
Аймгийн театрын уран бүтээлчид үндэсний хэмжээний цогц бүтээлийг Дилав хутагт Башлуугийн Жамсранжавт зориулан бүтээжээ. Өнгөрсөн сард Улиастайд нээлтээ хийсэн “Мөнхөд гэрэлтэх диваажин” бүжгэн жүжиг удахгүй Улсын Драмын Эрдмийн Театрын тайзнаа тавигдах нь. Завхан аймгийн Л.Ванганы нэрэмжит Хөгжимт жүжгийн театрын захирал Г.Солонготой ярилцлаа.
Дилав хутагтад зориулсан бүжгэн жүжиг бүтээх санаа хэрхэн төрсөн бэ?
Хөдөө орон нутгийн театрууд өөр, өөрийн гэсэн урын сангийн бодлоготой байдаг. Манай театр ч мөн адил 2017 оноос урын сангаа баяжуулах, уран бүтээлдээ шинэчлэл хийж, төвийн томоохон театруудтай эн зэрэгцэхүйц чанартай бүтээл туурвих зорилт дэвшүүлэн ажиллаж эхэлсэн. Энэхүү зорилгын хүрээнд сонгон тавьсан хамгийн эхний тайзны бүтээл нь Өндөр Гэгээн Занабазарын тухай өгүүлэх, Төрийн соёрхолт яруу найрагч Ц.Бавуудоржийн “Өндөр гэгээн” дуулалт жүжиг байсан. Үүний дараагаар Төрийн хошой шагналт Ч.Лодойдамбын 1968 онд бичсэн “Гарын таван хуруу” реалист жүжгийг мюзикл хэлбэрт хөрвүүлэн шинэчлэн найруулж, тайзнаа амжилттай толилуулсан.
Үүний дараа бид хүүхдийн уран бүтээлийн чиглэлд ажиллаж, Монголын баатарлаг туульсын нэг болох “Жангар” туульсыг хүүхдийн жүжгийн хэлбэрээр тайзнаа амжилттай тавьсан. Мөн төрлөх Завхан аймгийнхаа 100 жилийн ойд зориулан Б.Цогнэмэийн зохиол “Асарын өндөр” жүжгийг Завхан аймгийн Алдархаан сумын нутаг, Ямаан усны дурсгалт газраас олдсон Хүннүгийн үеийн олдвор, соёлын өвийг орчин үеийн уран сэтгэмж, инновацитай хослуулан, соёлын бүтээлч үйлдвэрлэлээр туурвиж бүрэн хэмжээний түүхэн жүжгийг тайзнаа амилуулсан. Ийнхүү шинэ бүтээлүүд дараалан төрж, амжилтыг дагуулсаар ирсэн бөгөөд эдгээр бүтээлүүд нь төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд 100 хувь хувийн компанийн хөрөнгө оруулалтаар хийгдэж, олон улсын чанартай уралдаан, наадамд оролцон хоёр Гран при, арван долоон “Алтан муза” шагнал хүртсэн билээ.
Ингээд дөрвөн уран бүтээлийн төлөвлөгөөгөө амжилттай хэрэгжүүлсний дараа “тав дахь уран бүтээлээ бүжгэн жүжгийн хэлбэрээр хийе” гэсэн санаа төрж, уран бүтээлчдийн судалгаа, бэлтгэл ажлыг эхлүүлсэн юм. Судалгааны явцад 2017 онд зохиолч Ч.Алтантүлхүүр надтай уулзаж, өөрийн номоо өгч байсан нь шинэ уран бүтээлийн эхлэл болсон түүхтэй. Тэр номын дотор Дилав хутагтын тухай “Мөнхөд гэрэлтэх диваажин” нэртэй зохиол байлаа. Нэр нь ч, зохиолын агуулга нь ч онцгой таалагдаж, уншихад дуулалт жүжгийн хэлбэрээр бичигдсэн байсан тул “Үүнийг бүжгэн жүжиг болгоё” гэсэн санаа төрсөн юм. Дараа нь зохиолч руу холбогдон, “Та энэ зохиолоо бүжгэн жүжиг болгон бичээд өгөөч. Би таны номыг олон жил хадгалж явсан, нутгийнхаа зохиолчтой хамтраад энэ бүтээлийг амилуулъя” хэмээн захиалга өгснөөр энэ гайхамшигт уран бүтээлийн суурь тавигдсан билээ. Дотоод нөөц бололцоондоо тулгуурлан Урлагийн гавьяат зүтгэлтэн, бүжиг дэглээч Д.Баярбаатар найруулагчид санал тавьж, ингэснээр бидний хамтын бүтээл эхэлсэн юм.
