Их Британийн Ерөнхий сайд Кейр Стармер Английн сувагт Британийн дарвуулт завины ойролцоо анхааруулах буудлага хийсэн Оросын байлдааны хөлгийн багийнхны үйлдлийг “болчимгүй” гэж шүүмжилжээ. Харин завин дээр байсан Британийн иргэн уг үйлдлийг “огт шаардлагагүй байсан” хэмээн тодорхойлсон байна.
Францад болсон Их долоогийн бүлгийн дээд хэмжээний уулзалтын үеэр сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө Стармер Оросын тэнгисийн цэргийн “Адмирал Григорович” фрегаттай холбоотой энэхүү үйл явдлыг “түгшүүр төрүүлэм хэрэг” гэж нэрлэжээ.
“Ийм зүйл болох ёсгүй байсан. Энэ бол болчимгүй үйлдэл. Дарвуулт завин дээр байсан хосууд үнэхээр их айсан байх” гэж тэр хэлсэн байна.
Их Британийн далбаатай “Bright Future” нэртэй дарвуулт завин дээр аялж явсан Алан Келвин, Жэйн Келви гэх хосууд BBC Newsnight нэвтрүүлэгт ярилцлага өгөхдөө хоёр хөлөг мөргөлдөх нөхцөл байдал огт байгаагүй талаар мэдэгджээ.
Түүний хэлснээр Оросын байлдааны хөлөг эхлээд дуут дохиогоо таван удаа өгсөн байна. Энэ нь далайн дүрмээр “Биднийг харж байна уу?” гэсэн утгатай аж.
“Бид тэднийг харснаа ойлгуулахын тулд нэн даруй чиглэлээ хоёр градусаар зүүн тийш өөрчилсөн. Ингэснээр бид тэднийг анзаарсан бөгөөд зориуд чиглэлээ өөрчилж байгаагаа харуулсан” гэж Келви ярьжээ.
Гэвч ойролцоогоор нэг минутын дараа Оросын хөлөг дахин таван удаа дохио өгч, тэр даруйдаа бага оврын галт зэвсгээр дөрвөөс таван удаа буудсан байна. Келвигийн үзэж байгаагаар буудлага нь завийг онилсон бус, зөвхөн анхааруулах зорилготой байсан бололтой. “Тухайн нөхцөл байдлыг бодоход буудлага хийх ямар ч шаардлага байгаагүй. Бидний хувьд буун дуу гарахаас өмнө энэ бүхнийг ямар нэгэн онцгой явдал гэж үзээгүй” гэж тэр хэлжээ.
Харин Оросын Батлан хамгаалах яам мэдэгдэхдээ фрегатын багийнхан дарвуулт завины өмнө хэдэн зуун метрийн зайд анхааруулах буудлага хийсэн бөгөөд завь байлдааны хөлөгтэй мөргөлдөх аюултай чиглэлд явж байсан гэж үзсэн гэжээ.

Тус яамны мэдээлснээр дарвуулт завь фрегатад хэт ойртож болзошгүй аюултай чиглэлээр хөдөлж байсан учир радио холбоогоор хэд хэдэн удаа холбогдохыг оролдсон ч хариу хүлээн аваагүй аж. Үүний дараа завины анхаарлыг татахын тулд гэрэлт дохионы пуужин харвасан байна.
Гэвч дарвуулт завь чиглэлээ өөрчлөөгүй тул ойролцоогоор 150 метрийн зайд ирэхэд фрегатын командлагч хөлгийн бага оврын зэвсгээр завины чиглэлийн дагуу анхааруулах гал нээх шийдвэр гаргасан гэж Оросын тал тайлбарлажээ.
Үүний дараа дарвуулт завь чиглэлээ өөрчилж, Оросын хөлгөөс холдсон байна.
Оросын Батлан хамгаалах яам мэдэгдэлдээ “Адмирал Григорович” фрегатын багийнхан олон улсын далайн навигацийн дүрмийн дагуу ажиллаж, осол гаргахаас урьдчилан сэргийлэх шаардлагатай бүх арга хэмжээг авсан гэж онцолжээ.
Их Британийн Батлан хамгаалах яамны төлөөлөгч мэдэгдэхдээ анхааруулах буудлага нь Британийн завийг онилсон бус, харин болзошгүй мөргөлдөөнөөс сэргийлэх зорилготой байсан гэж тайлбарласан байна.
Стармер ч энэ үнэлгээг баталж, Батлан хамгаалах яамны дүгнэлтээр Оросын хөлөг хөдөлгөөнгүй шахам хөвж байсан, буудлага нь зөвхөн анхааруулах зорилготой байсан гэж мэдэгджээ.
Уг хэрэг Их Британийн нутаг дэвсгэрийн уснаас гадна, Isle of Wight арлаас өмнө зүгт 32 километр орчим зайд болсон байна.
Энэ явдал Их Британи хоёр хоногийн өмнө Английн сувагт Оросын “сүүдрийн флот”-той холбоотой газрын тос тээвэрлэгч хөлгийг анх удаа саатуулан шалгасны дараахан гарчээ. Гэсэн хэдий ч албаныхан эдгээр хоёр үйл явдлыг хооронд нь холбон тайлбарлаагүй байна.
Дэлхийн хамгийн ачаалалтай усан замуудын нэг болох Английн сувгаар дамжин өнгөрдөг Оросын цэргийн хөлгүүдийн хөдөлгөөнийг Их Британийн эрх баригчид тогтмол ажиглаж, хянадаг. Үйл явдал болох үед “Адмирал Григорович” фрегатын хөдөлгөөнийг Их Британийн Хааны тэнгисийн цэргийн HMS Mersey эргүүлийн хөлөг даган ажиглаж байсан гэж Батлан хамгаалах яам мэдээлжээ.