
Өмнөд Солонгост нэгэн эмэгтэй хиймэл оюуны платформ ChatGPT ашиглан хоёр эрэгтэйн амийг хөнөөхөөр төлөвлөсөн талаар цагдаа нар мэдэгдэв.
21 настай, Ким овогтой уг эмэгтэйг архинд эм хольж хоёр тусдаа хүнийг ижил аргаар хөнөөсөн хэрэгт сэжиглэж байна.
Тэрээр 2-р сарын 11-нд баривчлагдсан бөгөөд эхэндээ “үхэлд хүргэхүйц бие махбодын гэмтэл учруулсан” хэмээн буруутгагдсан. Гэвч гар утасных нь түүхийг шалгахад үр дагаврыг мэдэж байсан нь тогтоогдож, хэргийг “хүн амины хэрэг” болгон ахиулсан байна.
Сөүлийн Гангбук дүүргийн цагдаа нарын мэдээлснээр, түүний гар утсанд хийсэн шалгалтаар дараах асуултуудыг ChatGPT-д олон удаа тавьсан нь илэрчээ.
“Нойрны эмийг архитай хамт уувал юу болдог вэ?”
“Аюулд орохын тулд хэр ихийг уух хэрэгтэй вэ?”
“Хүнийг үхэлд хүргэж болох уу?” гэх мэт асуултууддаа хариулт авсан байна.
Цагдаагийн мөрдөгч хэлэхдээ “Ким ChatGPT-д эмтэй холбоотой асуултуудыг олон давтамжтай асуусан. Тэр архийг эмтэй хамт хэрэглэх нь үхэлд хүргэж болзошгүйг бүрэн мэдэж байсан” гэжээ.

Ким өмнө нь бензодиазепин (benzodiazepine) агуулсан тайвшруулах эмийг эрчүүдийн ундаанд хольсноо хүлээн зөвшөөрсөн ч үхэлд хүргэнэ гэдгийг мэдээгүй гэж мэдүүлжээ.
Хэрэг гарсан байршлууд
Мөн өнгөрсөн оны 12-р сард Кёнги мужийн Намянжү хотод автомашины зогсоолд тухайн үеийн хамтрагчдаа тайвшруулах эмтэй ундаа өгч хөнөөхийг завдсан гэж үзэж байна. Тэр эрэгтэй ухаан алдсан ч дараа нь эдгэрчээ. Цагдаа нар нэмэлт холбогдох хэргүүд байгаа эсэхийг шалгаж байна. Мөн Кимийн сэтгэцийн байдлыг тодорхойлох зорилгоор психопатийн үнэлгээ болон ярилцлага хийжээ.