
Казахстаны Астана хотод өчигдөр/2025.11.09/ өндөрлөсөн пара жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын баг тамирчид дөрвөн медаль хүртлээ. Энэ тэмцээнээс Л.Туруунаа аваргын алтан медаль хүртсэн бол Д.Ганбат мөнгөн медалийн эзэн боллоо.
Тодруулбал, эмэгтэйчүүдийн J1 ангиллын -70 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Л.Туруунаа алтан медаль хүртэж, төрийн дууллаа Астанад эгшиглүүлэв. Түүний хувьд Парисын паралимпын наадамд V байрт шалгарсан билээ. 2022 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт Л.Туруунаа энэ жилийн тивийн тэмцээнд түрүүллээ.
Эрэгтэйчүүдийн J1 ангиллын -95 кг-д олон улсын хэмжээний мастер Д.Ганбат мөнгөн медаль, J1 ангиллын эрэгтэйчүүдийн 70 кг-д Б.Бат-Эрдэнэ, эмэгтэйчүүдийн 52 кг-д Т.Сувд-Эрдэнэ нар хүрэл медалт хүртлээ. Түүнчлэн J1 ангиллын 70 кг-д Б.Сүхбат, -95 кг-д Л.Эрдэнэбилэг, J2 ангиллын 81 кг-д Э.Даваадагва нар шагналт V байрт шалгарсан байна. Мөн багийн барилдаанд шагналт байр эзлэв.
Энэ удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас Монголын пара жүдо бөхийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Х.Чинзоригийн ахлуулсан долоо тамирчин шигшээ багийн ахлах дасгалжуулагч А.Мөнхбат, дасгалжуулагч С.Ядамждорж нарын удирдлагад оролцохдоо бүгд медалийн төлөө барилджээ.

