлбэл, нийт долларын бэлэн мөнгөний тал хувь, 100 долларын дэвсгэртийн гуравны хоёр нь АНУ-аас гадуур байдаг аж. Тэдгээрийн нийт дүн нэг их наяд долларт ойртож буй.

Америкийн Төв банкны эдийн засагч Кристофер Нили

“Долларыг “нутаг буцаахын” тулд гадаадынхан өөрсдийн бараа, үйлчилгээгээ америкчуудад зарах ёстой. Хэрэв бэлэн мөнгө хэзээ ч АНУ-д буцаж ирэхгүй бол ногоон дэвсгэртийг зүгээр л үнэ цэнтэй бараагаар сольж орхино. Энэ нь америкчуудад ашигтай.”

Долларын ханш, дэлхийн санхүүгийн системд гүйцэтгэх үүрэг хоёр тусдаа зүйл. Валютын ханш суларсан ч долларын үүрэгт заналхийлдэггүй. 2008-2009 оны санхүүгийн хямралын дараа ам.долларын ханш суларсан ч Америкийн актив дахь гадаадын хөрөнгө оруулалт асар хурдан өссөнийг Гадаад харилцааны зөвлөлийн шинжээч Брэд Сецер санууллаа. Түүнийхээр валютын ханшийн уналт хараахан хямралын түвшинд хүрээгүй аж. Гэтэл Трампын бодлого эдийн засгийн өсөлт удаашруулахын зэрэгцээ Төв банкны хараат бус байдалд халдаж эхэлсэн нь хөрөнгө оруулагчдыг болгоомжлоход хүргэсэн. Дээр нь Трамп валютын ханшийн уналтыг төдийлөн ойшоодоггүй. Ханш суларвал импорт буурч, экспортын үнэ өссөнөөр худалдааны алдагдлыг бууруулна гэж Ерөнхийлөгч Трамп зүтгэсэн хэвээр. Улмаар Төв банк болох Холбооны нөөцийн сангийн тэргүүн Жером Пауэлтэй ч толхилцоод эхлэв. Төв банк бодлогын хүүг бууруулалгүй хэтэрхий удаан барьж байгаа нь ам.долларын ханш сулрах гол шалтгаан гэж Трамп үзэж буй бол Пауэл худалдааны дайн АНУ-ын эдийн засагт сөргөөр нөлөөлж эхэлснийг анхааруулсаар.

2026 оны тавдугаар сард бүрэн эрх нь дуусах Холбооны нөөцийн сангийн тэргүүнийг хугацаанаас нь өмнө чөлөөлөх арга зам эрэлхийлж байх хооронд хөрөнгө оруулагчид эрсдэл багатайгаар нь алтны зах зээл рүү хошуурч эхэллээ.

Долларыг юу орлох вэ?

Марк Собел, Стивен Камин нар ойрын ирээдүйд долларыг давамгайлах дэлхийн валют гарч ирэхгүй гэдэгт итгэл төгс байна. Трампын гаргаж мэдэх гэнэтийн шийдвэр мөнгөн дэвсгэртийн үүргийг эргээд сэргээх магадлалтай.2024 оны эцэст дэлхий нийт 12 их наяд ам.доллартай тэнцэх хэмжээний баялаг хуримтлуулаад байгаагийн 60 хувь нь долларын үүц. Евро 20 хувь, Японы иен 6, Британийн фунт 5 хувь байгаа бол Хятадын юанийн эзлэх хувь ердөө 2 орчим буюу канад, австрали долларынхаас ч бага байгаа юм.

Эдгээр нь зөвхөн албан ёсны нөөцийн мэдээлэл. Дэлхий дээрх валют арилжааны бараг 90 хувь нь доллараар хийгдэж, улс орнуудын гадаад өрийн 70 хувь нь доллараар илэрхийлэгддэг дүр зураг тийм амархан өөрчлөгдөхгүй.

Дэлхийн хоёр дахь том эдийн засаг Хятадын мөнгөн тэмдэгт долларын суурийг залгах боломжтой гэж хардаг хэсэг бий ч БНХАУ, юанийн ханш хоёулаа Коммунист намын хяналтанд байдаг гэдгийг сануулах нь зүй. Хуулийн засаглал, хөрөнгийн чөлөөт өрсөлдөөн, хөгжингүй санхүүгийн зах зээл зэрэг нь Хятадын хувьд алс холын ирээдүй юм. Мөн Коммунист нам бодлогоо өөрчилж экспортлогчоос гадаад худалдааны тэнцвэргүй импортлогч орон болон хувирах хүсэл эрмэлзэл гаргахгүй биз.

Юаниас илүү бодитой өрсөлдөгч евро байж болох. Гэвч Европ нэгдсэн мөнгөн тэмдэгттэй болоод 25 жил болсон ч долларын эсрэг төдийлөн чангарч дөнгөдөггүй, нөөц, төлбөр тооцоонд эзлэх хувь нь тогтвортой хэвээр оршиж ирсэн. Евро бүс хуваагдмал, санхүүгийн зах зээл нь жижиг, гишүүдийн төсвийн бодлого нь төвлөрсөн бус, эдийн засаг удаан хугацаанд төдийлөн өсөөгүй тул Европын мөнгөн тэмдэгт дэлхийд давамгайлах цаг хол харагдана.

Бусад гол валютууд болох иен, фунт, франк нь тэс өөр жингийн ангилалд багтдаг бөгөөд дэлхийн жишгээр эдгээр валютыг гаргаж буй орнуудын эдийн засгийн цар хүрээ хумигдмал тул долларыг ямар ч байдлаар орлох боломжгүй юм.

“Зарим зүйлийг юугаар ч орлуулах боломжгүй. Европ бол музей, Япон бол асрамжийн газар, Хятад бол шорон, биткойн бол туршилт” хэмээсэн АНУ-ын Сангийн сайд асан Ларри Саммерсийн хошигнол үнэний хувьтай ажээ.