
Энэ бол таны, бяцхан үрсийн оролцоотой бүтэх тийм ид шидтэй үлгэр. Хүүхдийн зурагт номын зохиолч А.Даваасүрэнгийн “Цасан охины нууц” хэмээх бүтээл нь домог хэрхэн үүсэж, тэдгээр нь бусдын аж төрөхүйтэй ямар шугамаар харгалдаж байдаг талаарх өргөн цар хүрээтэй сэдвийг ч хөнджээ.
Үүнээс гадна номын гол дүр нь монгол өвлийн өвгөн агаад мөнөөх дүрийг тодотгох бусад орны өвлийн өвгөний дүрүүд ч гарна. Хамгийн гол нь өвлийн өвгөний туслах бүтэлгүй ч гэмээр Бөхөнгийн адал явдлыг сайхан сэтгэлт охины сэтгэл уярам түүхээр үргэлжлүүлэн сүлжиж, зохиолынхоо өгүүлэмжийг чадмаг гэгч сүлжээ.
Үлгэр эхлэх цаг
Хүүхдийн зурагт ном шинэ сэдэл, мэдрэмж хоёр туйлын чухал үүрэгтэй. Гэвч эдгээрээс гадна ном гэдэг аль ч утгаараа үндэстний соёл, ард түмний ой санамж болж үлддэг учраас өөрсдийн гэх үнэт зүйлсийг ямар ч уран бүтээлч бүтээлдээ шингээхийг илүүд үздэг. Харин тэдгээрээс юуг онцолж, олж харах нь мэдээж уншигчийн эрх.
Үүнээс үүдэлтэйгээр ном сурах бичиг, хүүхдийн бүтээл туурвихад уламжлалт ёс заншил, өв соёлын тухай асуудал зайлшгүй хөндөгдөж таарна. Өдгөө аль ч нөхцөлд бид уламжлалаас хэт хөндийрч буй талаар дор бүрнээ ярьдаг болсон. Гэтэл хотжилт, техник технологийн хөгжил, орчин ахуйгаас хамаараад иргэншил дагасан нүүдэл хийх зайлшгүй шаардлагатай байсан учраас тэр. Үгүй бол уламжлал руу хэт туйлширч хандах дээрээ тулбал хэдэн арван жилээр улс орны хөгжил ухрах хэмжээнд очно. Энэ нь уламжлалыг үгүйсгэж байгаа хэрэг бус. Гол нь уламжлал гэж юу вэ? Яг өнөөдөр хүүхдүүдэд ном соёлоор дамжуулан ямар уламжлалыг түгээх хэрэгтэй бол гэдэг дээр анхаарч ажиллах нь зүй ёсных юм.
Зохиолч А.Даваасүрэн “Ув улаан зүрх”, “Би чи бид”, “Миний чиний бидний гэр” зэрэг цөөнгүй зурагт ном уншигчдад хүргэжээ. Тэдгээр бүтээлүүлээд монгол гэх ондоошил, бид юуг эрхэмлэх вэ? гэх асуултад тодорхой хэмжээнд хариулсан агуулгууд багтана. Энд онцлон буй “Цасан охины нууц” номд л гэхэд монгол орны “Улаан ном”-д орсон ховор амьтдын нэг болох бөхөнг дүр болгосон агаад уламжлалт цаг тооллын чухал зангилаа болох ес эхлэх өдрөөс зохиолын үйл явдал хөвөрч байна. Мөнхүү есөн ес буюу наян нэгэн хоногийг хуваах есөн нэршлийг хүншүүлж, басхүү дүр болгож урласан онцлогтой.
Энэ бол манай ард түмэн өвлийг хэрхэн таньж, ойлгож, басхүү ямар арга замаар ахуйтайгаа холбож ирсэн сэтгэлгээний онцлог дахь үргэлжлэл гэж харууштай. Учир нь ес эхэлнэ гэдэг өвөл жинхнээсээ айлчилж байна гэсэн үг. Зохиолч үлгэрийн эхлэлийг үүнд уяж өгснөөрөө улиралтай холбогдох уг нэршлийг утгыг хүүхдүүдэд сонирхолтой өнцгөөр тайлбарлаад зогсохгүй, номын цаашид хөврөх үйл явдлаас хүртэх мэдрэмжийг илүү амьд болгон хувиргажээ.
Дүрүүдийн ондоошил
-660x0.png)
Хүүхдийн зурагт ном бол зөвхөн зургийг нь үзээд л өнгөрчих хэмжээний агуулгатай байдаггүй. Хамгийн гол нь хүүхдүүдийн ойлгож таниагүй, сайн мэддэггүй сэдвийн талаар ярилцах, түүгээр дамжуулан боловсрол олгох, хүмүүжилд нь нөлөөлөх үүрэгтэй. Зарим талаар сэтгэхүй болоод төсөөлөн бодох чадвар, мэдрэмжид нь ч давхар нөлөө үзүүлдэг онцгой шидтэй.