Энэ бүтээл Дилав хутагтад зориулагдсан бүтээлүүдээс хамгийн даацтай нь гэж хэлж болох уу?
Энэ бүтээлийг даацтай гэхээсээ илүү цогц бүтээл гэж тодорхойлж болно. Учир нь бүжгийн хөдөлгөөн, хөгжмийн шийдэл, тайзны зохион байгуулалт, хөдөлгөөний драматурги зэргийг нэг бүтээлд бүхэлд нь хослуулсан цогц бүтээл юм. Өмнөх бүтээлүүдээс ялгаатай нь, уг жүжиг түүхэн хүний амьдрал, замналыг зөвхөн үгийн бус, биеийн хөдөлгөөний урлагаар үзэгчдэд хүргэж байна. Бүжгийн хэлээр дамжуулсан тайзны дүрслэл нь тухайн дүрийн сэтгэл зүй, сэтгэгдэл, хувь хүний дотоод тэмцэл, харилцааг илэрхийлдэг тул үзэгчдэд шууд, хүчтэй ойлгогддог. Түүнчлэн бүжгийн хөдөлгөөний драматурги нь зөвхөн гоё хөдөлгөөн хийхээс гадна, түүхэн үйл явдлын логик, цаг хугацааны урсгалыг дүрсэлж, хөгжмийн хэмнэл, динамиктай уялдан тайзны ертөнцийг бүтээдэг. Тайзны орон зайг бүтээлчээр ашиглан баг, хувь хүн, үйл явдлыг хөдөлгөөнөөр зохион байгуулах нь бүтээлийг цогц, нэгтгэгдсэн урлагийн бүтээл болгож, үзэгчдэд нээлттэй, ойлгомжтой хүргэдэг. Бүжгийн хэл нь бүх хүнд ойлгогддог универсаль хэл гэдгээрээ давуу талтай бөгөөд олон нас, соёл, хэлний хязгаарлалтаас үл хамааран түүх, мэдрэмж, сэтгэл зүйг дамжуулах боломжийг олгодог.
Жүжгээр дамжуулан үзэгчдэд хүргэх гол санаа, мессеж юу вэ?
Башлуугийн Жамсранжав нь Монгол Улсын төр, шашин, нийгмийн зүтгэлтэн бөгөөд эх орон, төрсөн нутаг, ард түмэндээ үнэнчээр үйлчилж явсан хүн билээ. Тэрээр өөрийн амьдралаар Монголын үндэсний үнэт зүйл, ёс заншил, хүмүүнлэгийн үзэл санааг төлөөлж, нийгмийн болон шашны чиглэлээр ихээхэн гавьяа байгуулсан. Жүжгээр дамжуулан үзэгчдэд хүргэх гол санаа нь Монгол Улсын төр, шашин, нийгмийн том зүтгэлтэн Дилав хутагт эцсийн амьсгалаа хүртэл эх орон, төрсөн нутаг, ойр дотныхоо хүмүүстээ хайртай, тэднийг санан дурсаж явсан гэдгийг харуулах явдал юм. Энэхүү мессежийг зөвхөн үгийн хэлбэрээр бус, бүжгийн хөдөлгөөнөөр шууд, хүчтэй дамжуулж буй нь уг бүтээлийн онцлог. Драмын бүжгийн хөдөлгөөн нь тухайн дүрийн сэтгэл зүй, дотоод тэмцэл, хувь хүний ухамсар, зоригийг илэрхийлэхэд чиглэж, үзэгчдэд түүхэн үйл явдал, дүрийн амьдралын өнгө, мэдрэмжийг шууд ойлгуулах боломжийг олгодог. Тайзны орон зай, баг, дүрийн хөдөлгөөн, хөгжмийн хэмнэлтэй уялдсан бүжгийн драматурги нь үзэгчдэд түүхэн үйл явдлыг ойлгоход, дүрүүдийн харилцаа, амьдралын нөхцөл байдал, зан чанарыг амьдрал шиг мэдрүүлэхэд тусалдаг. Үзэгч бүхэн биеэрээ хөдөлгөөн, ритм, гэрэл, дууны хэмнэлээр дамжуулан тухайн түүхэн хүний сэтгэл зүй, үнэнч зан чанар, зоригийг ойлгож, түүнд сэтгэл хөдлөлөөр холбогдох боломжтой байдаг нь бүжгийн хэлний давуу тал юм. Ийнхүү бүжгийн хэл нь бүх хүнд ойлгомжтой универсаль урлагийн хэл болсноор, амьдрал, түүх, үнэт зүйлсийг үзэгчдэд шууд, хүчтэй хүргэх гол хэрэгсэл болж байна.

