“Үндэстний ТОЙМ” сэтгүүлийн 641 дахь дугаар уншигчдын гарт очлоо. Шинэ дугаараас онцлох есөн сэдвийг танилцуулъя. 

НЭГ. Монголын юу аврах вэ? 

Оросын их эрдэмтэн Л.Н.Гумилев “Монголчууд түүхэн чадавхиа үе, үе тордож байхгүй бол сайндаа л 500 жил насална. Үндэстэн хүнтэй адил төрдөг, амьдардаг, нас нөхчдөг. Бодончир мунхагийн үед монголчууд “төржээ”. Харин одоо нас сүүдрийнхээ 2/3-ыг туулчихаад байна. Ухаалаг алхам, эрс өөрчлөлт хийхгүй бол, аль ч ард түмэн доройтдог, түүхийн тавилан нь тэр юм. Хүн нэг наслахдаа түүнийг анзаардаггүй, анзаарах ч бололцоогүй” хэмээжээ. 1990 онд эрдэмтэн, зохиолч Д.Цэмбэлтэй ярилцахдаа Гумилев энэ үгийг хэлсэн нь монголчуудад санаж сэрэхийн ухаан хайрлах гэснийх байх. Даанч бид Далай лам “Архиа бага уу, айргаа тааваараа уу” гэсэн хэмээн хөөрцөглөх атлаа амьдрал дээр яг эсрэгээр нь хэрэгжүүлдэг шигээ их эрдэмтний үгийг ч бас хоёр чихнийхээ гадуур бор тархинаасаа холуур өнгөрүүлсэн дээ.

1990-ээд оны эхэн үед монголчууд эрх чөлөө, тусгаар тогтнол, үндэсний эв нэгдэл, үндэстний бахархал, үнэт зүйлээ сэргээн бадрааж, хүн бүрийн цээжинд Монголоо гэсэн халуун эрч хүч, омог бахархал, хүсэл тэмүүлэл оргилж байсан санагддаг. “Ил товчоо” сонин тухайн үед “Монголыг юу аврах вэ” гэсэн цуврал хэлэлцүүлэг өрнүүлж, олон арван эрдэмтэн мэргэд, зохиолч, судлаачид, сэхээтнүүд үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлж байв. Энэ оргилуун, дэврүүн, асаж дүрэлзсэн он цаг удаан үргэлжилсэнгүй. Нэг л мэдэхэд нийгэм тэр аяараа амин хувиа хичээсэн, өнөө маргаашаа аргацаасан, ашиг хонжоо хайсан, өөр бусдыг шүүмжилж, үгүйсгэсэн, алдар нэр, албан тушаал, эд мөнгийг үнэт зүйлээ болгосон, зиндаархаж чамирхсан, өширхөж хорссон, бэртэгчин, хуурамч сэтгэлгээнд хучигджээ. Улс үндэстнийг хүнтэй зүйрлэх юм бол дээр өгүүлсэн бүхэн бол аюулт өвчний ужиг архаг шинж юм. Энэ нь хорт хавдартай хүн шиг урхаг оёгтой болчихсон Монголын нийгэм эрт илрүүлэг, оношилгоонд даруй орох хэрэгтэй болжээ гэсэн үг. 

Нийтлэлч Г.Сонинбаярын "XXI зууны пассионарууд хаана байна вэ?" нийтлэлээс

ХОЁР. Бяр

Нараа дагавал даарахгүй гэж монголчууд ярьдаг. Гэтэл энэ хэлц намаа дагавал алзахгүй болтлоо өөрчлөгдсөн. Үнэхээр нам дагасан нь азаа үзэж бизнес хийснээс илүү амьжиргаанд хүрснийг нүдээр үзэгсэд тэднийг “намчид” гэх болсон. Намчдын олонх нь намын байгууллагаар дамжиж төрд, төрийн өмчит компанид, улс төрд ойрхон байж л амьдралаа залгуулж байгаа. Тэдний улс төрийн үзэл бодол, сонголт, итгэл үнэмшлийг хүндлэх ч төрийн дээр нам зайдагнасан жилүүд он удаан үргэлжилсэн, цаашид ч оршин тогтнох байдалтай байна. Энэ намуудын цуглуулсан хөрөнгө, орлого мэдээллийг харахад цөөн хэдхэн нам л толгой цохиж байна. Бусад нь бараг хөрөнгөгүй. Жижиг намууд гэж нэрлэгдэх энэ бүлэгт гэр бүлийн, нэг хүний, гар дамжсан, сонгуулиар л идэвхждэг олон нам бий. Тэд төлөвшиж, институти болж улс төрийн өрсөлдөөнд орох хүртэл ямар их хичээл зүтгэл шаардлагатайг том, жижиг намуудын хөрөнгийн ялгаанаас ч харж болохоор байна.