Тэр чанараар аваад үзвэл нэн тэргүүнд өвлийн өвгөний туслах бөхөнгийн талаар ярих хэрэгтэй болно. Учир нь бөхөн өвлийн өвгөнд хүсэлт илгээсэн бяцхан хүүхдүүдийн захидлыг цуглуулдаг. Хүүхдүүдийн хүслийг биелүүлэх чухал ажил түүнтэй нягт холбогдоно. Өмнө нь зохиолч А.Даваасүрэн “Ув улаан зүрх” номдоо мөн л бөхөнг гол дүр болгон шинэ онтой холбоотойгоор зохиолын үйл явдлын уран сүлжээс нэхэж байв. Тэгэхээр уг амьтны дүр цаашид ч мөн цувралаар үргэлжлэх боломжтой. Хамгийн гол нь эл амьтныг таньж мэдэх, цаашлаад зохиолын дүрээр дамжуулан хайрлах сэдлийг хүүхдэд багаас нь суулгах нь хойшид ч бөхөн хамгаалалд чухал хувь нэмэр оруулах эерэг хүчин нөлөөтэй билээ. Тиймээс өвлийн өвгөний туслах болгон сонгосон нь зүгээр нэг уран сэтгэмж бус байгаль – хүн – домгийн холбоог сэргээсэн явдал. Бөхөн бөн бөн шогшуулан хүүхэд бүрийн хүслийг бичсэн захидлыг цуглуулж явах нь шинэ жилийн барууны хэвшмэл дүрслэлээс эрс өөр, монгол ахуйн хөдөлгөөн, амьтны зан ааштай нийцсэн дүрслэл болж чадсан байна.
Аваахай ба хүйтний есөн ах дүүс

Номын бас нэгэн чухал онцлог нь бидний ахуйгаас өдөр бүр алсран холдож буй үг, ойлголтыг дүр болгон амилуулсан явдал. Тухайлбал, аваахай хэмээх өвлийн өвгөний туслахууд бий. Тэд бол бэлэг сэлт боож багладаг хөвсгөр зөөлөн цасан ширхэгүүд. Өдгөө хэрэглээнээс шахагдсан гэхэд хилсдэхгүй эл үг нь малгайлан будрах том том цасан ширхэгүүдэд оноосон нэр юм. Зохиолч угтаа энэ үгийг зүгээр дурдаад өнгөрсөнгүй. Харин дүр болгож, шинэ жилийн баяр, өвлийн улиралтай мөнхийн холбоотой шидэт амьтад мэтээр мэтгэсэн байна.
Харин хүйтний есөн ах дүүс бол монголчуудын өвлийг ойлгож ирсэн уламжлалт сэтгэлгээний илэрхийлэл. Хүйтнийг нэгэн жигд, уйтгартай байдал бус үе шаттай, зан ааштай, өөр өөр “ах дүүс” болгон дүрсэлсэн нь байгальтай ярилцаж, түүнийг хүнчилж ирсэн нүүдэлчдийн сэтгэлгээний онцлог бүхий чухал өгөгдөхүүн юм.
Шидэт дохиур

Зохиолын гол зөрчил нь өвлийн өвгөний туслах бөхөн захидлуудыг үүргэвчиндээ хийж нисэх үед салхинд уутных нь ам задарч, хүслийн захидлууд хотоор нэг тарах мөч дээр үүсдэг. Эндээс чухам бусдыг хүслийг хэрхэн биелүүлэх вэ гэх асуулт эхэлнэ. Тэгээд ч бөхөн нээрэн л шинэ жилийн орой айлчилж, бусдыг хүслийг цуглуулдаг ч байж болох шүү дээ.
Яг энэ мөчид нэгэн номин ногоон нүдтэй, өнчин охин тэдгээр захидлуудыг цуглуулж, бөхөнд туслахыг хичээдэг. Уг дүр бол уг зохиолын зүрх. Тэр бусдын хүслийг өөрийнхөө төлөө хадгалахгүй, харин хүүхдүүдийн төлөө цуглуулна. Эндээс зохиолч цасан охины мөн чанарыг тодорхойлж өгдөг. Цасан охин бол ид шидийн хүчээс гадна сайхан сэтгэлийн хүчийг бэлгэдсэн оршихуй. Тэгээд ид шид бидний зүрх сэтгэлд бий гэх зохиолын эцсийн агуулга уг явдлаас эхлэн тодорхой болдог.
Барууны үлгэрүүдэд цасан охин ихэвчлэн гоёлын, туслах шинжтэй байдаг бол А.Даваасүрэнгийн бүтээлд цасан охин бол хүслийг хамгаалагч, дамжуулагч, ойлгогч дүр.
Өвлийн өвгөн, бөхөн, цасан охин, аваахай, хүйтний ах дүүс зэрэг эдгээр дүрүүд нийлээд нэгэн цогц ертөнцийг бүрдүүлнэ. Уг ертөнцөд шинэ оны баярын өдрүүдээр аялах шидэт дохиур бяцхан уншигчдын ширээн дээр байна. Тэр дохиур бол “Цасан охины нууц” зурагт ном юм.