
"ОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна" гэх зарын дагуу манай улсын иргэд тус улс руу явж цэрэг, дайны үйл ажиллагаанд оролцож байна гэх мэдээлэл цацагдсан. Уг асуудалд ЦЕГ-аас мэдээлэл өглөө.
ГХЯ-ны Консулын газрын захирлын албын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Биндэръяа "Энэ оны есдүгээр сараас эхлэн цахим орчинд "ОХУ-ын зэвсэгт хүчинд нэгдээрэй, 61-108 сая төгрөгийн цалинтай" гэсэн зар цацагдаж эхэлсэн.
Үүнтэй холбоотой цагдаагийн байгууллагад хоёр гомдол мэдээлэл бүртгэгдсэн. Гомдол мэдээллийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулах явцад нэг гомдолд хамаарах гурван иргэнийг ОХУ-д зорчих зорилготой улсын хилээр гарах гэж байхад нь саатуулж, дээрх үйлдлээс татгалзуулсан. Гомдол шалгах ажиллагаа үргэлжилж байна.
Хоёр дахь гомдолд холбогдох иргэн ОХУ-ын Эрхүү хотод шууд хүрэх нислэгээр Монгол Улсын хилээр гарсан нь тогтоогдсон. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа. Иргэнээ эргүүлэн авчрахаар ажиллаж байна.
Энэ төрлийн зарыг иргэд сонирхож эхэлсний дараа Телеграмм, WhatsApp зэрэг аппликэйшнээр холбогдон ОХУ-д ирвэл өндөр хэмжээний цалин хангамж олгоно гэх зохиомол нөхцөл байдлыг бий болгодог нь илэрсэн. Цагдаагийн байгууллагаас ийм төрлийн цахим хаяг есийг илрүүлж, холбогдох газарт хүсэлт хүргүүлэн устгуулсан. Цаашид илрэх хаягуудыг тухай бүр устгуулан ажиллах болно.
Иргэд гадаад улсад өндөр цалинтай ажлын зар мэдээлэлд нухацтай хандаж, учирч болох эрсдэлээс сэргийлнэ үү" гэв
ГХЯ-наас энэ талаар "ОХУ-ын цэргийн тусгай ажиллагаанд татагдан, хохирогч болсон найман иргэнийг олж, илрүүлэн эх оронд нь авчраад байна. Нэг иргэнээ ОХУ-аас нутаг буцаах ажиллагааг зохион байгуулж байна. Цаана нь зургаан иргэн байгаа гэх мэдээлэл байна. Энэ тоо цаашид нэмэгдэх магадлалтай. Тиймээс иргэддээ сэрэмжлүүлж байна. Нэг иргэн сайн дурын үндсэн дээр гэрээ байгуулж явсан учир нутаг буцах шаардлагагүй гэсэн. Мөн нэг иргэн сайн дураараа яваад, Украины талд олзлогдсон гэх мэдээлэл байна. Мөн нэг иргэн нас барсан. Тухайн иргэний ар гэрийнхэнтэй бид уулзсан. ОХУ-ын талд энэ асуудлыг нь хэлээд, нөхөн олговрыг нь олгуулсан" гэв.