
Улаан шарыг тунаруулсан орхимж дэлхий нийтийн төсөөлөлд дотоод амар амгалан, хүчирхийллээс ангид бодь сэтгэлтний дүрээр буудаг.
Гэтэл энэрэл нигүүлсэлийн үрийг тарьж, бусдын итгэл үнэмшлийг хүндэтгэх учиртай санваартнууд үзэн ядалтаар зэвсэглэж, шашны ондоошлын эсрэг хүчирхийлэл гаарлаа. Одоогоор ийм хандлага бага хөлгөний уламжлал түгэн дэлгэрсэн Зүүн өмнөд Азийн орнуудад онцгой ажиглагдаж байна. Гэхдээ түүхийн туршид буддын шашин хүчирхийллээс ангид оршсон гэвэл дэгс болно. Ялангуяа төр шашин хоорондоо нягт сүлбэлдэх үед лам нар бурхны сургаалаас илүүтэй хэт үндсэрхэг үзэлд автан “буруу номтон”-ы өөдөөс зэвсэг агсах нь бурхны шашинд харшлахгүй гэж мэтгэдэг.
Бага хөлгөний уламжлалын өлгий нутаг болох Шри Ланкад 30 жил үргэлжилсэн иргэний дайны өмнө ч салан тусгаарлах үзэлтэй шашны цөөнх мусульманчуудад халдах нь ердийн хэрэг байв. Арал улсын Үндсэн хуульд буддын шашныг онцгойлон дархалж, лам нарын эрх ямбыг үлэмж нэмэгдүүлсэн нь ийнхүү бусад шашныг хавчин гадуурхах хориг саадгүй болгосон хэрэг. 22 сая хүн амтай Шри Ланкад буддизм нь зөвхөн итгэл үнэмшлээр хязгаарлагдахгүй харин хүн амын 70 гаруй хувийг бүрдүүлдэг синхал үндэстний соёл уламжлалын тулах цэг.
Буддизмын “тэргүүлэх байр суурь”-ийг тодотгосон Үндсэн хуулийн хамгаалалт дээр 2012 онд тодрон гарч ирсэн улс төрийн хүчин бол Боду Бала Сена буюу Буддын чөлөөлөх арми нэртэй анти-ислам хөдөлгөөн юм.
Анхандаа буддын шашинт оюутнуудад давуу эрх олгох, мөргөлийн үеэр үхэр нядлах, хүнсний бараа бүтээгдэхүүнд халал баталгаа олгохыг цуцлах зэргээр исламын зан үйлийг хориглох шаардлага тавьж гарч ирсэн хөдөлгөөний тэргүүн Галагода Атте Гнанасара одоо бол шашнаар ялгаварлан гадуурхах үзлийн гол дүр.
Ширэнгэн ойд даяанчаар сууж шашны замналаа эхлүүлэн, Коломбо хотын дацан хийдэд шавилан сууж байсан Гнанасара 2000-аад оны эхээр буддын шашныг гадаад нөлөөллөөс, тэр дундаа мусульманчуудаас хамгаалах уриатайгаар улс төрд орж ирэв. Зөвхөн лам нараас бүрдсэн дэлхийн анхны улс төрийн нам болох Жатика Хела Урумаяд элсэн парламентын сонгуульд нэр дэвшсэн ч ялагдсан хувраг өөрийн зам мөрийг хөөхөөр шийдсэн нь Буддын чөлөөлөх арми. Түрэмгий үг хэллэгээрээ алдартай тэрээр олон нийтийн өмнө үг хэлэхдээ исламын шашныг байнга шүүмжилж, Шри Ланкын нутагт коран судар хориглохыг уриална.