Парламентад олон суудалтай, засаг төр ээлжлэн барьсан намууд бяр суужээ. Гэхдээ одоогийн эрх баригч улс төрийн хүчин МАН хөрөнгө, орлогын харьцаагаар бүх намаа тэр хол орхисон байна. Энэ нам хамгийн олон гишүүнтэй. Гэхдээ тэд үнэхээр улс төрийн үзэл баримтлалыг дэмжиж, гишүүний батлах атгаж байна уу. Удаан түүхэндээ хураасан хөрөнгө, бяр чадал, барилга байгууламж, машин унаа, улс төрийн нөлөөгөөр соронздоод байна уу гэж харвал энэ өрсөлдөөнд МАН “тасарчээ”.

Нийтлэлч С.Эрдэнэбаярын "МАН тасарчээ" нийтлэлээс

ГУРАВ. 18 нас хүрсэн хүн орон нутагт төр түшнэ

СЕХ-ныхон ИТХ-ын нөхөн сонгуульд бэлдэж байна. Энэ сарын 22-нд буюу эл ням гарагт хоёр аймгийн болон 54 сумын ИТХ-ын 63 мандатад нөхөн сонгууль зохион байгуулах гэж буй юм. Нутгийн өөрөө удирдах байгууллага буюу ИТХ ирц бүрэн байж үйл ажиллагаагаа явуулах учиртай. 

Аймаг, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид харьцангуй “хөдөлгөөн”-тэй байдаг учраас нөхөн сонгуулийг жил бүр явуулдаг аж. ИТХ-ын төлөөлөгч нас барсан, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн, гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон, мөн тухайн орон нутгаас шилжсэн, төрийн жинхэнэ албанд томилогдсон, ёс зүйн дүрмийг удаа дараа зөрчсөн нөхцөлд бүрэн эрх нь хугацаанаасаа өмнө дуусаж, нөхөн сонгууль зохион байгуулдаг. УИХ-ынхаас ялгаатай нь нутгийн өөрөө удирдах байгууллагад 18-аас дээш настай хүн нэрээ дэвшүүлж, төр түшилцэх боломжтой. Нөхөн сонгуульд ч уг босго үйлчилнэ. Мөн тухайн аймаг, сум, нийслэл, дүүрэгт санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө шилжин суурьшиж, байнга оршин суугчаар бүртгүүлсэн, сонгуулийн эрх бүхий, энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан иргэн нэр дэвших эрхтэй юм байна.

Шат шатны ИТХ нь эдийн засаг, нийгмийн асуудлаар бие даан шийдвэр гаргах, хууль тогтоомжийн биелэлтийг хангах, иргэдэд хуульд заасан үйлчилгээ үзүүлэх, зохион байгуулах үүрэгтэй үндсэн нэгж юм. Тухайн сум, дүүрэг, аймаг, нийслэлийн ИТХ-д хэнийг төлөөллөө болгон сонгохоос бидний өдөр тутмын амьдрал, орчны чанар шууд хамааралтай. Тиймээс орон нутгийн сонгуульд бид илүү ач холбогдол өгч, идэвхтэй оролцох хэрэгтэй байдаг.

Нийтлэлч С.Туулын "Боломж олгох нөхөн сонгууль" нийтлэлээс

ДӨРӨВ. Халхавчийн асуудал ба нууц ажилтан 

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар огцрох сургаар танхимынх нь Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл яаман дээрээ судлагдаж, боловсруулж байсан бараг бүх хуулийн төслөө УИХ-д яаран өргөн барьсан. Үндсэндээ хоёр оролтоор УИХ-ын даргад хуулийн төслүүдээ “бөөндсөн” нь шалтгаантай.