Түүхэн дүрийг тайзнаа амилуулахдаа ямар судалгаа хийсэн бэ?
Түүхэн дүрийг тайзнаа амилуулахдаа бид дэлгэрэнгүй судалгаа хийсэн. Жүжгээрээ Урд төрлөөс эхлэн нэгэн насны амьдрал, хойч үеийн үйл ажиллагаа, ном эрдэм, дотоод сэтгэлийн агаартай холбоотой үйл явдлыг цаглашгүй их эрчмээр холбож, уул ус, нутгийн орон зай, учрах энэрэхүйн гэрэл шалтгаан, ертөнцийг танин мэдэхийн нууцад нэвтрүүлэхийг зорьсон. Энэ нь зөвхөн ухаант хүмүүний сэтгэл зүрхний гүнээс ирэх ухамсар, увдислаг их хүчийг харуулах эрмэлзлэл байсан юм. Жүжгийн бүтээлд нэгэн насны бие махбодийг илүү төвлөрүүлж дүрслэхээс гадна, учир утга, түүхэн холбоо, төрсөн нутаг, хувь тавилангийн салшгүй холболтыг харуулахыг эрмэлзсэн. Үүний үр дүнд Дилав хутагтын амьдралын гүнзгий хэлхээ, түүний замналын утга учир, оюун санаа, сэтгэл зүйн бүтцийг “Мөнхөд гэрэлтэх диваажин” хэмээх бүтээлээр дүрсэлж, тайзны бүжгийн хэл, хөдөлгөөн, хөгжмийн хэмнэлээр үзэгчдэд ойлгуулж харуулсан.
Гол дүрүүдийг сонгон шалгаруулахад ямар шалгуур тавьсан бэ?
Гол дүрүүдийг сонгон шалгаруулахын өмнө бид Дилав хутагтын амьдрал, туулсан зам мөр, түүхэн нөхцөл байдал, тухайн үеийн нийгэм-соёлын орчин, зан үйлийн соёл, архивын зураг, баримтат эх сурвалц, судалгааны бүтээлүүдийг гүнзгийрүүлэн судалж, баттай эх мэдээлэлд тулгуурласан өргөн хэмжээний судалгааг хийсэн. Энэ үйл явцад судалгааны баг эрдэмтэн, түүхч, соёл судлаачидтай олон удаагийн уулзалт, ярилцлага өрнүүлсэн нь дүр бүтээх үндсэн шалгуур, шаардлагыг тодорхойлоход чухал нөлөө үзүүлсэн. Түүнчлэн энэхүү уран бүтээлийн зөвлөхөөр Дилав хутагтын VI дүр Данзанламэд ажиллаж, “Дилав хутагт” сан албан ёсоор хамтран оролцсон нь түүхэн хүний дүрийг үнэн бодитоор гаргах, зан чанар, оюун санааны төрхийг зөв хөрвүүлэхэд маш том түлхэц болсон.
Багийн гишүүд хоорондын хамтын ажиллагаа хэрхэн өрнөв?
