
Испанийн Засгийн газар 500 мянга орчим бичиг баримтгүй цагаачдад хууль ёсны статус олгохоор болжээ. Ингэснээр тэднийг хөдөлмөрийн зах зээлд албан ёсоор нэгтгэх төлөвлөгөөг батлав.
Засгийн газрын тус төлөвлөгөөнд бичиг баримтгүй цагаачдад нэг жилийн хугацаатай, сунгах боломжтой оршин суух зөвшөөрөл олгох юм. Үүнд хамрагдахын тулд өргөдөл гаргагчид Испанид дор хаяж таван сар амьдарсныг батлах, мөн гэмт хэргийн бүртгэлгүй байх шаардлагатай.
Ерөнхий сайд Педро Санчес энэ талаар "Хүн ам нь хөгширч буй Испанид эдийн засаг, нийтийн үйлчилгээг тогтвортой байлгахад цагаачид хэрэгтэй. Энэ бол шударга ёсны үйлдэл төдийгүй, зайлшгүй хэрэгтэй алхам" хэмээн онцолсон байна.
Испанийн сөрөг хүчний Ардын нам уг хуульчлалыг зогсоохыг оролдоно гэдгээ мэдэгдсэн бөгөөд “Хууль бус цагаачдыг шагнаж, цаашид илүү олон хүн ирэхэд нөлөөлнө” гэж шүүмжилжээ.
Өдгөө тус улсад 840 мянга орчим бичиг баримтгүй цагаач байдаг бөгөөд тэдний дийлэнх нь Латин Америкаас ирсэн хүмүүс аж. Энэхүү бодлого нь Европын олон орон цагаачлалын хяналтаа чангатгаж буй үед хэрэгжиж буйгаараа онцлог юм.