Урьдач нөхцөл гэвэл Засгийн газарт жил орчим ажиллахдаа О.Алтангэрэл нэг ч хууль батлуулж чадсангүй. Удаан сайд байлаа. Ганц ч хууль батлуулж чадаагүй хуулийн сайд гэж хожим дурсагдах нь хамтарсан Засгийн газарт ажилласан өмгөөлөгч сайдын хувьд чамлалттай л байна.

Хоёрт, Хүний эрхийн багц хууль, Жагсаал цуглааны журмын тухай хууль, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслүүдийг өргөн барьсан боловч хэлэлцэх эсэхээ шийдүүлснээс хэтэрсэнгүй. Иймээс нэг талаас бүтээлгүй сайд гэж хэлэгдэх, нөгөө талаас дараагийн сайд нь төслүүдийг нь дарчих вий гэдгээс болгоомжилж Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх тухай, Арилжааны хууль, Дампуурлын тухай, Гэр бүлийн тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай багц хуулийн төслүүдийг өргөн барилаа. Шинэ сайд татаад авчихгүй л бол, О.Алтангэрэл сайдын түргэдэж өргөн барьсан хуулийн төслүүдийг ажлын хэсэг, чуулган, Байнгын хорооны хурлаар сайжруулаад явах боломжтой

Нийтлэлч Г.Улсболдын "Хорьж мөрдөх барилыг халхавчийн байгууллагаар сэргээх вий" нийтлэлээс 

ТАВ. Төр, төрийн бусын ялгаварлал

Иргэний нийгмийн байгууллага гэлтгүй аль ч салбарт амжилттай үйл ажиллагаа явуулахад санхүүгийн бэрхшээл тулгардаг. Гэтэл иргэд, нийтийн төлөө ажилладаг төрийн бус байгууллагуудаа шууд болон шууд бусаар манай төр огт дэмждэггүй. Тойруугаар ч татвар, хураамж дээр ямар нэгэн байдлаар дэм болдоггүй.

Иргэний нийгмийн байгууллагын (ИНБ) үйл ажиллагааны талаарх олон нийтийн ойлголтод зарим нэг ташаа хандлага байдаг. Иргэдийн зүгээс ИНБ-ыг огт цалингүй, сайн дураар, төрөөс хараат бус, санхүүжилт авахгүй ажиллах ёстой мэтээр хандах нь түгээмэл.

Гэтэл иргэний нийгэм гэдэг бол тодорхой итгэл үнэмшил, үнэт зүйл дээр үндэслэн нэгдэж, нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, өөрчлөлт авчрахын төлөө тууштай, тогтвортой ажилладаг салбар. Тэд олон жилийн турш хөдөлмөрлөж байж л бодит үр дүн гаргаж чаддаг. Энэ бол мэргэжлийн түвшний ажил бөгөөд зохих хэмжээний цалин хөлс, хүний нөөцийн тогтвортой байдал шаарддагддаг гэдгийг ойлгох хэрэгтэй.

ИНБ-уудын хувьд санхүүгийн дийлэнх эх үүсвэр нь олон улсын донор байгууллага, хандивлагчдаас бүрддэг нь үнэн. Гэвч үүнийг нэг талыг барьсан, сөрөг өнцгөөс харсаар байгаа нь харамсалтай. Төрийн байгууллага  олон улсын хөрөнгө оруулалт татаж чадлаа гээд сайшаагддаг бол, иргэний нийгмийн байгууллага гадаадын санхүүжилт авсан л бол “гадаадын гар хөл” гэж цоллуулдаг. Энэ бол төрийн бус байгууллагад тулгарч буй давхар нэг хана, давах ёстой даваа болоод байна.