Үндсэн уран бүтээлчдийн багт зохиолч Ч.Алтантүлхүүр, Монгол Улсын Гавьяат Зүтгэлтэн бүжиг дэглээч Д.Баярбаатар, Монгол Улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн хөгжмийн зохиолч Б.Алтанхуяг, Монгол Улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн зураач Т.Ганхуяг зэрэг Монголын тайз, урлагийн нэр хүндтэй, туршлагатай уран бүтээлчид ажилласан. Тэдний мэргэжлийн өндөр мэдрэмж, олон жилийн амжилттай уран бүтээлийн арвин туршлага, бүтээлч сэтгэлгээ нь уг жүжгийн драматурги, хөдөлгөөний хэл, хөгжмийн шийдэл, тайзны хэв маягийг бүрэн төгөлдөр бүрэлдэн төлөвшихөд онцгой хувь нэмэр оруулсан юм. Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрын чадварлаг болон туршлагатай уран бүтээлчид гол болон туслах дүрүүдийг амилуулахын тулд хоёр жилийн туршид тууштай хичээн зүтгэж, тулгарсан бэрхшээл бүрийг эв нэгдэл, итгэл зорилгын хүчээр даван туулсан нь энэхүү бүтээлийн гол амин сүнс болжээ. Тэд өөрсдийн дотоод нөөц бололцоо, мэргэжлийн ур чадвар, сэтгэлийн тэсвэр тэвчээрээ нэгтгэн, Монголын төр, шашин, оюун санааны их зүтгэлтэн Дилав Хутагт Жамсранжавын амьдрал, үйл хэргийг тайзны урлагаар дамжуулан үнэн бодитой, уран сайхны өндөр түвшинд үзэгчдэд хүргэх эрхэм зорилгын дор нэгдсэн хамт олон юм. Ийнхүү баг болон уран бүтээлч бүрийн авьяас, хөдөлмөр, зүрх сэтгэл, хүсэл эрмэлзэл нэгдэн “Мөнхөд гэрэлтэх диваажин” бүжгэн жүжиг нь жинхэнэ утгаараа багийн хөдөлмөрийн тод илэрхийлэл, ур чадварын цогц нэгдэл болон Монголын драмын урлагт соёлын бүтээлч үйлдвэрлэлийн шинэ өнгө аясыг авчирсан томоохон бүтээл болон мэндэлсэн.
Тайзны дизайн, гэрэлтүүлэг, хувцасны шийдэлд ямар инноваци ашигласан бэ?
Тэдний олон жилийн туршлага, тайзны хэл найруулга, хөгжмийн уран сэтгэмж, хөдөлгөөний драматурги, хувцасны хийц маяг, донж болон дүрийн уран бүтээлийн онцгой мэдрэмж нь бүтээлийн бүх элементэд шингэж, нэгэн цул амьтай, цогц бүтээл болон бүрэлдэн бий болсон юм. Тайзны аранз, хөдөлгөөний хэл, хөгжмийн өнгө аялгуу, дүрийн зан үйл хүртэл нэгэн хэмнэлд орж, уран бүтээлчдийн сэтгэл зүрхний нэгдлийг илтгэснээр энэ бүтээл урлагийн өндөр хэмжээнд хүрсэн. Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрын уран бүтээлчид гол болон туслах дүрүүдийг бүтээхдээ хоёр жилийн турш тасралтгүй бэлтгэл, сургалт, судалгаа хийж, хүн бүр өөрийн эзэмшсэн ур чадвар, сэтгэл зүрхийг бүрэн зориулав. Бэрхшээлийг боломж болгон хувиргаж, нэг зорилгын төлөө нэгдэн хөдөлж, атгасан гар шиг нэгэн цул хүч болж ажилласан нь энэхүү бүтээлийн амин сүнс, хөдөлгөгч энергийг бий болгосон. Дүрийн хөдөлгөөнийг эзэмших, түүхэн орчин нөхцөлийг мэдрэх, бүжгийн хэлээр Дилав хутагтын гүн ухаан, дотоод ертөнцийг илэрхийлэх зэрэг өндөр шаардлагатай ажлуудыг тэд чин сэтгэлээсээ гүйцэтгэсэн. Бидний багийн нэг зорилго нь эрхэм хүн Дилав Хутагтын амьдрал, үйл хэргийг зөвхөн тайзны бүтээл болгон амилуулах бус, харин түүний дотоод ертөнц, сэтгэл зүрхний мөн чанар, эх нутагтаа болон хүмүүстээ зориулсан зүтгэлийг үзэгчдэд илүү гүн, илүү бодитойгоор мэдрүүлэх явдал байсан. Энэ зорилгын төлөө авторууд, найруулагч, жүжигчид, техникийн баг гээд нэгэн бүтэн айл шиг нэгдэж, зорилго нэгт багийн үнэт соёлыг бий болгож чадсан юм. Ингэж бид хамтдаа Дилав хутагтын тухай түүхэн хүний амьдрал, сэтгэл, гэгээрэл, зовлон, зүтгэлийг бүжгийн хэл, тайзны уран бүтээлээр дамжуулан өнөө үеийн үзэгчдэд хүргэх ховорхон боломжийг бүтээсэн билээ.
