
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрээр "Засгийн газраас гаргасан тогтоол, шийдвэрийн хэрэгжилт болон өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбоотой хүнс, хөдөө аж ахуйн салбарт хэрэгжүүлэх олон заалт бий. Газар тариалангийн хувьд энэ хавар төрөөс үзүүлсэн дэмжлэгийн хүрээнд улсын хэмжээнд төлөвлөсөн тариалалтыг бүрэн хийж, нийт 530 мянган га талбайд төмс, хүнсний ногоо, улаанбуудай зэрэг шаардлагатай таримлыг тариалсан. Наймдугаар сарын 20-нд улаанбуудайн тариалалтын нэгдсэн мэдээлэл болон энэ жилийн ургацын хэмжээ, чанарын талаар илүү тодорхой мэдээлэл гарна. Үүний дараа газар тариалан эрхлэгчидтэй уулзаж, улаанбуудайг улсын нөөцөд худалдан авах үнийг хэлэлцэнэ.
Зургаадугаар сарын сүүлээр огцом хүйтэрч, удаан хугацаанд дулаараагүйгээс ургацын болц оройтох шинж ажиглагдсан. Харин ойрын өдрүүдэд халах төлөвтэй байгаа нь тариалангийн ургалтад эерэг нөлөө үзүүлнэ гэж үзэж байгаа. Хэрэв халалт удаан үргэлжилбэл хариу арга хэмжээ авахаар төлөвлөж байна.
Үүнээс гадна намрын ургац хураалтын үеэр шаардлагатай шатахууны нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх зорилт тавин ажиллаж байна. Ирэх сарын 4-ний өдөр 3.2-3.5 мянган тонн шатахууныг Хөдөө аж ахуйн корпорацийн нөөцийн саванд хадгалахаар төлөвлөсөн.
Мөн Засгийн газрын хуралдаанаар ургац хураалтын комисс байгуулж ажиллуулахаар шийдвэрлэсэн. Тус комиссыг миний бие ахална. Ургац хураалтын үеэр тулгамддаг ажиллах хүчний асуудлыг шийдвэрлэх хүрээнд цэрэг, оюутнуудыг оролцуулахаар төлөвлөж байна. Гэхдээ албадан оролцуулахгүй. Оюутнуудад тодорхой хэмжээний цалин хөлс олгож, ажиллах хүчийг нэмэгдүүлэхээр төлөвлөсөн.
Үүнээс гадна шүлхийн вакциныг жилд хоёр удаа хийдэг. Өвлийн улиралд мал сульдаж, ядарсан үед шүлхийн вакцин хийхэд малчид дургүйцдэг бөгөөд үр дүн нь ч төдийлөн сайн байдаггүй. Тиймээс энэ жил малын дархлаажуулалтыг намар эрт эхлүүлэхээр төлөвлөж байна.
Мөн шүлхий өвчин гарсан газруудад хариуцлага тооцож байгаа. Энэ хүрээнд гурван аймгийн Мал эмнэлгийн газрын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.
Удахгүй Монгол Улс шүлхийн вакциныг дотооддоо үйлдвэрлэхээр ярьж байгаа. Өөрөөр хэлбэл, вакцинд жил бүр 30 гаруй тэрбум төгрөг зарцуулдаг. Тиймээс вакциныг дотоодын эрдэмтэн, судлаачид болон хоёр хөршийн хамтын ажиллагааны хүрээнд хамтран үйлдвэрлэхээр ажиллаж байна" гэв.