Нийтлэлч О.Эрдэнэчимэгийн "Иргэний нийгмийн хүч" нийтлэлээс

ЗУРГАА. 120 сурагч нэг эрэгтэй багш

2024-2025 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 55 мянган багш ажиллаж байна. Тэдгээрийн 5151 нь дээд боловсролын байгууллагад, 2140 нь мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагад ажиллаж байна. Харин 37770 багш Ерөнхий боловсролын сургуульд, 9945 хүн цэцэрлэгт алба хааж буй. Багш нарын хүйсийн хувьд, 44240 нь эмэгтэй, 10766 нь эрэгтэй байна. Эндээс боловсролын байгууллагад ажиллаж буй багш нарын олонх нь эмэгтэй болох нь харагдаж буй. Ялангуяа ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгт хүйсийн ялгаа бүр ч илүү байна. Тухайлбал, сургуулийн өмнөх боловсролын байгууллагад ажиллаж буй багш нарын 9496 нь эмэгтэй байгаа бол ердөө 449 эрэгтэй багштай аж. Харин ерөнхий боловсролын  сургуульд 31161 эмэгтэй багш ажиллаж байгаа бол 6609 эрэгтэй багшаар ажиллаж байна. Гэвч суралцагчдын тал нь хөвгүүд. Сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж буй хүүхдүүдийн 51 хувь, ЕБС-ийн сурагчдын 50 хувь, их, дээд сургуулийн оюутнуудын 39 хувь нь хөвгүүд байна. Түүнчлэн энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуульд 802 мянган хүүхэд суралцаж байгаа бол тэдэнд ердөө 6000 эрэгтэй багш багшилж байна. 120 сурагч тутамд нэг эрэгтэй багш ногддог гэсэн үг.

Хүүхдийн хүмүүжил, төлөвшилд эрчүүдийн оролцоо нэн чухал. Учир нь эрэгтэй багштай байх нь сурагчдын хүмүүжил, нийгмийн оролцоо, амьдралыг харах өнцөгт эерэг нөлөө үзүүлдэг төдийгүй сурлагын чанарт ч ахиц авчирдаг байна. Энэ талаарх судалгааг “National Bureau of Economic Research” судалгааны байгууллага хийжээ. Ингэхэд багаасаа эрэгтэй, эмэгтэй багшаар зэрэг удирдуулж, суралцсан хүүхдүүдийн сургууль хаях магадлал дан эмэгтэй багшаар хичээл заалгасан үеийнхнээсээ 39 хувиар бага байжээ. Түүнчлэн коллежид элсэх магадлал нь 13 хувь өссөн байна.

Нийтлэлч О.Даваасүрэнгийн "Эрэгтэй багшийн эрэлт" нийтлэлээс

ДОЛОО. Олон давхаргат тэтгэврийн тогтолцоо

Татвар, Нийгмийн даатгалын багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэх талаар өнгөрсөн долоо хоногт Засгийн газар мэдэгдсэн. УИХ-д өргөн барих гэж байгаа эдгээр төслөөс Сангийн яам Татварын багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслөө одоог хүртэл олон нийтэд ил тавиагүй бол Нийгмийн даатгалын багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам өөрийн цахим хуудсандаа байршуулж, олон нийтээс санал авч эхэлжээ.

Засгийн газрын 14 мега төсөл, 14 бодлогын шинэчлэл хийхээр төлөвлөсөн. Бодлогын шинэчлэлийн нэг Нийгмийн даатгалын багц хууль ч 14 шинэчлэлтэй аж.

Нийтлэлч М.Мөнхжаргалын "Засаг дамнасан нийгмийн даатгалын шинэчлэл" нийтлэлээс 

НАЙМ. “Педро Парамо”-гийн тухай

Латин Америкийн шидэт реализм хаанаас эхтэй вэ гэдэг асуултын хариуг уншигчид Гарсиа Маркесийн хүүрнэлээс төнхөж ирсэн билээ. Харин Маркес өөрөө Хуан Рулфог уншсан цагаас хойш “Зуун жилийн ганцаардал” романаа сэтгэл тэнэгэр, зүүднийхээ чин үнэн итгэл үнэмшлээр эхлүүлсэн гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Мэдээж бүгдийн таамаглаж байгаачлан Рулфо бол Маркес биш. Анхдагч нэгэн байлаа гэхэд тэрээр Маркес шиг зохиолын дүрүүдээ хайрлан өсгөж, хожим нь хороодоггүй. Рулфогийн хүүрнэлийн дүрүүд үхэгсэд байдаг. Тэднийг үхүүлчихсэн атлаа дуу хоолойгоор нь итгэл найдвар, хүлээлт, шаналлыг уншигчдад дамжуулдаг. Учир нь Хуан Рулфогийн ертөнц дэх чимээгүй байдал бол үг, амьдрал, үхлийг ч орлоно.