Бүжгэн жүжгийн дараагийн төлөвлөгөө юу вэ?
“Мөнхөд гэрэлтэх диваажин” бүжгэн жүжгийг бид 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Завхан аймгийн Хөгжимт жүжгийн шинэ театрынхаа тайзан дээр амжилттай нээн тоглосон. Улаанбаатар хотноо 12 дугаар сарын 8-нд тоглох бэлтгэл ажил , зохион байгуулалтад бүрэн орсон. Мөн 2026 онд Буриад Улсад, цаашлаад Завхан аймгийн бүх сум, Монгол Улсын бусад аймаг болон Америкийн Нэгдсэн Улсад тоглох урт хугацааны зорилго, мөрөөдлөө өвөртлөн ажиллаж байна.
Ирээдүйд Дилав хутагттай холбоотой өөр бүтээл гаргах төлөвлөгөө бий юу?
Дилав хутагт бол Монголын оюун санаа, соёлын түүхэнд гүн үлдэцтэй мөр дарсан, үе дамжин үнэ цэнэ нь бадарч байдаг эрхэм хүн учраас түүний амьдрал, сургааль, соёлын өвийг тайз, дэлгэцийн олон төрөлд шинэчлэн бүтээх өргөн боломж нээлттэй байгаа. Цаашид Дилав хутагтын оюуны ертөнц, хүмүүний мөн чанарыг илүү гүнзгий харуулсан тайзны шинэчилсэн хэлбэрийн бүтээлүүд, мөн хүүхэд залуучуудад зориулсан боловсролын чанартай контент боловсруулах хүсэл, зорилго бидний дунд хүчтэй оршиж байна.
Монголын бүжгийн урлагийн хөгжилд энэхүү бүтээл ямар хувь нэмэр оруулна гэж харж байна вэ?
“Мөнхөд гэрэлтэх диваажин” бүжгэн жүжиг нь Монголын бүжгийн урлагт олон талаар бодит хувь нэмэр оруулна гэж харж байна. Тус бүтээл нь түүхэн сэдвийг бүжгийн хэлээр гүн уянгын түвшинд илэрхийлсэнээр, түүхэн дүрийг хөдөлгөөнөөр тайлбарлах шинэ арга зүйн жишгийг тогтоож, Монголын бүжгийн урлагийн уламжлал ба орчин үеийн модерн хэл найруулгыг бүтээлчээр холбосноор шинэ хөдөлгөөний хэл, тайзны урлагийн өргөн боломжийг нээж өгсөн. Мөн аймгийн театрын уран бүтээлчдийг үндэсний хэмжээний цогц бүтээлд гаргаж ирсэн нь орон нутгийн урлагийг хөгжүүлэх, залуу уран бүтээлчдэд мэргэжлийн өсөлт, сорилтыг бий болгох ач холбогдолтой бөгөөд хөгжмийн шийдэл, тайзны хэв маяг, драматургиар нь монголын бүжгийн урлагийг шинэ шатанд гаргах, бүтээлч уран сэтгэлгээ, хамтын ажиллагааны шинэ стандартыг тогтоох ач холбогдолтой гэж үзэж байна.
Орон нутгийн театруудын сорил бас боломж юу байна вэ?
