
Жендэр, иргэний нийгмийн оролцоо болон Риогийн гурван конвенцын уялдаа холбооны асуудлыг тусгалгүйгээр Талуудын бага хурлын хэлэлцэх асуудлын дарааллыг баталсныг иргэний нийгэм эсэргүүцэж байна.
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын бага хурлын 17 дугаар чуулганыг бодит үйл ажиллагаа, хэрэгжилтийг эрчимжүүлэх чуулган хэмээн онцолж буй энэ үед газар дээр нь бодитоор ажиллаж буй иргэд, олон нийт, иргэний нийгмийн байгууллагуудын зайлшгүй чухал оролцоогүйгээр бодит үйл ажиллагаа, үр дүнтэй хэрэгжилтийг хангах боломжгүй.
Нэгдсэн үндэстний байгууллагын цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын бага хурлын 17 дугаар чуулган (UNCCD COP17) өнөөдөр Улаанбаатар хотноо эхэлж буй энэ үед жендэр, иргэний нийгмийн оролцоо болон Риогийн гурван конвенцын уялдаа холбооны асуудлыг хэлэлцэх асуудлын дарааллаас хассан хэвээр баталсанд иргэний нийгмийн хамтын нийгэмлэг цочирдож, гүнээ түгшиж байгаагаа илэрхийлж байна.
“Газрыг сэргээе. Соёлыг сэргээе. Итгэл найдварыг сэргээе” гэсэн үзэл санааны дор зохион байгуулагдаж буй Талуудын бага хурлын хүрээнд газар нутгийн доройтол, цөлжилт, ган зудын асуудалтай газар дээр нь бодитоор ажиллаж буй иргэд, олон нийт, байгууллагууд шийдвэр гаргах болон хэрэгжилтийн үйл явцад бодитой, идэвхтэй оролцох ёстой гэдгийг иргэний нийгмийн байгууллагууд онцолж байна.
Орон нутгийн иргэд, уугуул ард түмэн, тариаланчид, малчид, бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчид, эмэгтэйчүүд, залуучууд, судлаачид болон иргэний нийгмийн байгууллагууд нь газрын доройтол, цөлжилт, ган зудын сорилттой өдөр тутам нүүр тулан ажиллаж буй нутаг орон, газар нутгийнхаа бодит мэдлэг, хуримтлуулсан туршлага, хэрэгжиж буй шийдлүүдийг Талуудын бага хурлын үйл явцад авчирдаг.
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын таван бүс нутгийн итгэмжлэгдсэн ажиглагч байгууллагуудыг төлөөлдөг Иргэний нийгмийн байгууллагуудын зөвлөл (CSO Panel) өнөөдөр нээлтийн хэвлэлийн бага хурлаа зохион байгууллаа.

Уг хэвлэлийн бага хурал нь анх Талуудын бага хурлын өмнө иргэний нийгмийн байгууллагуудын хамтран тодорхойлсон нэгдсэн тэргүүлэх чиглэл, гол байр суурь, мессежүүдийг танилцуулахад зориулагдсан байв. Гэвч жендэр, иргэний нийгмийн оролцоо болон Риогийн гурван конвенцын уялдаа холбоотой холбоотой эдгээр нэн чухал асуудлыг хэлэлцэх асуудлын дарааллаас хассантай холбогдуулан Иргэний нийгмийн байгууллагуудын зөвлөл иргэний нийгмийн идэвхтэй, бодит оролцоог хангаж, Конвенцын үйл явц дахь гол оролцогч талын байр суурийг нь хэвээр хадгалах шаардлагатай гэсэн хатуу байр суурийг мөн илэрхийллээ.
Иргэний нийгмийн оролцоо, жендэр болон Риогийн гурван конвенцын уялдаа холбооны талаарх нэн чухал асуудлыг Талуудын бага хурлын хэлэлцэх асуудлын дарааллаас хассан нь Конвенцын хүрээн дэх иргэний нийгмийн оролцоог сулруулах, хүртээмжтэй, оролцоонд суурилсан үйл явцыг алдагдуулах, улмаар газар дээрх бодит үйл ажиллагаа, хэрэгжилтийг сааруулах эрсдэлтэй гэж Иргэний нийгмийн байгууллагуудын зөвлөл үзэж байна.
Иргэний нийгэм нь цөлжилт, ган, уур амьсгалын өөрчлөлтийн үр дагаварт хамгийн хүндээр өртөж буй олон нийтийн дуу хоолойг төлөөлдөг. Эдгээр иргэд, олон нийт дээрх сорилтуудтай өдөр тутам нүүр тулдаг төдийгүй цөлжилттэй тэмцэх, газрын доройтлыг бууруулахад чиглэсэн олон шийдэл, уламжлалт мэдлэг, арга туршлагыг үе дамжин бий болгож, хөгжүүлж ирсэн.
Иймд тэдний оролцоог хязгаарлах нь зөвхөн ноцтой түгшүүр төрүүлэх асуудал төдийгүй шийдвэр гаргах үйл явц дахь иргэний нийгмийн нөлөө, байр суурь, эрх ашгийг хамгаалан дуу хоолойгоо хүргэх боломжийг сулруулж, улмаар шахан гаргахад чиглэсэн шууд оролдлого гэж иргэний нийгмийн төлөөлөл үзэж байна.
Иргэний нийгмийн байгууллагуудын зөвлөлөөс:
“Өнөө үеийн өмнө тулгарч буй хамгийн том сорилтыг нэг байгууллага, нэг эрдэмтэн, нэг хэлэлцээ хийгч, нэг улс дангаараа шийдвэрлэх боломжгүй. Бидэнд хамтын хүч, хамтын оролцоо хэрэгтэй.” хэмээн онцоллоо.
Иргэний нийгмийн хамтын нийгэмлэг нь идэвхтэй, өргөн хүрээтэй, улам бүр бэхжин хөгжиж байгаа бөгөөд өнөө болон ирээдүй үеийн хүн ард, эх дэлхийн сайн сайхны төлөө шийдвэр гаргахад бодлого боловсруулагчид болон шийдвэр гаргагчдыг дэмжин хамтран ажиллахад бэлэн байна.
Иргэний нийгмийн энэхүү оролцоо, хувь нэмрийг үл ойшоох нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын үндсэн зарчим, үнэт зүйлс, түүний дотор хүртээмжтэй оролцоо, олон талт хамтын ажиллагааны үзэл санаатай үл нийцнэ гэж тус зөвлөл онцолж байна.
Иймд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Иргэний нийгмийн байгууллагуудын зөвлөл Талууд болон хэлэлцээ хийгчдэд хандан жендэр, иргэний нийгмийн оролцоо, Риогийн гурван конвенцын уялдаа холбооны асуудлыг Талуудын бага хурлын хэлэлцэх асуудлын дараалалд эргэн оруулахыг уриалж байна.