Түүний “Педро Парамо” роман Латин Америкийн шидэт реализмын оргил бүтээлд тооцогддог агаад бусад зохиолчоос ялгарах өвөрмөц бэлгэдэл, сэтгэлзүйн гүн гүнзгий эрэл, дүрслэлийн содон зүйрлэлүүдтэй. Домог түүхийг бодит ба төсөөллийн зааг дээр туйлын нарийн зурсан дүрүүд нь уншигчдыг чинадын ямар нэгэн ойлгомжгүй байдал руу хөтлөх явцдаа ухамсарт нь шинэ сургаал номлож байдаг. Гол нь шидэт реализм гэдэг нь зөвхөн ид шидийн тухай бус амьдралд үнэмлэхүй ойр атлаа айдас, шаналлын давхцал дээр “өнгөрсөн, ирээдүй”-г нэг дор агуулсан сэтгэлзүйн өвөрмөц тогтолцоо гэдгийг Рулфогийн бүтээлүүд илтгэнэ. Харин энд түүний туурвиж үлдээсэн цорын ганц роман болох “Педро Парамо”-гийн тухай өгүүллээ. 

Нийтлэлч Б.Алтанхуягийн "Үхэлд өрнөсөн амьдрал"

ЕС. Мөхөл бус эргэн ирэлт

Долоон жилийн өмнө Шведийн Төв банкны Ерөнхийлөгч 2025 он гэхэд бэлэн мөнгийг хэрэглээнээс халж төлбөр тооцооны систем нь бүрэн цахимжсан анхны улс болохоо амлаж байв. Шведэд 10 худалдан авалтын нэг нь л бэлэн мөнгөөр хийгддэг болсоор удсан ч одоо цахим банк нь үндэсний аюулгүй байдалд заналхийлж болзошгүй хэмээн сэрэмжлэх боллоо.

Нордикийн улсууд 20 жилийн өмнөөс цаасан дэвсгэртээс аль болох татгалзаж төлбөрийн карт хамгийн түгээмэл төлбөрийн хэрэгсэл болсны дараа Шведийн зургаан банк хамтран гар утасны Swish төлбөрийг системийг нэвтрүүлж иргэдийн өдөр тутмын гүйлгээ цахим төлөвт шилжих явц улам түргэссэн юм. Гэвч геополитикийн тогтворгүй нөхцөл байдлаас улбаалан Шведийн эрх баригчид сүүлийн хагас жилд иргэдээ бэлэн мөнгө хадгалах, хэрэглэхийг уриалж эхэллээ.  Арваннэгдүгээр сард Шведийн Батлан хамгаалах яамнаас “Хямрал эсвэл дайн ирвэл” нэртэй товхимлыг айл бүрт илгээж, иргэний хамгаалалтаа бэхжүүлэх зорилгоор бэлэн мөнгө тогтмол хэрэглэж, долоо хоногоос доошгүй хугацаанд хүрэлцэх мөнгөн тэмдэгт нөөцлөхийг зөвлөжээ. Төв банк нь ч “Олон жилийн турш үр ашигтай байх нь төлбөрийн нэн тэргүүний зорилт байсаар ирсэн бол одоо аюулгүй байдал, хүртээмжтэй байх нь наад захын шаардлага” гэж тодотголоо. Улмаар арванхоёрдугаар сард Шведийн Засгийн газар төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг бэлэн мөнгөөр гүйлгээ хийхийг уриалсан юм.

Нийтлэлч С.Лхагвасүрэнгийн "Хэтэвч хэрэгцээнд" нийтлэлээс