Орон нутгийн театрууд олон сорилттой тулгардаг ч, зорилго тавьж төлөвлөсөн тохиолдолд боломж хаана ч бий. Сорилтууд нь санхүүжилт, мэргэжлийн боловсон хүчин, тайзны техник, үзэгчдийн сонирхол, урлагийн бүтээлч нөөцийн хязгаарлалтаас шалтгаалдаг. Гэсэн хэдий ч, хамгийн гол нь боломжийг бүрдүүлэхийн тулд зогсолтгүй, тасралтгүй, цуцалтгүй хөдөлмөрлөхөд оршино. Манай театрын жишээ бол үүний тодорхой нотолгоо бөгөөд бид 5 уран бүтээлээ амжилттай хэрэгжүүлж, төр, хувийн хэвшлийг холбосон цогц бүтээлүүдээр орон нутгийн театрыг хөгжүүлэх боломжийг тодорхой харуулсан. Энэ нь үзэгчдэд чанартай урлаг уран бүтээлийг хүргэх, уран бүтээлчдийн туршлага, ур чадварыг нэмэгдүүлэх, орон нутгийн соёлын хөгжлийг дэмжих том боломж болдог.
Жүжгийн хамгийн сор болсон хэсэг аль нь вэ?
Жүжгийн хамгийн гүн утгатай, сорилттой хэсэг нь Зүүдний хэсэг билээ. Энэ хэсэгт Дилав Хутагт зүүдэндээ эх, үр, нутгаа санан бэтгэрсэн сэтгэлийг бүжгийн хэлээр илэрхийлдэг бөгөөд түүний хөдөлгөөн нь эцсийн амьсгалаа хүртэлх дотоод сэтгэлийн мэдрэмжийг дамжуулж, үзэгчдэд шууд хүрдэг. Тайзны бусад дүрүүд нь сүүдэр мэт орчинд холимог байдлаар байрлан, зүүдний ертөнцийн динамикийг бий болгож, Дилав Хутагтын дотоод хөдөлгөөнийг дэмжин, түүний хайр, энэрлийг улам тодруулна. Дүрүүдийн нүүрний хувирал, биеийн хэлэмж нь сэтгэл зүйн нарийн өнгө аяс, хайрын энэрэл, дурсамжийн гүн гүнзгий мэдрэмжийг харуулахад чиглэгдсэн байдаг бөгөөд тайзны бүх элементүүд нэгэн цогц бүтээл болж зохицдог. Хөгжим нь зөөлөн, уянгалаг аялгуугаар эхэлж, зүрхний цохилт, амьсгалын давтамжтай уялдаж, Дилав Хутагтын дотоод сэтгэлийн хөдөлгөөнийг илүү гүн мэдрүүлдэг бол зарим хэсэгт монгол ардын аялгуу, зөөлөн перкусс нэмж, орчин үеийн урлагийн элементүүдийг холимог байдлаар оруулснаар үзэгчдэд оюун ухаан, сэтгэлд нэгэн зэрэг хүрэх мэдрэмж төрүүлнэ. Тайзны гэрэл нь төвд дулаан, зөөлөн өнгөөр Дилав Хутагтыг тодруулж, бусад хэсэгт нь нимгэн, цэнхэр манан гэрэл ашиглан зүүдний ертөнцийн мэдрэмжийг бий болгодог бөгөөд гэрлийн өнгөний солилт нь тухайн сэтгэлийн халуун, энэрэл, бэтгэрсэн сэтгэлийг тодорхой харуулахад чиглэгдсэн байдаг. Ингэснээр бүжгийн хөдөлгөөн, хөгжим, гэрэл, дүрүүдийн харилцан үйлчлэл нь үзэгчдийг зүүдний ертөнцөд бүрэн автуулж, хүний дотоод сэтгэл, хайр, энэрэл, дурсамжийг гүн гүнзгий мэдрүүлдэг жинхэнэ утгаараа цогц бүтээл болж чадсан хэсэг болдог.
Хамгийн хүндрэлтэй байсан үе шат?
