
Хувьсгал бүхэн тодорхой хэмжээний өөрчлөлтийг дагуулдаг. Түүгээрээ аливаа салбарт ч шинэчлэл хийгддэг. Монголд тэртээ 1913 онд соёлын томоохон хувьсгал явагдсаны нэг жишээ нь анхны тогтмол хэвлэл бүхий “Шинэ толь” хэмээх сонин бичиг тус оны гуравдугаар сарын 6-ны өдөр гарч эхэлсэнтэй холбоотой. Энэ бол Богд хаант улс байгуулагдсаны хоёр дахь жил буюу Олноо өргөгдсөний хоёрдугаар он. Богд хаант Монгол Улсын ерөнхий сайд, сайн ноён Т.Намнансүрэнгийн таван яамт Засгийн газрын хийж байсан олон шинэтгэлийн нэг нь ийнхүү анхны тогтмол хэвлэлийг бий болгосон түүхтэй.
Үүнтэй холбогдуулан жил бүрийн гуравдугаар сарын 6-ны өдрийг хэвлэл мэдээллийн ажилтны өдөр болгон 1990-ээд оноос хойш илүүтэй тэмдэглэж ирсэн байдаг. Үнэндээ өдгөө бол “Шинэ толь” хэмээх сонин бичиг буюу бичгийн дурсгалтай холбогдоно. Үг гэдэг бол ердөө авиа тэмдэглэх тэмдэг төдий зүйл биш. Харин нийгмийн ой санамж, үзэл бодол, үнэн худлыг ялгах толь болдог билээ.
Өнөөдөр бид мэдээлэл дамжуулах арга хэлбэр асар хурдтай болсон цаг үед амьдарч байна. Цахим орчин, сошиал сүлжээ, олон сувгийн мэдээллийн урсгал дунд сэтгүүлчийн үүрэг нэн тодорхой мэт харагдах боловч зарчим нь алдагджээ. Мөнхүү хүмүүс мэдээллийг өргөн цар хүрээтэй, олон янзын хэлбэрээр хүртэх болсон.
Сэтгүүлч хүн шийдвэр гаргагч биш
Сэтгүүлч гэдэг бол иргэдийн өмнөөс асуулт асууж, мэдээллийг олж авч, түүнийг олон нийтэд дамжуулдаг. Тэд шийдвэр гаргагч, бодлого тодорхойлогч ч биш. Харин эрх баригчдын гаргасан бодлого, шийдвэрийн талаар асууж, хариултыг нь олон нийтэд хүргэнэ. Эцсийн шийдвэрт иргэд өөрсдөө дүн тавина. Мөн иргэдийн дуу хоолой, байрь суурийг ч тэр эрх баригчдад дамжуулдаг. Өөрөөр хэлбэл сэтгүүлчийн ажил бол эрх мэдлийг хэрэгжүүлэх бус харин эрх мэдлийг ажиглаж, хяналт тавьж, тайлбарлаж, мэдээлж байх явдал. Мөнхүү цаад мөн чанартаа өөрийгөө үл тоон бусдын өмнөөс дуугарах нь сэтгүүл зүйн үүрэг болохоос бус энэ талбар бол карьер хөөдөг салбар биш.
Гэтэл өнөөдөр олон хүн сэтгүүлчдээс өөр зүйл хүлээдэг болсон. Зарим нь сэтгүүлчдийг шүүгч шиг шийдвэр гаргана гэж боддог. Хэсэг бүлэг хүмүүс өөрсөд нь тулгарсан асуудлыг газар дээр нь шийдэж өгөхийг шаарддаг. Асуудлыг төр, эрх баригчдын хүрээнд аваачиж тавьснаар түүнийг ард түмний талд шийдвэрлүүлэх л хэмжээний эрх мэдэл сэтгүүлчдэд бий.
