
Америкийн сонгодог зохиолч, ХХ дугаар зууны уран зохиолын онцгой туурвил болох “Баавгай” туужийн эцэг Уильям Волкнерын нэрэмжит утга зохиолын шагналын эзнийг тодруулснаа зарлалаа.
Шүүгчид энэ удаад өнгөрсөн онд АНУ-д хэвлэгдсэн, тус орны зохиолчдын 387 роман болон өгүүллэгийн түүврийг хүлээн авчээ. Шүүгчдийн бүрэлдэхүүнд Саманта Хант, Дишон Уинслоу, Таниа Жэймс нар багдсан бөгөөд нийт 155 хэвлэлийн газраас ирсэн бүтээлүүдийг уншиж, дүгнэсэн байна.
Ийнхүү “A Public Space” хэвлэлийн газраас уншигчдын хүртээл болгосон Пакистаны зохиолч Махрин Сохайлын “Small Scale Sinners” буюу “Балчир нүгэлтнүүд” өгүүллэгийн түүвэр 2026 оны “Faulkner Award for Fiction”-ны ялагчаар тодорчээ.
“Тус бүтээл нь хурц, онцгой бичлэгийн хэлтэй агаад хэдийгээр нүсэр зузаан бүтээл биш боловч хүний оршихуйн бүхий талуудыг нэгтгэж чадсан гайхамшигт ном. Хүсэл тэмүүлэл, уур хилэн, хайр, хагацал гээд асар баялаг бие даасан гэмээр ертөнц бидний дотор, амьдралд оршдог болохыг тэр эл түүврээрээ илчлэн харуулсан” хэмээн шагналын хорооны дарга Лорен Фрэнсис-Шарма өгүүлжээ. Мөн тэрээр “Ирэх сард болох ёслол дээр эцсийн шатанд үлдсэн таван бүтээлийн баярыг тэмдэглэхийг тэсэн ядан хүлээж байна. Харин энэ жилийн ялагчийг тодруулж өгсөн шүүгчдэдээ талархая” хэмээжээ.
Зохиолч Махрин Сохайл нь Пакистаны Исламабад хотод төрсөн агаад “Sarah Lawrence College”-д тэтгэлгээр суралцаж, магистрын зэрэг хамгаалжээ. Мөн “A Public Space” хэвлэлийн газарт бичгийн судлаачаар ажиллаж байжээ. Тэрээр уг өгүүллэгийн түүврээ туурвихад арван жилийн хугацааг зарцуулсан байна. Харин номоороо дамжуулан бие даасан эмэгтэй хүн байх боломжит замуудыг зураглахыг оролдсон гэдгээ онцлов.
Волкнерын нэрэмжит утга зохиолын шагнал нь Америкийн уран зохиолын хамгийн нэр хүндтэй шагналуудын нэг агаад нэртэй зохиолчид шүүн шалгаруулахаас гадна ялагчийн шагналыг 15 000 ам.доллар дагалддаг байна.