Харамсалтай нь Гнанасарагийн дагагчдын үйл ажиллагаа зөвхөн уриа лоозонгоор хязгаарлагдахгүй. 2014 онд арлын баруун өмнөд хэсэгт Буддын чөлөөлөх армийн цуглааны дараа хүчирхийлэл дэгдэн мусульманчуудын өмч хөрөнгө, сүм хийдэд халдсанаар дөрвөн хүн амь үрэгдэн 80 орчим хүн шархадсан нь эхний дохио байв. Хүний эрхийн байгууллагуудын баримтаар 2012-2018 оны хооронд мусульманчууд өртсөн хэдэн зуун хүчирхийллийн хэрэг бүртгэгдсэн ч эрх баригчид хав дараад өнгөрсөн аж.
Исламын шашныг доромжилсон хэргээр шүүхээс хоёронтаа ял сонссон ч Ерөнхийлөгчийн өршөөлд хамрагдчихдаг Гнанасара сүүлд 2019 онд бас бусдыг айлган сүрдүүлж, шүүхийг үл хүндэтгэсэн хэргээр зургаан жилийн хорих ял авахад анай л хууль үйлчилсэнгүй.
Сүүлийн үед шашны дайсагнал Христэд итгэгчдийг онилох болжээ. Өнгөрсөн онд гэхэд л Христийн сүмд халдаж, пасторуудыг нь зодож жанчсан 100 гаруй тохиолдол гарсан юм.
Тэр байтугай хүчирхийллийг буруушааж, Буддын чөлөөлөх арми болон Засгийн газрыг ширүүн шүүмжилдэг буддын лам Ватарака Вижита Теро халдлагад өртсөн удаатай. Хэт үндсэрхэг үзэлтнүүдийг санхүүжүүлдэг Батлан хамгаалах яамыг Талибаны террористуудтай зүйрлэснийхээ төлөө теравада шүтлэгт улстөрч Мангала Самаравира Сангийн сайдын албан тушаалаас зайлуулагдсан гэдэг. Шри Ланкын Хүний эрхийн комиссар асан Амбика Саткунанатаны хэлснээр эрх мэдэлд хэн байгаагаас үл хамааран улс төрийн бүх нам лам нараас эмээнгүй байдаг аж. Улс орныг хамарсан шинэ бодлого төлөвлөгөө зарлахдаа ч ламын төлөгт найдаж амыг нь хардаг тул шар нөмрөгтнүүд хуулиас давж гишгэдэгт гайхах зүйлгүй.

2014 онд мусульманчууд руу халдсанаас гурван сарын дараа Галагода Атте Гнанасара тусгай зочин болох Мьянмарын санваартан Ашин Виратуг нутагтаа хүндэтгэн залж “дэлхий даяарх буддизмыг хамгаалахын” тулд хамтран ажиллахаа тунхаглав.
Олон арван мусульманчуудыг мөрдөж, хөнөөсөн аймшигт үймээн самууныг өдөөсөн хэргээр долоон жил хоригдсон Ашин Виратуг ТIME сэтгүүл өмнө нь “Буддын терроризмын нүүр царай”-гаар нэрлэж байсан удаатай. Түүний удирддаг 969 хөдөлгөөн ислам шашинт цөөнх рохинжа үндэстнүүд оршин суудаг бүс нутагт байнга хүчирхийлэл үйлддэг ч Мьянмарын эрх баригчид нүдээ аниад өнгөрөөдөг. Ардчилсан засаглалын жилүүдэд мусульман хүн амыг хязгаарлах иргэний эрхийн хууль боловсруулсан хэргээр 969 хөдөлгөөнийг хориглож Ашин Вирату үймээн самуун өдөөсөн хэргээр дахин баривчлагдсан. Харин 2021 онд засгийн эрхэнд гарсан цэргийн хунт Виратугийн гэмийг хэрэгсэхгүй болгож сулласнаар барахгүй харийн шашин эх орон, соёл түүхийг нь эзлэхийг санаархдаг хэмээсэн үзэл номлолынх нь төлөө төрийн дээд шагнал болох Тири Пянчи цол олгосон юм.