Мэдээллийн хил зааг бүдгэрч буй нь
Сүүлийн жилүүдэд нэг сонин үзэгдэл газар авсан. Төрийн байгууллага, холбоо, агентлаг, бүр спортын холбоо хүртэл мэдээллийн байгууллага шиг ажиллах болов. Хөлбөмбөгийн холбоо цаг агаарын мэдээ нийтэлж, Зам тээврийн яам хүртэл үүнээс хоцорсонгүй. Мөнхүү зарим сайт, редакцууд цаг агаарын мэдээний постер дээр ажилтнуудынхаа зургийг тавьж түгээх болов. Эл “өвчин” нь хэвлэл мэдээллийн салбартай огт харгалдахгүй бус олон байгууллагад халджээ. Мэдээж мэдээлэл түгээх нь буруу зүйл биш. Гэхдээ мэдээллийн төрөл, зорилго, хариуцлага гэж бий. Жишээ нь цаг уурын мэдээлэл дамжуулах дэлхийн хэмжээний тодорхой стандарт, шалгуур байдаг. Агаарын температур, салхины хурд, хур тунадасны хэмжээ, анхааруулга зэрэг нь мэргэжлийн байгууллагын баталгаатай мэдээлэл байх ёстой.

Гэтэл өнөөдөр ийм мэдээллийг мэргэжлийн бус байгууллага нийтлэх нь элбэг болсон. Энэ нь мэдээллийн орчныг илүү баяжуулж байгаа мэт харагдавч нөгөө талаасаа хариуцлагын заагийг бүдгэрүүлж орхидог. Хөлбөмбөгийн холбоо цаг агаарын мэдээ нийтлэх нь эхлээд хэн бүхэнд сонирхолтой санагдавч үнэндээ мэргэжлийн мэдээллийн тогтолцоог орлуулж чадахгүй. Тэдэнд шийдэх ёстой асуудал олон бий. Гэвч хэн дуртай нь мэдээллийн стандарт, тодорхой хил хязгаарыг зөрчиж, байгууллагын үйл ажиллагаагаа сурталчлах замаар уг салбар луу халдаад байх зохимжгүй.
Хандалтаас ангид байх үүрэг
Сэтгүүлчийн ажил заримдаа энгийн мэт харагддаг. Ярилцлага авч, мэдээ бичиж, үйл явдлыг дамжуулах. Гэвч үнэндээ энэ бол нийгмийн итгэл дээр тогтдог ажил. Хэрэв мэдээлэл үнэн бус, эх сурвалж тодорхойгүй, баримт баталгаагүй бол тэр мэдээлэл нийгэмд итгэл төрүүлэхгүй.
Тиймээс сэтгүүлч хүн баримтыг шалгах, эх сурвалжийг нягтлах, олон талын байр суурийг сонсох шаардлагатай байдаг. Гэвч сүүлийн жилүүдэд сэтгүүлчдийг зөвхөн мэдээлэл дамжуулагч бус бараг бүх асуудлыг шийдэх ёстой хүмүүс мэтээр харах, хардах хандлага нэмэгдсэн. Нийгмийн бухимдал, үл ойлголцол, шийдэгдээгүй асуудлын ард бүгд сэтгүүлч рүү дайрах үе бий.
Нөгөө талаас мэдээллийн үнэ цэнийг сэтгүүлчид өөрсдөө унагасан, өдгөө хандалтын төлөө редакциуд уралдан гүйлдэх болсонтой холбоотой.