Жүжгийн хамгийн хүндрэлтэй үе шат нь өмнөх төслүүдээс илүү урт хугацаанд, хоёр жилийн турш олон бэрхшээл даван туулсан явдал байлаа. Уран бүтээл хийхэд хамгийн том сорилт нь хөрөнгө, санхүүгийн асуудал, олон хүнтэй уулзаж зөвшилцөл хийх, бүтэх эсэх нь эргэлзээтэй өдрүүд их тохиолдож байсан юм. Гэсэн ч багийнхан “заавал хийх ёстой” гэсэн сэтгэлээр тасралтгүй хөдөлмөрлөн зүтгэж, тууштай байсан нь эцэстээ үр дүнгээ өгч, нэг л өдөр гэрэл ассан юм. Тэр гэрэл нь Оюуны хөрөнгө оруулагч “Топ Нобле Тур” ХХК-ийн хамт олны дэмжлэг бөгөөд тэдний тусламжтайгаар энэ бүтээл эргэж сэргэн, амжилттай нээлтээ хийж чадсан.
Мөнхүү жүжгийн бас нэг эмээж байсан зүйл бол түүхэн үйл явдлыг бүжгийн хэлээр дамжуулж, үзэгчдэд бодит мэдрэмж төрүүлэх хэсгүүд байсан. Ялангуяа Дилав Хутагтын насан туршийн үйл хэргийг, тухайн үеийн нийгэм, шашин, соёлын нөхцөл байдлыг хөдөлгөөн, нүүрний хувирал, тайзны орчин, гэрэл, хөгжмийн зохицолд оруулан нэг бүтээл болгон үзүүлэх нь хамгийн их төвөг учруулсан. Энэ үе шатанд зөвхөн дүрүүдийн биеийн хөдөлгөөн, цогц байдлыг төдийгүй үзэгчдэд түүний амьдралын үнэн бодит түүх, сэтгэл зүйн гүн утгыг дамжуулахыг шаардсан учраас зохиомж, найруулга, тайзны шийдэл бүрийг нарийн тооцоолон, олон удаа давтан туршиж, зохицуулалт хийх шаардлагатай болсон юм. Мөн түүхэн баримт, архивын мэдээллийг урлагийн хэлбэртэй нэгтгэх нь багийн хувьд онцгой хүндрэл дагуулсан ч, үүнийг даван туулснаар бүтээл илүү цогц, гүн гүнзгий утгатай болсон билээ.
Үзэгчдэд яагаад заавал үзэх ёстой гэж зөвлөх вэ?
Монголын төр, шашин, нийгмийн нэрт зүтгэлтэн Дилав Хутагт Б.Жамсранжавын амьдралын үнэн бодит түүх, сэтгэл зүрхэнд шингэсэн үйл хэргийг драмын урлагаар дамжуулан үзэгчдэд шууд мэдрүүлдэг. Тайзны бүжиг, хөдөлгөөн, хөгжмийн шийдэл, гэрэл, дүрслэлийн төгс зохицол нь Дилав Хутагтын амьдралын зориг, үнэнч зан чанар, оюун санааны их эрч хүчийг амьд мэт мэдрүүлж, үзэгч бүрт хүчирхэг урам зориг, Монгол хүний сэтгэлгээний үнэт зүйлсийг ойлгуулахаар бүтээгдсэн. Энэхүү бүтээл зөвхөн өнгөрсөн түүхийг харуулах бус, өнөө үеийн хойч үедээ Монгол хүний үнэнч зан, ариун сэтгэл, хүсэл тэмүүлэл, зориг эрмэлзэлийг драмын урлагийн хэлээр гүнзгий мэдрүүлж, үзэгчдийн сэтгэлд язгуурын ухамсрын шидийг нээдэг гайхамшигт уран бүтээл бөгөөд хүн бүрийг заавал үзээсэй гэж бодож байна. “Мөнхөд гэрэлтэх диваажин” бүжгэн жүжгээр дамжуулан үзэгчдэд “Монгол хүмүүн болж төрсний нэгэн үйл хэрэг биелэх буй за” хэмээх гүн утга, ариун мэдрэмжийг зүрх сэтгэлд нь мэдрүүлж, үеийн үед хадгалан дурсахыг уриалан үлдээхийг хүслээ.

"МӨНХӨД ГЭРЭЛТЭХ ДИВААЖИН" бүжгэн жүжгийн тасалбарыг ЭНД дарж авах боломжтой.