Цэргийн дэглэм гэлтгүй ардчилсан засаглал нь ч 2017 онд үндэстний цөөнхийг шашин шүтлэгээ өөрчлөхийг хүчээр тулгасны балгаар 1.4 сая рохинжагаас 740 000 гаруй нь хөрш Бангладеш руу дутааж бүс нутагт дүрвэгсдийн хямрал нүүрлээд байгаа билээ.
Дэлхийн хамгийн их гадуурхагдсан үндэстэн болох рохинжа хүмүүс өдгөө Мьянмарын төрөөс эрүүл мэнд, боловсрол зэрэг нийгмийн үйлчилгээ авах ямар ч эрхгүй амьдардаг.
Гэхдээ шашны цөөнх рүү халдаж буй хэрэг явдал бүхнийг буддын лам нартай холбож үзэх нь учир дутагдалтай. Шашнаас илүүтэй эдийн засгийн шинжтэй халдлага сүрдүүлэг зонхилдог нь Мьянмарын иргэд нийтээрээ исламуудын эрхэлдэг худалдаа үйлчилгээг нүд үзүүрлэн бойкотлодогоос тод харагдана. Эдийн засгийн тэгш бус байдал, авлигад сөхөрсөн нийгмийн ядуурлын шалтгааныг хариуцлагагүй улстөрчид бус харь шашинд тохоход илүү хялбар байдаг биз.

Шашин шүтлэгтээ ачлал тахимдуу ханддаг Тайландад лам нарын улс төрийн идэвх өндөржсөн нь мөнөөх л хаант засаглалын буддизмыг де-факто төрийн шашин болгож бүс нутгийн мөргөлдөөний бай болгодогтой холбоотой юм. Тайландын хүн амын 92 хувь нь буддын шашинтан ч гэлээ өмнөд мужид малай гаралтай мусульманчууд зонхилно. 2004 оноос хойш Тайландын Засгийн газар өмнөд гурван мужид цэргийн дэглэм тогтоож, исламын эсрэг буддын лам нарыг зэвсэглэсэн. Тухайн жил Хру Се сүмд халдаж, 100 гаруй мусульманыг зэвсэгт тэмцэл өрнүүлсэн хэргээр хөнөөхдөө Тайландын цэргүүд буддын лам нарын бүлгүүдтэй хамтарч байв. Одоо ч тус мужид үе үе дэгддэг үймээн самуунаас хамгаалах үндэслэлээр зэвсэглэсэн лам нарын мусульманчуудын эсрэг хүчирхийллийг зөвтгөдөг нь “цэрэгжсэн” хийдийн орчин бүрдэхэд хүргэсэн юм.
Хөрш Камбожид ч ялаагүй шашин, төрийн зааг бүдгэрч, сүм хийдийн нэр хүнд улс төрийн легитим байдлын хэрэгсэл болон хувирч буй нь орлогын тэгш бус байдал нэмэгдэх тусам популист, үндсэрхэг үзлийн давлагаа нөмөрдөг жам ёсны үзэгдэл гэлтэй.
Ажилгүйдэл, хотжилтын дарамт, соёлын өөрчлөлт хүмүүсийг хариуцлага хүлээх дайсан эрэхэд хүргэдэг. Популизмын логик жинхэнэ ард түмэн ба дотоодын дайсан гэсэн хоёр туйлт хуваагдлыг бий болгодог. Зүүн өмнөд Азийн тохиолдолд шашин энэ хуваагдлыг ёс суртахууны хэлээр баталгаажуулж өгч буй дүр зураг тод ажиглагдах болжээ. Уг нь буддизм өөрөө хүчирхийллийн сургаал биш ч айдас, эрх мэдэл, алгоритмын орчинтой нийлбэл энэрлийн хэл улс төрийн зэвсэг болон хувирч чадахыг дээрх тохиолдлууд харуулж буй аж.