Нийгэм дэх хүмүүсийн сэтгэлзүйд хамгийн их нөлөөлөгч хүчин зүйлийн нэг нь сэтгүүлзүйн салбар. Сэтгүүлчид аливаа мэдээ мэдээллийг үнэн, шуурхай дамжуулах, үзэл бодлоо илэрхийлэх, бусдын дуу хоолойг хүндэтгэж, ёс зүйг баримталдаг. Харин энэ шинж чанар тэнцвэртээ байдлаа алдсан. Өдгөө зарим нь бусдад сэтгүүлч гэж хэлэхээс эмээдэг болжээ. Учир нь, сэтгүүл зүй нийгмийн бухимдуулдаг нэг хэрэгсэл болсон. Үүнд уг мэргэжлийг эзэмшсэн хүмүүсээс гадна технологийн хөгжил, аливаа мэдээнд шүүлтүүргүй ханддаг иргэдийн буруу ч нөлөөлнө. Технологи хөгжиж, цахим өдөр тутмын амьдралын зайлшгүй хэрэгцээ болохын хэрээр редакцын зарчимгүй, ёс зүйгүй, тэнцвэртэй мэдээ бэлтгэх үүргээ огоорсон цахим сайтууд борооны дараах мөөг шиг олширсон. Зарим нь хандалтаа өсгөх л үүрэгтэй. Ийнхүү олонд танигдаж, хандалт ихэссэн тэдгээр “инста” сайтууд зөвхөн сонгуулийн жилд дараагийн жилүүдийнхээ мөнгийг олно. Хандалтаас бусад нь тэдэнд ёстой л бууз, хуушуур төдий.
Өдгөө “Хэвлэлийн мэдээллийн ёс зүйн зарчим”-аа бүх сэтгүүлч цээжилтэл нь уншуулах шаардлагатай болжээ. Тус зарчмийн 4.1 дээр “Гэмт хэрэг үйлдэгдсэн аргыг нарийвчлан харуулсан нийтлэл, нэвтрүүлэг хийхээс зайлсхийнэ”, 4.3-т “Гэмт этгээдийн талаар үлгэрлэн дуурайх, шүтэх өнгө аясаар нийтэлж, нэвтрүүлэхгүй” зэргээр заасан байдаг. Хууль, дүрэм үйлчлэхгүй улс оронд тогтвортой байдал, цаашлаад хөгжил гэж үгүй. Харамсалтай нь, хандалтын төлөө үйлчилдэг ийм сэтгүүл зүй хүчээ аваад эхэлчихсэн. Гэвч бид илүү ёс зүйтэй мэдээ бэлтгэж, тодорхой чиг үүргийнхээ хүрээнд чөлөөтэй сэтгэж, аливаад хүнлэг хандаж байж л олон нийтийн эрүүл сэтгүүл зүйг үнэлэх, редакцын бодлогоо баримталдаг, үнэн мэдээлэл хүргэдэг сайтад итгэх, эерэг уран бүтээлийг илүүтэй хүртэж уншдаг сэтгэлзүйтэй болгож чадна.
Үнэ цэн
Хэвлэл мэдээллийн гол үнэ цэн бол нийгмийн харилцан ойлголцлыг бий болгох явдал. Нэг тал нь мэдээлэл өгч, нөгөө тал нь ойлгож, гурав дахь тал нь асуулт тавьж байж л нийгмийг хамарсан яриа өрнөдөг. Хэрэв энэ гүүр байхгүй бол нийгэм өөрийн гэсэн үзэл бодлоо илэрхийлэх дуу хоолойгүй, эсвэл зөвхөн нэг талыг барьсан даган дуурайгчдын сүрэг болж хувирна.
Уг нь мэдээллийн салбарынхан болоод олон нийт хэвлэлийн эрх чөлөөний төлөө дуу хоолойгоо нэгтгэдэг, төрийн зүгээс уг эрх чөлөөг хазаарлах гэсэн удаа дараагийн оролдлогын эсрэг нэгдэж, мэдээллийн үнэ цэнийг хамгаалдаг хүмүүс. Хэвлэл мэдээлэл улс төр, нам, Засгийн газар, эрх мэдэлтэн, гаднынхнаас хараат болох тусам ард түмний эрх ашиг, эрх чөлөө, аз жаргал үгүй болж байгаа хэрэг. Тиймээс эл үнэ цэнийг ч бас олон нийт ухамсарлаж, ойлгодог байх нь зүй.