
Милан хотын Сфорца ордны “Sala delle Asse” танхимын таазанд зурсан Леонардо да Винчигийн бүтээлийг олон нийтийн хүртээл болгохоор шийдвэрлэжээ. Танхимын зургаан метрийн өндөртэй тааз болон барилгын сэргээн засварлалт үргэлжилж байгаа хэдий ч ирэх хоёрдугаар сард зохион байгуулагдах өвлийн олимпын үеэр жуулчдыг татах зорилгоор хотын захиргаа тус шийдвэрийг гаргасан байна. Үүний дараа танхимыг 18 сарын хугацаанд дахин хааж, сэргээн засварын ажлыг бүрэн дуусгана хэмээн сэргээн мэдэгджээ.
Уг зургийг Леонардо да Винчи 1498 онд Миланы гүнтэн Людовико Сфорцагийн захиалгаар зурж эхэлсэн ба танхимын хана, таазанд хоорондоо орооцолдсон усан үзмийн мөчир, 16 ширхэг гүйцэд ургасан модод, ил гарсан үндэс, чулуулаг хөрс зэргийг дүрсэлжээ.
Людовик XII-ийн Италийн дайны үеэр Сфорца гүнтэн ордноосоо дүрвэн зугтсанаар цайзыг цэргийн зориулалтаар ашиглаж эхэлсэн гэдэг. Ингэхдээ ордны ханыг болон да Винчигийн зурсан таазны зургийг будаж далдалсан харамсалтай түүх бий. Бүтээлийг XIX зууны төгсгөлд да Винчигийн бүтээл мөн хэмээн баталж, XX зууны турш олон шаттайгаар сэргээн засварласан байна.


Дашрамд сонирхуулахад Леонардо да Винчи амьд ахуйдаа олон зураг дуусгалгүй үлдээсэн гэх таамаг байдаг ч бүрэн дуусгасан 15 зураг л үлдээжээ. "Сүүлчийн оройн зоог" хэмээх ханын зураг болон модон хавтан дээр зурсан "Мона Лиза" хөрөг зургийг мөнгөөр үнэлэх боломжгүй хэмээн тайлбарладаг ба хүн төрөлхтний оюуны болон гоо зүйн ололтыг илэрхийлдэг хэмээн урлаг судлалд тодорхойлдог билээ.